“Би 26 настай жирийн л нэг эмэгтэй. Жирийн болохоороо ч тэр үү үргэлж бусдаас онцгой, бусдын анхаарлын төвд байхсан гэж хүснэ. Гэхдээ ингэж хэтэрхий их хичээх нь намайг маш их ядрааж, туйлдуулж байлаа. Нэг л өдөр би үргэлж хэн нэгнийг дуурайж, баг зүүж амьдардгаа мэдсэн юм. Тэгээд би жинхэнэ өөрийгөө олохоор шийдсэн”
Магадгүй найз минь чи ч бас бусдад таалагдах гэж өөрөөсөө өөр хүн болчихсон яваа юм биш биз. Амьдрал дээр өөрөөрөө байгаа хүн л хамгийн итгэж болохуйц, үнэн харагддаг шүү дээ. Үйл хөдлөл, үг яриа, үзэл бодлоо хянаж бусдын бодлоор, үгээр, бусдын стиль имиджээр хувцаслаж явна гэдэг орчлон ертөнц дээр ганцхан хувь байхаар заяасан чамд хэзээ ч зохихгүй үйлдэл юм. Тийм болохоор өнөөдрөөс өөрийгөө олох алхмуудыг хийж эхлэе.
Өөрийнхөө зан чанарыг мэдэж ав
Зан чанараа мэднэ гэдэг өөрийнхөө түлхүүрийг гартаа атгалаа л гэсэн үг. Үүний тулд найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Тэднээс “Би ямаршуу зан чанартай вэ?” “Миний давуу чанар юу вэ?” “Засах шаардлагатай, дутагдалтай тал надад бий юу?” гэж асуу. Өөртөө ч бас эргэцүүлэл хий. Ингээд өөрийнхөө гурван сайн, гурван муу зан чанарыг жагсааж бичээд, дүгнээрэй. Өөрийгөө өмөөрч бусадтай муудах, шүүмжлэлд дургүйцэх, дургүй ажлаа хийж, хүсээгүй сургуульдаа сурах зэрэг нь өөрийнхөө зан чанарыг танин мэдээгүйгээс үүдэлтэй байдаг юм шүү.
Үнэт зүйл чинь юу вэ? гэдгийг илрүүл
Өөрийгөө таньсан хүн өөрийнхөө болоод бусдын үнэт зүйлийг мэддэг. Жишээлбэл би өмнө нь өөрийгөө их гоочилдог, өөрөөрөө бахархаж мэддэггүй нэгэн байлаа. Гэтэл хобби, дадал, давуу тал, зан чанар гээд олон зүйлд миний гэх үнэт зүйлс оршиж байдгийг ойлгосон юм. Өөрийгөө олохын тулд үнэт зүйлсээ жагсааж бичээрэй. Жагсаалт наймаас дээш гараад ирвэл чи үнэхээр өөрийнхөө үнэт зүйлсийг сайн мэддэг, хайрладаг хүн юм. Харин түүнээс доош байвал чи өөрийнхөө юу хамгийн үнэ цэнэтэйг мэддэггүй аж.
Давтагдашгүй заяагдсан бодгалиа ч бас “аж”
Хүн бүр цор ганцхан хувь. Өөрийнхөө бие мах-бодийг ямар вэ? гэдгийг мэдэхгүй, давтагдашгүй гэдгээ ойлгохгүй байх нь өөрийгөө үл тоомсорлосон хэрэг биш гэж үү? Тиймээс толгойноосоо хөлийн үзүүр хүртэл өөрийгөө сайтар нягталж, биеийн онцлог болон сул талаа тодорхойлоорой. Би өөрийнхөө биеийн галбирт маш сэтгэл хангалуун байдаг. Гэтэл би хэд хэдэн удаа найзууд болон эргэн тойрныхноосоо “хэтэрхий туранхай” гэдэг үгийг сонсож байлаа. Гэхдээ миний өөрийнхөө биеийг нэгэнт хүлээн зөвшөөрч сэтгэл хангалуун байхад бусдын юу гэх надад хамаагүй гэсэн бодол маань намайг хэзээ ч сэтгэлээр унахад хүргэж байгаагүй. Чи ч бас өөрийгөө бүрэн ойлгож, мэдэрч, судалж, хүлээн зөвшөөрснөөр бусдын шүүмжлэлд шархалж, магтаалд барьц алдахгүй юм шүү. Дан ганц дотроосоо өөрийгөө олох гэж хичээх биш өөрийн биеийн онцлог, царай төрхөө сайтар ажиглан судлах нь ч бас чухал.
Чиний мөрөөдөл юу вэ?
Мөрөөдөл итгэл найдвар төрүүлж ирээдүйн замыг гэгээ татуулдаг. Мөрөөдөлгүй хүн гэж үгүй. Гэхдээ чи үнэхээр зүрх сэтгэлээсээ мөрөөдөж байна уу? гэдэг хамгийн чухал. Тиймээс мөрөөдлөө ч бас судал. Хэрвээ хөгжимчин болно гэж мөрөөддөг бол яг ямар хөгжим тоглож сурах тухай, ямар урлагийн сургуульд орж, аль улсын алдартай тайзан дээр тэрхүү хөгжмөө тоглох талаар нэг бүрчлэн төсөөлөн бод, мөн тэрхүү мөрөөдөл чинь чиний хувьд хэр үнэ цэнэтэй байж, амьдралын чинь ямар орон зайг эзлэх вэ? гэдгийг сайтар эргэцүүлээрэй.
Чи юунд дуртай бас дургүй вэ?
Өөрийнхөө дуртай болоод дургүй зүйлсийг нэг бүрчлэн мэдэх үү? Дуртай хөгжим, хоол, жимс, өнгө, зан чанар гээд юу ч байж болно. Хоёр багана татаад цаасан дээр жагсааж бичээрэй. Ингэснээрээ чи өөрийнхөө нарийн мэдрэмжтэй танилцаж, мэдрэмжээ мэдэрч сурах юм.
Өөрийгөө бүрэн мэддэг болоход чинь туслах 20 асуултыг бэлдсэн байгаа. Эдгээрт хариулснаар “Би хэн бэ?” гэсэн өөрийнхөө асуултад хариулт олох болно. Хариулах явцад чамд маш гоё мэдрэмж төрж, бүхнээ эргэцүүлэн бодож, өөрийгөө хайрлан дурлах болно. Би ч бас эдгээрт хариулсныхаа дараа өөртөө “хайртай шүү” гэж хэлмээр санагдсан гээч. Цаас, үзэг гаргаад өөртөө үнэнчээр хариулахаа мартав аа.
1. Чиний амьдралд юу хамгийн их гэрэл гэгээ нэмдэг вэ?
2. Маш их ядарч, даарч, өлссөн байсан ч юуг төвөгшөөлгүйгээр хийдэг вэ?
3. Хэрвээ чиний ажил болон найз нөхдийн харилцаа ямар ч аз жаргалгүй байвал яах вэ? Тэвчиж үлдэх үү? эсвэл тэр бүхнийг орхиж чадах уу?
4. Чи юунд 100 хувь итгэдэг вэ?
5. Өөрөөрөө маш ихээр хэзээ бахархаж байсан бэ?
6. Ирээдүйд үр хүүхдэдээ юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?
7. Хэрвээ чиний ганцхан хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?
8. Өөрийнхөө одоогийн насанд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? буцаад хүүхэд болохыг хүсдэг үү?
9. Чиний хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
10. Бусад хүмүүст ямар сэтгэгдэл үлдээхийг хүсдэг вэ?
11. Бусад хүмүүсийг таньж мэдэх арга чинь юу вэ?
12. Чи өөрийнхөө гаргасан шийдвэрт хэр итгэлтэй байдаг вэ?
13. Чиний амьдралын хамгийн чухал хүн хэн бэ?
14. Хэцүү шийдвэр гаргах үедээ чи ямар зарчим баримталдаг вэ?
15. Ямар алдаанаасаа хамгийн том сургамж авсан бэ?
16. Амьдралд чинь урмын үг ямар үүрэгтэй вэ?
17. Эцэг эхийнхээ талаар ямар бодолтой байдаг вэ?
18. Мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ?
19. Ирээдүйгээ урьдчилж мэдээд, өөрөө удирдахыг хүсэж байна уу?
20. Юуг амьдралын утга учир гэж боддог вэ?
Дээрх 20 асуултад хариулж чадвал өөр лүүгээ 20 алхам ойртлоо л гэсэн үг шүү. Бас өөрөөрөө байгаа хүн л бусдад илүү их хайрлагддаг гэдгийг санаарай.