“Apple” компани “iPhone 14” гар утас, “AirPods”, “Apple Watch”-ийн шинэ загваруудаа танилцууллаа.
Тус компани лхагва гарагт болсон арга хэмжээгээрээ “iPhone 14” гар утасны дөрвөн шинэ хувилбарыг танилцуулсан юм. “iPhone 14” өмнөх загвараасаа ерөнхий дизайны хувьд өөрчлөгдөөд зогсохгүй камерын хүчин чадал нь сайжирчээ. Мөн шинэ А16 чип дээр сайжирсан тул бусад ухаалаг гар утаснаас 40 хувиар илүү хурдтай гэж үзэж байна.
Хамгийн том шинэчлэлтүүд “iPhone 14 Pro” хувилбар дээр гарчээ. “Pro” хувилбар нь 48 мегапикселийн камераар тоноглогдсон бөгөөд “Always on” буюу унтардаггүй дэлгэцтэй. Дизайны хувьд нүүрэн талын камерын хэсэг шинэ хэлбэр, интерфейстэй болжээ. Мөн хиймэл дагуултай холбогддог үйлчилгээг ашиглан сүлжээгүй газраас яаралтай тусламжийн мессеж илгээж болох юм байна.
Үүнээс гадна шинэ загваруудын үнэ төдийлөн ихээр нэмэгдээгүй нь анхаарал татаж байна. Энгийн хувилбар нь 799 ам.доллароос, “Pro” хувилбар нь 999 ам.доллароос эхэлж байгаа аж. Харин “iPhone 14 Pro Max”-ийн худалдах үнэ 1099 ам.доллароос эхэлж байна.
Хоёрдугаар үеийн “AirPods Pro” чихэвч шинэ H2 чиптэй болж, дуу авиаг орон зайн мэдрэмжтэй (spatial audio) сонсгож, гаднын шуугианыг өмнөхөөсөө хоёр дахин сайн дардаг болжээ.
Нэг бүрэн цэнэглэлтээр зургаан цаг, цэнэглэгч хайрцагтайгаа 30 хүртэл цаг хөгжим сонсох боломжтой. Бас чихэвч бүр болон цэнэглэгч хайрцаг тус бүрдээ чанга яригчтай болсон байна. Шинэ загварын “AirPods Pro” нь гээгдэхээс сэргийлсэн технологи нэвтрүүлжээ. Кейс нь өөр дээрээ спикертэй бөгөөд хайвал дохио өгөх юм байна. “AirPods Pro”-ийн худалдах үнэ 249 ам.доллар, есдүгээр сарын еснөөс захиалга авч 23-наас худалдаалагдах ажээ.
Харин “Apple Watch”-ийн шинэ загваруудын дэлгэц нь томорч, зай хураагуур нь 40 цаг ажиллах хүчин чадалтай болсон байна.
“Airpods Firmware”-ийн Ахлах инженер Мэри-Анн Рау
““Airpods Pro” чихэвчний цөм нь цоо шинэ H2 чип юм. Хүчин чадлын хувьд өмнөх H1 чиптэй харьцуулахад итгэмээргүй сайжирсан. Зөвхөн Apple-ийн ашигладаг цахиурын ачаар өндөр хурдны холболт болон дуугаралтын шинэ эрин үеийг нээж байна. Мөн сарнилт багатай аудио драйвер, тусгай өсгөгчөөр тоноглогдсон тул Airpods Pro чихэвчний дуугаралтын чанар өөрчлөгдсөн.
Тиймээс та Jay Balvin-ий дуун дээр бүжиглэж, эсвэл SZA-ийн дуун дээр тайвширч байгаагаас үл хамааран өргөн цар хүрээтэй давтамжаар илүү тодорхой бөгөөд цэвэр дуугаралтыг мэдэрнэ.
Эдгээр давуу талууд “орон зайн дуугаралт”-ын технологитой гайхалтай хосолсноор сонсох мэдрэмжийг дараагийн түвшинд хүргэх юм. Танд дуртай хамтлагийнхаа тоглолтыг тайзан дээр, яг дэргэдээс нь сонсож байгаагаас ялгаагүй санагдах болно.
Үүгээр зогсохгүй бид орон зайн дуугаралтыг хүн бүрд тусгайлан зориулсан тохиргоотой болгосон. “iOS 16” үйлдлийн системийн ачаар та “iPhone” утасныхаа “True Depth” мэдрэгчийг ашиглаж өөрийн гэсэн дуугаралтын тохиргоог үүсгэх боломжтой. Учир нь бидний толгой болон чихний хэлбэр, хэмжээнээс шалтгаалж дуу авиаг хүлээн авах мэдрэмж хүн бүрд ялгаатай. Дуу болон орон зайг зөвхөн танд зориулж өндөр нарийвчлалтай нэгтгэснээр энэ технологи нь бодит байдалтай хамгийн ойролцоо сонсох мэдрэмжийг төрүүлэх болно” гэж онцоллоо.
Bloombergtv.mn