(Өмнөд Солонгос) Аравдугаар сарын 29-нд Итэвонд болсон Хэллоуины баярын үеэрх гамшигт үйл явдалтай холбогдуулан БНСУ даяар гашуудлын долоо хоногийг зарлаад байна.
Түүнчлэн БНСУ-ын алдартай хамтлаг, дуучид, жүжигчид зохион байгуулахаар төлөвлөөд байсан томоохон арга хэмжээ, фэн клубын уулзалтуудаа цуцалсан байна.
Тодруулбал, “Twice” хамтлаг дебют хийснийхээ долоон жилийн ойг тохиолдуулан тэмдэглэх гэж байсан фэнүүдийн уулзалтаа цуцалсан талаараа албан ёсоор мэдэгдсэн бол жүжигчин Жун Ил Вүү Японы Осака, Токио хотуудад зохион байгуулагдах байсан фэн клубын уулзалт, аялан тоглолтоо хойшлуулжээ.
Түүнчлэн жүжигчин Ким Сон Хо, Нам Жи Хён нар ирэх сард тохиох фэнүүдийн уулзалтын тасалбар захиалгаа хойшлуулах шийдвэр гаргаснаа дуулгалаа.
Тэд “Бүхэл бүтэн ард түмэн гашуудаж байхад энтертайнментийн салбар ч мөн адил арга хэмжээг цуцлах, хойшлуулах зэргээр гашуудлын давлагаанд нэгдэх ёстой” хэмээн ярьсан байна.
https://news.zindaa.mn/4e18