Хамгийн анх жирэмсний сорил дээрээс 2 зураасыг олж харан, өөрийгөө ээж болохоо баттайгаар мэдсэн тэр өвлийн жавартай оройг би хэзээ ч мартахгүй байх. Шинжлэх ухааны хувьд боломжгүй хэдий ч яг тэр мөчид үрийнхээ өчүүхэн хөдөлгөөнийг зурвасхан мэдэрсэн гэдэгтээ би итгэх дуртай. Хүүхдийнхээ хөдөлгөөнийг тавхан долоо хоногтойд нь мэдэрч, түүнээс долоо хоногийн дараа охиныхоо хүйсийг зүүдэндээ харан, төрөх өдрийнхөө өмнөх орой охинтойгоо хөтлөлцөөд гүйж явна гэж зүүдэлсэн гээд ээж болохоо мэдсэн тэр үеэс л эхлээд би жирийн нэгэн бүсгүй биш зөн совинтой ээж хүн болоод хувирчихаж билээ. Магадгүй бурхан хамгийн гайхамшигтай бүтээлийг минь юу юунаас илүү сайн харж хандаарай гээд надад үртэйгээ холбогдох зөн совинг бэлэглэсэн ч байж магад.
Анх жирэмсэн болсноо мэдсэн үедээ ч, бяцхан үрээ 9 сарын туршид хэвлийдээ тээхдээ ч өөрийгөө ээж болоход 100% бэлэн хэмээн ам бардам бодож байсан ч тэрхүү бодол маань үрээ энгэртээ тэвэрсэн эхний хоромд л замхраад алга болчихсон нь хачин шүү. Ээж эгч нар маань хамгийн анх хүүхдээ харахдаа “ямар гээчийн хөөрхөн сахиусан тэнгэр бидэнд хүрээд ирээ вэ?” гэж бодоод л хамаг хайр нь ундарч байсан тухай надад ярьж байсан бол харин би эсрэгээрээ шууд л үнэхээр том айдастай нүүр тулснаа сайн санаж байна. Надаас бүрэн хамааралтай энэ жаахан амьтныг би өсгөж өндийлгөж чадах болов уу? хүүхдээ зөв нэгэн болгож хүмүүжилж чадаагүйгээс болоод түүний амьдралд арилгаж болшгүй хар толбо үүсчихвэл яах вэ, намайг гэнэт нас барчихвал хүүхдэд маань юу тохиолдох бол? гээд өчнөөн зүйлсийг бодсоор үүр цайлгаж билээ. Өөрийгөө хариуцах ямар ч чадвар байхгүй тэр бяцхан охины аврагч сахиус, асран хамгаалагч нь зөвхөн би гээд бодохоор амьдралдаа анх удаа хариуцлага гэдэг үгийн утгийг жинхнээр нь ойлгох шиг болсон билээ. Тэр мөчид би өөртөө “одооноос эхлээд чи амьдралдаа алдаа эрхгүй нэгэн болж байна шүү” шивнэсэн юм. Гаргасан алдаа бүхэн маань түүний өмнө хад асга, чулуу саадтай замыг босгох бол харин амжилт бүхэн маань бяцхан үрийн минь ирээдүйн замыг засах учраас энэ мөчөөс эхлээд л утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг бүтээн босгох учиртай юм шүү” гэж өөрөө өөртөө амлалт өгсөн дөө би.
Өөдсийн чинээ үрийн маань нярайн шарлалт нь арван хэдхэн хоногтойд нь хүндэрч, шарлалтыг эмчлэх аппаратанд 48 цагийн турш охиноо байлгах шаардлагатай болж билээ. Нүдэнд нь зүүлгэсэн жижигхэн хаалтыг охин минь санаандгүй авчихвал хурц шарлагын гэрэлд нүд нь сохрох ч аюултай байсан тул нөхөр бид хоёр түүнийхээ хажуунаас хором ч холдолгүйгээр тэр уртаа гэгчийн хоёр хоногийг давж гарсан нь саяхан мэт. “Хаанаас нь энэ их нойр гардаг байна аа” гэж ээждээ байнга л зэмлүүлдэг байсан би гэдэг хүн гэнэтхэн л охиноо л эрүүл саруул болгож байвал хоёр байтугай хорин өдөр ч сэрүүн байж чадах нэгэн болоод хувирчихсан юмдаг. Нүдээ ч цавчих эрхгүйгээр өнгөрүүлсэн тэр өдрүүд надад ээж хүн байна гэдэг эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгаж чаддаг хамгаас эрхэм мөртлөө хамгаас их золиосыг ч эмэгтэй хүнээс шаарддаг ажил юм гэдгийг ингэж л ухааруулж өгсөн юм.
Урдаа бүтэн халуун сав сүүтэй цай тавьчихаад хүүхдээ хөхүүлээд сууж байхад ханын цаг маань үүрийн 4 цагийг зааж байдагсан. Алт мөнгө, алдар гавьяанаас илүү хэдхэн цагийн илүү нойрыг л хүүхэд төрсөн эхний хэдэн сар ээж бүхэн мөрөөддөг байх даа гэж тэр үед надад бодогдож билээ. Урьд нь хийж байсан ямар ч ажил, сургуульд зааж байсан ямар ч хүнд хичээлээс ч илүүтэй алгын чинээ жижигхэн үрээ эрүүл саруул өсгөхийг хичээсэн тэр цаг үед л би амьдралдаа хамгийн ихээр ядарч, цуцаж, шантарч байсан мэт. Гэхдээ тэр хичээл зүтгэлийн маань хариуг үр минь ход ход хийж инээхдээ , мончгор хөөрхөн хөлөөрөө гэдсийг минь тийрэхдээ, божгор бор гараараа мээмийг маань барьсаар тас үсрэхдээ л төлчихдөг байсан юм даа.
Ээж болохоос өмнөх амьдралд минь элснээс ч үнэ цэнгүй байсан цаг хугацаа гэгч зүйл харин ээж болсны дараа минь алтнаас ч үнэтэй болоод хувирчихсан нь мэт надад санагддаг юм. Ээж бүхэн хүүхдээ хөхүүлэх, хооллох, хуурайлах, салхинд гаргах, хамтдаа тоглох, унтуулахынхаа зэрэгцээ сайн гэрийн эзэгтэй байхын төлөө чармайж гэр орноо цэвэрлэн, хоол ундаа бэлтгэдэг. Ийм завсаргүй шахам цагийн хуваарийнхаа хажуугаар нь хүсэл мөрөөдөлдөө ч цаг гаргаж сурах хэрэгтэй болдог. Гэхдээ яг л тэр үед ээжүүд өөрийнхөө юунд хамгийн их дуртай, хийх, би юу хийвэл хамгийн их жаргалтай байх вэ?, өөрийнхөө кареерийг бүтээхийн тулд би хаанаас эхлэх хэрэгтэй вэ? гэсэн олон олон асуултынхаа хариуг олж авдаг юм шиг.
Ингээд бодохоор би хүүхэддээ амьдралын тухай хичээлүүдийг зааж өгсөн биш, харин эсрэгээрээ хүүхэд маань надад миний амьдралын хүсэл тэмүүлэл, жинхэнэ мөрөөдлийг минь олж өгсөн ачтан юм. Аливаа ажлыг илүү хариуцлагатайгаар хийж сурахыг, өөрийнхөө хүүхдээс гадна өрөөл бусдын үр хүүхэд, энэ дэлхий дээрх бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа амьтан ургамал бүхэнд илүү энэрэнгүй, нинжин сэтгэлээр хандахыг, бодож төлөвлөж байгаа санаагаа бодит биелэл болгохын тулд илүү тэмүүлэлтэй хичээнгүйгээр урагшилахыг хүүхэд маань л надад заасан билээ.
Ажлын өдрийн орой бүхэн цэцэрлэгээс автобусны буудал руу алхах 400м газар бид хоёрын “хорвоо дэлхийтэй танилцах” гэдэг нэртэй хичээлийн асуулт хариултын цаг шиг л санагддаг. Загас яагаад нисдэггүй юм бэ? жаргаж байгаа нарны дээдэх ягаан үүлийг тасдаж аваад хөөсөн чихэр хийж яагаад болдоггүй юм бэ? яагаад ням гараг болгон алхахаар очдог Богд ууланд амьдардаг тас хар өнгөтэй хөөрхөн хэрэмийг Аяакс нохойтойгоо цугт нь тэжээж болохгүй юм бэ? гээд үрийнхээ олон олон яагаад асуултан дунд нь булагдах үедээ, тэр олон асуултын хариуг олохоор чармайх үедээ хэн хүнээс ч илүү жаргалыг мэдэрч, ийм сониучхан дээрээс нь хорвоогийн бүхий л зүйлсийг бяцхан тархиндаа танин мэдэхийг хичээж байгаа хүүхдийнхээ энэ зан чанарыг алга болгохгүйг л хичээж явна даа би.
Гэртээ суух үед намайг тойроод л амьдрал үргэлжлээд байгаа мэт, амьдралын тойрог зам яг нэг цэгтээ очоод л зогсчихсон юм шиг мэдрэмж ээж бүхэнд л төрдөг байх. Гадаад гоо сайхан, төрсний дараах сэтгэл санааны бухимдал, ганцаардал гээд олон олон зүйлс ээж байх нь хэцүү, залхмаар, шантармаар ч юм шиг мэдрэмжийг залуу ээж чамд төрүүлж магадгүй. Гэхдээ үүний төлөө чи өөрийгөө бүү буруутгаарай, “би ч хүүхдээ боддоггүй муу ээж юм байна даа” гэж өөрийгөө бүү зэмлээрэй. Бүх л ээжүүд энэ үеийг даван туулдаг. Цэвэрхэн гэртэй, амттай хоол хийдэг, хүүхэдтэйгээ 24 цагийн туршид хамт байдгаар нь ээж хүнийг төгс ээж гэж нэрлэхгүй. Аминаасаа амь тасалсан тэр цаг мөчөөс эхлээд л та тэр бяцханы амьдралын туршид хамгийн ихээр хайрлах, түүний хувьд хамгийн төгс нэгэн хэдийнээ болчихсон шүү дээ.
Гараас чинь чангаас чанга атгаад хорвоотой танилцах үрийнхээ гарыг хэзээ тавьж ганцаараа биеэ даан хорвоогийн саад бэрхшээлүүд дунд унаж бүдрэн, түүн дундаасаа амжилтын үзүүрийг өөрийнхөө гараар атгаад авах боломжийг нь олгож чадах нэгэн болох ёстойгоо харин битгий мартаарай. Бурхан үрд чинь хүнд байх хамгийн эрхэм, нандин чанарууд болох сониуч, хичээнгүй, нинжин сэтгэлийг өгчихсөн учраас том хүмүүсийн ертөнцөд тохируулан хүүхэддээ болох болохгүйг зааж номлохоос илүүтэй, өөрт нь аль хэдийнээ байгаа сайхан чанаруудыг нь улам хөгжүүлэн, улам өрдөж өгөхийг хүсэх учиртай.
Байгальд ээлтэй улс орныг бүтээн бий болгох хүсэлтэй ерөнхийлөгч, хүмүүсийн ажлыг улам хөнгөвчилж өгөх цоо шинэ технологийг бүтээгч инженер, хэдэн сая хүнийг үхлийн аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэлийг зохиогч эмч, сансар ертөнцийн тайлагдашгүй нууцийг олж нээн хүн төрөлхтний түүхэнд тодоор дуурсагдах физикч матемакчид яг одоо бидний өөдөөс малийтал мишээн урдах хоолоороо тоглож, юуг ч юм бэ амандаа бувтнаж байна. Энэ бяцханыг тэр нүд гялбам амжилтын оргилд хүрэх гүүр нь болдог учраас ээж бүхэн гайхамшгийг бүтээгч нар юм шүү.