Европод зул сарын баяр болж дэлхийн өнцөг булан бүрт, улс орон бүр шинэ оныг угтах гээд хөл хөдөлгөөн ихтэй л байна. Монголчууд бид ч шинэ оныг өнгөтэй өөдтэй элбэг хангалуун угтвал ирэх он ч мөн тийм байна хэмээн билэгшээдэг. Харин Баяр наадам дөхөөд ирэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг эдийн засгийн гаж тогтолцоо манайд хэдийн бий болсон. Үүнийг зах зээлийн шударга өрсөлдөөн гэж тайлбарладаг, бас зөвтгөдөг.
Хаа сайгүй албан байгууллагуудын шинэ жил, баярын арга хэмжээ захиогдож ганган даашинз, дэгжин хослолоор гангарсан хүмүүс нийслэл хотоо чимэх нь цаанаа л нэг сэтгэл хөдөлгөм. Хүн бүр л жилдээ ганц болдог шинэ жилийн баяраараа ганган, дэгжин харагдаж олны харцыг булаахыг хүсдэг нь ойлгомжтой. Харин тэр ганган даашинз, дэгжин хослолыг зардаг худалдаачдын хувьд энэ нь ашиг олох алтан боломж. Ердийн үед зардаг үнээсээ нэлээд дээгүүр зарсан ч гангалах дуртай манайхан хотойх юмгүй авчих оргилуун үе нь юм. Тэдний хэлдэгээр жинхэнэ “сезон” нь. Залуучууд бүсгүйчүүдийн маань гангардаг даашинз, хослолын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ ханш ямар байгааг сонирхохоор “Нарантуул” олон улсын худадааны төвийг зорилоо.
Амралтын өдөр болоод ч тэрүү хөл хөдөлгөөн ихтэй наймаачид ч бараагаа зарах гээд зав зай муутай харагдав. Бэлэн хувцас зардаг лангуунууд дээгүүр явж эрэгтэй гоёлын хослол ямар үнэтэй болохыг сонирхож нэлээд явлаа. Загвар болон хийсэн материалаасаа хамаараад 70 мянгаас 120 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гадаа хүйтэн болохоор гадуур хувцасаа тайлахаар даараад байна. Надад яаг таарах уу гээд зогсч байгаа 20 эргэм насны залуутай таарлаа. Сургуулийнхаа шинэ жилд орох гээд шинэ хослол худалдаж авах санаатай явж байгаа аж. “Хэдхэн сарын өмнө 50 мянган төгрөгөөр хулалдаж авсан хослол яг энд 70 мянгаар зарж байна. Баяр болохоор үнээ угаасаа нэмчихдэг болохоор юу ч ярихав дээ. Тэгээд ч энгийн биш гоёлын хослол авч байгаа болохоор юу ч ярих вэ. Бодвол бас л үнийг нь нэмсэн байлгүй” хэмээн өнөөх залуу ярьсан юм.
Цааш явж бүсгүйчүүдийн гангараа болох даашинзны үнэ ханшийг сонирхлоо. Даашинзны хувьд бүсгүйчүүд цөөн тооны баяр ёслолоор л өмсдөг болохоор борлуулалт багатай бараа юм байна. Харин одоо ид борлуулалт сайтай үе нь болохоор ахиухан хэдийг зарчих санаа наймаачин бүрт л байгаа нь мэдээж. Хийц, материал, загвар гээд олон зүйлээсээ хамаараад 30 мянгаас 150 мянга хүртэл үнэтэй олон даашизнууд харагдлаа. Харин бүсгүйчүүд өмсч үзээд авдаг эсэх нь эргэлзээтэй санагдлаа. Зарж буй хүнээс нь асуухад, “Хувцасаа арай нимгэлж байгаад, дан цамцтайгаа ч юмуу зогсож байгаад өмсөж үзээд л авдаг.
Харин сүүлийн жилүүдэд захаас даашинз авдаг эмэгтэйчүүд ховордсон. Манайд зардаг барааг “Сандэй” ч юм уу, эсвэл хорооллын дэлгүүрүүдэд хамаагүй үнэтэй зардаг. Яг адилхан Эрээнээс л оруулж ирдэг барааг Солонгос, Бээжин бараа гэж хэлээд л зарж байдаг шүү дээ. Захынхан болохоор эрээний хулхи бараа хорооллынхон Бээжингийн сайн бараа зардаг гэсэн ойлголт худалдан авагчид дунд байдаг. Тэр хороолол ч юм уу, өөр өндөр үнэтэй дэлгүүрүүдээс авч байгаа хүмүүс ч бас аргагүй юм даа. “Нарантуул” дулаахан, олон давхар тохилог байшинд байсан бол харин ч манайхаас л ирж авах байсан байх” гэсэн юм. Үе үехэн “сезон” нь ордог даашинзны хувьд орсон материал, хийсэн хөдөлмөрийн хөлсийг нь бодож үзэхэд ч арай л их үнэтэй юм аа гэх залуутай таарлаа. Харин эхнэр нь жоохон ичив бололтой нударч байх нь харагдлаа.
Цааш яван хүнсний бүтээгдэхүүн зардаг павилонуудаар явж удахгүй болох баярын ширээгээ засах хүнсний бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сонирхсон юм. Импортын бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн байлаа. Тухайлбал төрөл бүрийн чихэр, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт. Шалтгаан нь валютын ханш өссөнтэй холбоотой гэнэ. Тэр тийм байж болох ч зуун хувь дотоодоосоо хэрэглээгээ хангадаг махны үнэ нэлээд өссөн байсан нь сонирхолтой. Үхрийн мах 5800 төгрөгөөс 6000 төгрөг, хонь 5400, ямаа 4800, адуу 4500 төргөгийн ханштай байх жишээтэй. Яагад үнэ нь өссөн талаар асуухад “Мэдэхгүй, мах ховордсон юм байлгүй” гэх хариултыг худалдагч нь өгч байлаа. Малчид нь малаа зарахгүй нийслэлийн иргэдийн ходоодыг хэмжээд байна уу гэвэл бас үгүй. Цөөн тооны хэдэн ченжүүд л малчдаас махыг нь хямд үнээр худалдаж аваад дарчихдаг. Тэгээд нөөцийн мах гартал үнийг нь өсгөж хөөрөгдөж байгаад нөөцийн махны үнийг ч үнэтэй тогтоолгох нэг төрлийн арга заль. Учир нь нөөцийн махыг зах зээлийн үнээс 300-500 төгрөгөөр доогуур байлгах бодлогыг төрөөс барьдаг. Шинэ жилийн баяр, удахгүй худалдаанд гарах нөөцийн махтай холбогдуулан зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа нь энэ.
Махны үнэ дагаад мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан бүтээгдэхүүний үнэ ч өсөх нь ойлгомжтой. Хиам хамгийн бага нь 4000 төгрөг, түүнээс дээшээ 10,000 төгрөг хүртэл үнэ өсчээ. Мөн төмс, хүнсний ногооны үнэ ч өссөн байлаа. Сарын өмнөхтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ 200 төгрөгөөр өссөн ажиглагдав. Монгол төмс 1000 төгрөг харин монгол хөрсөнд тарьсан хятад үрийн төмс 700-800 төргөгийн ханштай байлаа. Яагаад үнээ нэмсэн талаар худалдагчаас нь асуухад, ченжүүд бөөнөөр нь худалдаж аваад зооринд хадгалчихдагаас болоод төмсний нөөц багассан. Хавар үнэтэй болохоор нь гаргаж зардаг юм. Бусад хүнсний ногооны үнэ урьдын байсан үнээрээ худалдаалагдаж байгаа гэсэн юм. Ямартай ч өргөн хэрэглээний барааны үнэ урьдынхаараа л өсч, өндөр өртгөөр баяраа тэмдэглэх болох нь дээ.
Х.Нарангэрэл