Дуучин Адель хүүтэй болжээ. 24 настай дуучин Адель, түүний нөхөр Симон Конецки нар өнгөрөгч баасан гаригийн орой аав, ээж болсон тухай Британийн хэвлэлүүд шуугиж байна. Дуучны ээж “Охин маань хүүтэй болсондоо туйлын баяртай байгаа” хэмээжээ.
Аделийн албан ёсны төлөөлөгч баасан гаригт тархсан уг мэдээллийн дагуу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Тэр хүүтэй болсон. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.
Эмнэлгээс гарахаараа фэнүүддээ хүүгээ албан ёсоор танилцуулна. Адель ойрын хугацаанд томоохон ажил төлөвлөөгүй байгаа” гэжээ. Дуучин бүсгүй жирэмсэн болсон тухай өөрийн цахим хаягтаа зургадугаар сард бичиж байсан. Тэрбээр “Симон бид хоёр анхны хүүхдээ хүлээж буйгаа өөрийн биеэр та бүхэндээ хэлж байна.
Гэхдээ та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна. Энэ бол бидний хувийн амьдрал. Таны хайрт Адель” гэжээ. Хосууд өнгөрсөн жилийн зунаас эхлэн болзож, энэ жилээс хамтран амьдарч байгаа аж. Түүний нөхөр өмнө нь гэрлэж байсан бөгөөд таван настай охинтой юм байна.
Г.НЯМ