Чех улсад амьдарч байгаа гадаадын мисс шалгаруулах “Miss Expat” тэмцээний хагас шигшээ шатны тэмцээн өнгөрсөн Бямба гаригт Чехийн нийслэл Прага хотноо явагдлаа. Энэ тэмцээнд Чехэд ажиллаж, сурч байгаа 18-27 насны, хүүхэдгүй гадаадын иргэд оролцдог бөгөөд энэ жил дэлхийн 20 орны 60 бүсгүй өрсөлджээ. Шилдэг 9 бүсгүйд Ангол, Колумб, Вьетнам, Беларусь, Гүрж, Индонез, Монгол, Нигер, Камбожийн бүсгүйчүүл шалгарсан байна.
Монгол улсыг төлөөлж, Чехийн Брно хотын ахлах сургуулийн сурагч, 19 настай Т.Бурмаа оролцож байна. Т.Бурмаа сэтгүүлчдэд “Шилдэг 9 бүсгүйн тоонд орсондоо баяртай байна. Ирээдүйд Олон улсын харилцааны сургуульд орж, орчуулагч болох хүсэлтэй. Усанд сэлэх, ном унших, хөгжим сонсох дуртай” гэж ярьжээ.
“Мисс экспат” тэмцээн өнгөрсөн жилээс эхлэн явагдаж, анхны миссээр Намибийн Паулина Накашоле түрүүлж байлаа. Шигшээ тэмцээн 2013 оны нэгдүгээр сарын 9-нд Прага хотын “Гиберни” театрт болох бөгөөд түрүүлсэн мисс алтан цом, 8 каратийн алмаз эрдэнийн шагнал хүртэнэ.