Луврын музейн үнэт үзмэр болох Мона Лизагийн хөргийг сүйтгэх гэсэн оролдлого гарчээ. Тэргэнцэртэй настай эмэгтэйн дүрд хувирсан эрэгтэй урлагийн суут бүтээл рүү бялуу шидсэн ч золоор хамгаалалтын шилэн хоргыг л оножээ. Парисын цагдаагийн газраас түүнийг саатуулж, урлагийн бүтээлд халдсан хэргээр шалгаж эхэллээ. 36 настай эрэгтэй өмнө нь ч ийм үйлдэл гаргаж байсан тул зүсээ хувилган музейд нэвтэрчээ.
Сэжигтэн баривчлагдах үедээ “Хүмүүс эх дэлхийгээ сүйтгэж байна. Бодоод үз. Уран бүтээлчид эх дэлхийгээ хайрлах ёстойг сануулж би үүнийг хийсэн” хэмээн хашгирч байжээ.
Сэргэн мандалтын үеийн суут зураач Леонардо Да Винчийн бүтээл рүү хүчил цацсан хэрэг гарч байсан тул 1950-иад оноос хамгаалалтын шилэн хоргонд байрлуулах болсон юм.