Хагас зуун жилийн түүхтэй, Британийн домогт “The Rolling Stones” хамтлаг 50 жилийн “алтан” ойдоо зориулж “GRRR!” нэртэй шилдгийн шилдэг хит дуунуудаа багтаасан цомог гаргахаар ажиллаж буй гэнэ. Тэд цомгийнхоо анхны сингл болох “Doom and Gloom” дууг пүрэв гаригт албан ёсоор танилцуулжээ. “GRRR!” цомгийн тухайд ирэх арваннэгдүгээр сарын 12-нд худалдаанд гарах аж. Энэ нь хамтлагийнхны зүгээс фенүүддээ барьж буй төрсөн өдрийн бэлэг гэнэ.
50 насны баяраа тохиолдуулан “Rolling Stones” хит дуунуудаас бүрдсэн цомог гаргахаас гадна баримтат кино, тоглолт гээд олон сюрприз бэлтгэсэн гэнэ.
Тэд өнгөрсөн хагас зууны туршид дэлхий дахинаа 200 сая цомог борлуулсан бөгөөд 2004 онд Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 уран бүтээлчийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байсан юм.