Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн гуравдугаар тойргийн хүрээнд явагдсан “Дэрэн” болон “СП Фалконс” багуудын тоглолтын үеэр О.Даваадэлгэр эсрэг багийн хөлбөмбөгчин Тиаго Томайс руу сармагчинг дуурайсан үйл хөдлөл гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэхийн дээр МХБХ-ноос нэг жил хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг нь хориглож, 5 сая төгрөгөөр торгосноос гадна клубт 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа. Мөн “Дэрэн” клубийн удирдах зөвлөлөөс нийтэд тустай хөдөлмөр болон санхүүгийн зэрэг тодорхой шийтгэлүүдийг оноохоор болжээ. Тэгвэл О.Даваадэлгэр өөрийн цахим хаягаар дамжуулан хийсэн үйлдэлдээ уучлал хүслээ. Тэрбээр “Миний бие тоглолтын үеэр сэтгэл зүйгээ барьж чадаагүйн улмаас эсрэг багийнхаа Тиаго Томайс руу зүй бус үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Хийсэн үйлдлийнхээ төлөө та бүхнээс уучлал хүсье. Мөн хөгжөөн дэмжигчид, “СП Фалконс”, “Дэрэн” клуб, МХБХ, Үндэсний шигшээ багийн ах дүү нар болон үе үеийн тамирчдаас уучлал хүсэж байна. Намайг уучлаарай, би улам хүчтэйгээр эргэж ирэх болно” гэсэн юм.