
Хүйсийн эрх тэгш байдлын цагаан номонд гэрлэлт, орлогын талаарх судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Үүнд 2021 онд гэрлэлтийн тоо 514 мянга орчимд буурсан нь дайнаас хойших хамгийн цөөн үзүүлэлт болсныг цохон тэмдэглэжээ.
Мөн гэрлээгүй, салсан, хамтран амьдардаг хүмүүс зэрэг багтсанаар гэр бүлийн хэлбэрүүд төрөлжиж байгааг дурдаад, татварын хөнгөлөлтийг шинэчлэх үүднээс өрх гэхээсээ илүү хувь хүнд чиглэсэн бодлого, арга хэмжээ авахыг уриалсан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд явуулсан судалгаанд 20-60-аад насны 20 мянган хүн оролцсон бөгөөд 30-аад насны эрэгтэйчүүдийн 54.6 хувь, эмэгтэйчүүдийн 62.6 хувь нь гэрлэсэн байжээ.
Үлдсэн ганц бие, 30-аад насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн 46.4 хувь нь гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол эрэгтэйчүүдийн 26.5 хувь, эмэгтэйчүүдийн 25.4 хувь нь ганц бие байхыг илүүд үзэж байгаагаа хэлсэн байна. 20-иод насны ганц бие хүмүүсийн хувьд тус тус 19.3, 14.0 хувь нь ижил хариулт өгчээ.
Гэрлэхийг хүсэхгүй байгаа шалтгааныг нь тодруулахад, аль аль насныхны эрэгтэй, эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байхыг хамгийн нийтлэг шалтгаанаар нэрлэсэн байна. Хүйсийн хувьд авч үзвэл, эмэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асрах зэрэг ачааллыг үүрэхийг хүсэхгүй байгаагаа түлхүү илэрхийлсэн бол эрэгтэйчүүд гэрлэхээс татгалзах шалтгаанаа санхүүгийн чадвар, ажлын байрны баталгаагүй байдал зэрэгтэй холбон тайлбарлажээ.
Үүнээс гадна эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд гэрлэснээр овгоо солиулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Японы Иргэний хууль, гэр бүлийн байдлын бүртгэлийн хуулийн дагуу гэр бүлийн гишүүд нэг овогтой байх шаардлагатай бөгөөд хуульд заагаагүй ч эхнэр нь нөхрийнхөө овгийг авах заншилтай байдаг.
Мөн Японд коронавирусний тархалтын улмаас төрөлтийн түвшин буурч байгааг, улмаар цаашид цар тахлын өмнөх үеийнхээс үргэлжлэн буурах төлөвтэй байгааг байгааг өөр цагаан номонд онцлоод, гэрлэх, хүүхэд асрахыг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг уриалсан байна.
2021 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 811 604-т хүрснээр энэ үзүүлэлт сүүлийн зургаан жил дараалан түүхэн доод үзүүлэлтэд хүрчээ. Ингэснээр Засгийн газрын 2017 онд таамаглаж байснаас хурдтай буурах болоод байна.
Төрөлт ийнхүү буурч байгааг гэрлэлттэй уялдуулж үзвэл, төрөлтийн тоо дунд болон урт хугацаанд урьдчилан таамаглаж байснаас илүү доод түвшинд хүрэх магадлалтай байгааг цагаан номонд тэмдэглэсэн байна. Үүнээс гадна залуучуудад гэр бүл зохиож, амар тайван хүүхэд өсгөж хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг