Хайрлаж дурлах амархан боловч энэ хайрыг хадгалж, авч үлдэнэ гэдэг амаргүй. Хайр сэтгэл урт удаан настай, өнө мөнхөд үргэлжилж байгаасай гэж хүмүүс бид хүсцгээдэг.
ХАЙР ХААШАА ЯВСАН БОЛЖ БАЙНА?
Та хэн нэгэнд дурлаж байсан мөчөө эргэн санаад үзээрэй (одоо таны хайрлахаа больсон тэр хүн). Тэр үед хайр гэдэг танд энгийн зүйл шиг санагдаж байсан, тийм үү? Дурлалт хархүү (бүсгүй) чинь ямар ч дутагдалтай байсан та нүдээ аниад л өнгөрнө. Хайртай залуу чинь сэтгэлээ хуваалцдаггүй байсан ч үгээ цэгнэж, нухацтай ярьдаг хүн болж хувирна. Дурлалт бүсгүй нь толины өмнө байнга эргэлдэх нь түүнийг гадаад үзэмжиндээ анхаарал тавьж байгаа мэтээр харагдуулна. Хаашаа ч юм хамтдаа явснаа хөөр баяр болон бахдаж, хайраа олсон тухайгаа найз нартаа дуртайяа ярьдаг байснаа санаарай. Харин сексийн хувьд гэвэл… Секс таны хувьд үнэхээр гайхалтай байсан даа! Хэзээ ч ханаж, цадахгүй юм шиг л. Тэгвэл үлгэрийн юм шиг энэ сайхан бүхэн хаашаа алга болчихов? Нүдээ аниад өнгөрүүлдэг байсан түүний дутагдлууд таныг яагаад бухимдуулах болов? Хүсэн тэмүүлж, баярлан догдолж байсан сэтгэл чинь яагаад уйтгар гуниг болж хувирав? Итгэл сэтгэл, хүндэтгэл бүхэн яагаад гомдол цөхрөл болчихсон юм бол? Энэ бүгд зөвхөн “Хайр яагаад үгүй болдог юм бэ?” гэсэн ганцхан асуулттай холбоотой. Таны далд ухамсар, оюун санаанаас “энэ бүхэнд чи биш, харин энэ хүн л буруутай” гэж хэлдэг.
Тийм ээ, тэр хүн өөрчлөгдсөнөөс болж энэ бүхэн болсон байна! “Анх танилцаж байхад тэр хичнээн сайхан, дажгүй залуу байлаа даа. Харин одоо ямар их өөрчлөгдчихсөн юм бэ?” гэж та өөртөө (эсвэл найз нар чинь) хичнээн удаа хэлсэн билээ дээ. Хайртай хүний чинь гэнэтийн энэ өөрчлөлт “ингэхэд би өөрөө болохгүй байгаа юм байна шүү дээ!” гэсэн бодолд таныг хөтөлнө. Яагаад гэвэл та хүнээ зөв танилгүй, буруу сонголт хийснээс болсон хэрэг. Ямар “хэрэг” тарьснаа ойлгож эхэлсэн таны аргаа барсан бухимдал удалгүй хорсол зэвүүцэл, хайхрамжгүй, хэнэггүй зан болж хувирдаг.
Яасан ч хамаагүй болсон таны сэтгэлд: “Хайр гэдэг ёстой дэмий зүйл юм даа. Энэ тоглоомоор дахиад хэзээ ч тоглохгүй. Хал багатай, надад амар байх биз” гэх гутранги бодолтой л үлдэнэ. Эцэст нь та энэ бүхнийг нэгтгэж үзээд “ер нь энэ хайр гэдэг чинь тайлбарлахад бэрх, хянаж ч болдоггүй оньсого шиг нууцлаг зүйл байдаг юм байна” гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Цаашлаад та хайр сэтгэл урт настай, удаан жаргалтай байдаг гэдэгт итгэлгүй болно, эсвэл та хоёр дараагийн удаа илүү азтай учрал тохиолдох байх гэсэн сэтгэлээр хоорондын харилцаагаа нэг мөр цэглэнэ. Өөр нэг хувилбараар авч үзвэл та хайр сэтгэлээс бүрмөсөн татгалзаж, ганцаараа, амар тайван амьдрахыг чухалчлах болно. Нэгэнт сэтгэлийн гал унтарч, одоо зөвхөн зовлон болохоос хэтрэхээ больсон харилцаагаа ямар нэг аргаар барих гэж хичээх нь гунигтай, утгагүй зүйл байдаг.
Хайр дурлалын харилцаа заавал гал халуун, хүсэл тэмүүлэлтэй байх албагүй, зүгээр л “тааламжтай” байхад л хангалттай гэж ихэнх сэтгэл зүйчид, эмч нар үзэцгээдэг. Тэд нарын бодлоор бол урт хугацааны хамтын амьдралын дараа бие биенээ хүсэж тэмүүлэх нь бодит амьдралтай нийцэхгүй зүйл гэнэ. Тийм учраас романтик энэ тэр гэхгүйгээр тухайн байдалтайгаа эвлэрч амьдрах хэрэгтэй юм байх. Зүгээр л найз нөхөд шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг л дээ. Хайрыг авч үлдэж, түүнд тусалж болно гэдгийг би мэддэг болохоор иймэрхүү зөвлөгөө маягийн юмнууд миний уур цухлыг ихэд хүргэдэг юм. Хэрэв ихэнх хүмүүсийн хайр дурлалын асуудал нь бүтэлгүйтсэн байлаа ч энэ нь хайр сэтгэл ямар ч ирээдүйгүй, мөхнө гэсэн үг биш ээ.
ХАЙРЫГ ХАМГААЛЖ БОЛНО
Хүнд дурлах бүрт сэтгэл сэргэсэн мэдрэмж надад төрөх боловч “энэ дурлал хэсэг хугацааны дараа дахиад бүтэлгүйтэх байх даа” гэх түгшүүр сэтгэлийн мухарт үргэлж л байж байдаг байв. Хайр гэж нэрлэгдсэн тэрхүү хүний сэтгэлийн мэдрэмж хэрхэн бий болдог, энэ мэдрэмжийг эцсийн мөч хүртлээ хэрхэн нандигнан, хадгалж болох талаар би ямар нэг аргаар мэдэх ёстой байлаа. Ихээхэн сэтгэлийн шаналал зовиур биеэр амсаж явсаны хувьд өөрийнхөө хайрыг хамгаалж чадна гэдгийг сэтгэл зүйч дээр очдог болсныхоо дараа ойлгодог болсон юм.
Дүрэм 1. Цаг ямагт хайрлан дурлаж байсан цагт хайрыг аварч, хамгаалахад хялбар байдаг.
Дүрэм 2. Хэрэв та хайрыг бүрэн хэмжээгээр нь ашиглаж сураагүй бол тэр таныг өөрөө ашиглах болно!
Дүрэм 3.“Хийх гэж байгаа, хийж байгаа үйлдлийнхээ утга учрыг та ойлгож сураагүй цагт нэг гаргасан алдаагаа дахин давтсаар л байх болно” Хүссэн үр дүнд хүрч, үр шимийг нь хүртэх учиртай хайрыг ухамсартайгаар хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй бол өмнө нь гаргаж байсан алдаагаа дахин давтсаар л байдаг. Энгийн жишээ авч үзье л дээ, та анх удаа компьютерийн ард сууж байна гэж бодъё. Түүнийг хэрхэн ашиглах талаар ямар ч мэдэгдэхүүн танд байдаггүй. Та ихэд хичээж, компьютер ашиглаж сурах гэж оролдох боловч энэ ер боломжгүй хэцүү санагдаж эхэлнэ. Эцэст нь та бухимдаж: “Энэ компьютер эвдэрхий юм байна! Надад өөрийг өгч болохгүй юу!” гэнэ. Компьютертай ажиллах амаргүй гэдгийг өмнө нь хэн ч танд хэлээгүй учраас буруутан нь би биш, харин энэ компьютер байж гэсэн дүгнэлт хийчихнэ. Та өөр компьютерийн ард шилжих боловч мөн л адилхан үр дүн харагдана. Тэгмэгц “энэ компьютер ердөө ч хэрэггүй зүйл юм байна” гэх юм уу, эсвэл “миний хийж барах ажил биш байна” гэсэн эцсийн дүгнэлтэнд хүрнэ. Асуудлын учир нь компьютер биш харин түүнийг ашиглаж чадахгүй байгаа таны бурууд л байгаа юм шүү дээ. Хүний харилцааны зарчим яг л үүнтэй адилхан.
Хэрэв та компьютер, одон бөмбөг, хэл гээд аливаа зүйлийг гаргуун эзэмшдэг шиг хүний харилцааны зарчимд ийм байдлаар суралцсан байх хэрэгтэй.
ХАЙР СЭТГЭЛИЙН ДОЛООН ТУЛГУУР БАГАНА
1. Эрч хүч. Жинхэнэ хайр таныг бие, сэтгэл, оюун санааны эрч хүчээ цэнэглэж байдаг.
2. Идэвх санаачлага. Эрүүл саруул, хэвийн хайрын харилцаа нь хүний идэвх, үйл ажиллагааг нь сэргээдэг.
3. Өөдрөг үзэл. Хэрэв та одоо аз жаргалтай бол ирээдүйгээ гэрэл гэгээтэй, итгэл төгс харах болно.
4. Өөрийгөө хүндэлж, өөртөө итгэлтэй байх. Жинхэнэ хайр хүнийг өөрийгөө өндрөөр үнэлэхэд нь тусалдаг.
5. Өгөөмөр сэтгэл. Та хайраар цалгиж байвал өөрийнхөө аз жаргалыг бусадтай хуваалцаж, тэд нарт өгөөмөр сэтгэлээр ханддаг болно.
6. Тайван, амгалан сэтгэл. Хүн ямар ч нөхцөлд хань ижил, эргэн тойрны хүмүүстэйгээ тайван харьцах боломжийг жинхэнэ хайр өгч байдаг.
7. Сэтгэл санааны тайвшрал. Та хайрлуулж байхдаа зүрх, сэтгэл санаа тайван, амгалан байгааг мэдэрч байдаг.
Дээрх долоон багана хэсэг хугацааны дараа таны зүрх сэтгэлийг эрүүл саруул, тогтмол хөгжсөн нандин хайрын холбоо болгон хувиргана. Гэхдээ та, хайр зөвхөн тодорхой орчин, нөхцөлд хөгжих боломжтой гэдгийг анхаарч, хайр сэтгэлээ аврахын тулд тодорхой орчин, нөхцлийг урьдчилан бүрдүүлэх ёстой гэдгийг гүнээ ухамсарласан байх ёстой.