Америкийн “Apple” компани “iPad mini” таблетаас гадна “MacBook Pro” notebook, “iMac” болон “Mac Mini” компьютеруудынхаа шинэ загваруудыг удаан хүлээлгэсэний эцэст Калифорни муж улсын Сан-Хосе хотод өчигдөр танилцуулж санаанд оромгүй бэлэг барьжээ.
“MacBook Pro” өмнөх загвараасаа 20 хувиар нимгэн болсон бол жин нь ердөө 1,7 кг. 2560х1800 пиксельтэй “Retina” дэлгэц нь 13 инчийн хэмжээтэй, 8 Гб-ын санах ойтой бөгөөд “Intel Core i5” процессор суурилуулжээ. Шинэ зөөврийн компьютер нь Америкийн зах зээлд санах ойныхоо багтаамжаас шалтгаалан 1699-өөс 2799 долларын үнэтэй зарагдана.
Шинэчлэгдсэн “iMac” компьютер нь маш нимгэн болжээ. Их биеийн өргөн нь 5 мм-ээс хэтрэхгүй байна. Уг компьютерт “Intel Ivy Bridge” процессор суурилуулсан бөгөөд харин гаднах загвар нь суурьтай гоёмсог “iPad “-ийг санагдуулна. Уг загварыг 21,5 болон 27 инчийн дэлгэцтэй хоёр хувилбараар танилцуулсан байна. Шинэ компьютерын худалдаа ирэх сараас худалдаанд гарах ажээ.
“Core I5” процессороор тоноглосон “Mac Mini”-гийн шинэ загвар нь 16 хүртэл Гб-ын санах ойтой бол хатуу дискийн багтаамж нь 1 хүртэл терабайт юм.
“Apple” компанийн танилцуулсан хамгийн гол шинэ бүтээгдэхүүн нь “iPad” таблетийн жижигрүүлсэн загвар болох “iPad mini” байлаа. Уг төхөөрөмжийн загвар нь “iPad 3”-ийнхтай адилхан юм. Дэлгэц нь 7,9 инч бол нягтрал нь 1024х768 пиксель. Хоёр цөмт А5 процессор бүхий шинэ таблет нь 5 мегапикселийн “Айсайт” камертай, LTE болон Wi-Fi сүлжээтэй бөгөөд тэжээлийн блок нь 10 цаг хүртэл хугацаагаар ажиллах боломжтой. 7,2 мм-ийн өргөн корпустай “iPad mini”-нь хөнгөн цагаан корпустай, мөнгөлөг болон хар өнгөтэйгөөр гарах ажээ.
Өмнөх “iPad” загварт зориулан боловсруулсан бүх программ нь “iPad mini”-д ч мөн тохирно гэдгийг шинэ загварыг танилцуулсан “Apple” компанийн дэд ерөнхийлөгч Филип Шиллер хэлсэн байна. “Бяцхан” таблетын хэмжээ нь эрэгтэй хүний гарт багтахаар хэмжээтэй гэнэ.
“iPad mini” нь харьцангуй өндөр үнэтэй байгаа бөгөөд Америкийн зах дээлд 16 Гб-ын санах ойтой загвар нь 329 доллароор борлогдох ажээ. Харин 64 Гб-ын санах ойтой таблет 529 долларын үнэтэй байна. Уг төхөөрөмжийг энэ сарын 26-наас эхлэн нийлүүлж эхлэх бөгөөд ирэх сард худалдаанд гаргана.
Харин худалдан авах урьдчилсан захиалга өнөөдөр эхэлж байна.
Д.Жаргал