
Тодорхой нэгэн галактик нь тодорхой орон зайг эзлэн, тодорхой цаг хугацааны туршид оршин байгаад мөхөх, мөн мөхөхийн өмнөх бүх материалаа ашиглан шинэ галактик болон хувирах түгээмэл орчилтой юм. Ийнхүү орчихын шалтгаан нь түүнд Хар нүх үүсэж, галактикийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд түүнд залгигдаж өмнөх хэлбэр, агуулгаа алдаад Хар нүхнээс өөр биетүүд болон шидэгдсээр, Хар нүх дэлбэрэх (устах) үед таталцлын хүч болон соронзон хүчнүүдийн үйлчлэлээр шинэ бүрэлдэхүүн, бүтцийг олж тогтворжих процесс болой. Өмнө байсан бүтцэнд нь Хар нүх үүсэхийн шалтгаан бол таталцлын хүч болон соронзон хүчнүүдийн тэнцвэрт байдал огцом алдагдаж галактикийн бүрдэл хэсгүүд аль нэгэн томоохон бүрэлдэхүүн хэсэг рүүгээ татагдаж, их хурдаар мөргөлдөж, өндөр температуртай халуун хайлмаг болон хувирах, байн байн хэсэгчлэн дэлбэрэх, их массны зарим хэсэг нь дэлбэрэлтийн хүчээр орчиндоо шидэгдэх үйл явц юм. Манай галактик ч гэсэн мөн л иймэрхүү байдлаар өмнөх оршлоо үгүйсгэж эдүгээх бүрэлдэхүүн, бүтэц, тогтолцоогоо олж тогтворжсон байх учиртай.
Хар нүх томрохын хэрээр түүний татах хүч бусад бүх хүчнээс хэт давуу болж тухайн галактик дахь бүх од, гариг, эрхсийг өөртөө асар их хурдаар татаж “залгих” ба түүний энэ их хүч нь гэрлийн долгионыг хүртэл “баривчлан шингээх” чадавхтай юм. Чухам тиймийн учир “Хар нүх” нэрийг олжээ. Гэхдээ зарим хар нүх нь уг галактикийнхаа орчлыг үүдэх чадавхгүй, завсрын шинжтэй байж ч болох ажээ. Ингэхлээр нэгэн галактикийн дотор хэд хэдэн хар нүх үүсэж, зарим нь унтарч байж ч болох юм.
Манай галактик хэрхэн үүссэн, өмнөх оршил нь юу юутай байсан, удаах орчихын эхлэлийг ямар хар нүх үүдсэн, үүсэх үеийн нь од, гариг, эрхсүүд, нар мэт нь хувьслын ямар замыг хэдэн тэрбум жилийн дотор туулсан зэрэг нь хүмүүс бидний хувьд тас харанхуй үе болно. Энэ үе бол одоогоос 5 тэрбум жилээс цаашхи цаг хугацаа (хязгааргүй он жилүүд гэсэн үг), түүнд харгалзах орон зай юм. Энэхүү тас харанхуй үеийн талаар хүмүүс бидэнд мэдлэг ч үгүй, мөн мэдээлэл ч үгүй байгаа гэж хэлж болно. Гэхдээ 6-7 тэрбум жилийн үед болон тэрнээс ч өмнө оршин байсан материаллаг биет манай галактикийн хаа нэгтээгээс олдож болохыг үгүйсгэх аргагүй. Манай галактикийн “өмнөх дүрийг” устгаад одоо байгаа дүрийг нь бүтээсэн Хар нүхний “эрхэнд орж, нөлөөнд нь автаагүй” материаллаг биет Хар нүхний дэлбэрэх үеэр түүний амсрын гадна хичнээн ч их байсан байж болох юм. Хар нүх дэлбэрэх үеэр түүнээс шидэгдэн гарсан биетүүд замдаа сансар хорвоо дахь тоос, солир мэтийн олон биетийг өөртөө нэгтгэн авсан байж ч бас болох билээ. Гэхдээ манай дэлхий нарны аймгийн нэгэн гариг болон тогтворжихоос өмнөх үе буюу байгалийн түүхийн харанхуй үе өнөөдөр ч мөн тас харанхуй хэвээрээ л байгаа болно. Энэ үеийг танихад туслах материаллаг биет одоогоор үгүй.
Манай гариг дээр хөрс, чулуулгийн хамгийн эртний давхраа үүсэхээс өмнөх нэг тэрбум жилийг байгаль шинжлэлд харьцангуй харанхуй үе гэх ба тэр нь одоогоос 5-4 тэрбум жилийн туршид үргэлжилжээ. Энэ нь Архейн эриний өмнөх нэг тэрбум жил бөгөөд энэ үед холбогдох амьд биетийн ул мөр, үлдэгдэл, дардас одоогоор олдоогүй байна.
Өмнөх харьцангуй харанхуй үеийн дараах 3.5-2.6 тэрбум жилийг Архейн эриний үе гэх ба энэ үе 900 орчим сая жил үргэлжилжээ. Энэ үед хамаарах хөрс шорооноос амьд биетээс гарвалтай байж болохоор хурдас, чулуулаг олдсоор байна. Энэ үед дэлхий дээр нянгууд болон замаг оршиж, үржиж байжээ. Гэвч тэдгээрийн гарал, үүсэл тодорхойгүй юм. Тэд дэлхий үүсэх үед байсан байж болох, мөн өөр эрхсээс зөөвөрлөгдөн ирсэн байж болох, бас дэлхий дээр маань шинээр үүссэн байж ч болох юм.
Дэлхийн чийглэг гадаргуйд нянгууд, замаг, хадны хаг мэт нь өргөн тархаж хувьссаар одоогоос 2.5-0.5 тэрбум жилийн тэртээд анхны хөвчтөн амьтад үүсчээ. Хоёр тэрбум орчим жил үргэлжилсэн энэ үеийг Протерозойн эрин гэдэг.
Одоогоос 600 сая жилийн өмнөөс эхэлж 330 орчим сая жил үргэлжилсэн удаах эринийг Палеозойн эрин гэх ба энэ үед ургамал хуурай газарт тархаж, нугаламгүйтэн үржиж, сүүл рүү нь сарвуу сэлуурт загас буй болжээ. Энэ эринд чулуун нүүрс үүсчээ. Удаах эринийг нь Мезозойн эрин гэх ба 200 сая жил үргэлжилсэн (одоогоос 270 орчим сая жилийн өмнөөс эхэлсэн) энэ эринд нефть, нүүрс, мөлхөгчид, үлэг гүрвэлүүд, яст загаснууд, хожуу нь шувууд, дээд хөхтөн буй болжээ. Сүүлчийн Кайнозойн эрин одоогоос 60-70 сая жилийн өмнөөс эхэлсэн ба энэ үед (одоогоос 20-30 сая жилийн өмнө) сүүлт муурамжууд, сүүлт мичүүд, шавьжны зүйлүүд олширчээ. Харин том мөлхөгчид сөнөж цөөрчээ. Одоогоос 2 орчим сая жилийн өмнөөс ургамал ба амьтны аймаг үндсэндээ одоогийн төрх байдлаа олж, байгаль-цаг уурын нөхцөл, дарамтнаас шалтгаалж хүн үүсэх процесс түргэсчээ. Энэ эриний сүүлчийн антропоген галвын төгсгөлөөр хорь шахам удаа хүйтрэл, мөстлөг, завсраарх дулаарлууд нийтдээ 600 мянга орчим жилд үргэлжилсэн нь зарим зүйлийн хүн дүрстэй мичүүдийг хүн төрхтэй бичүүд болтол нь, бүр зарим нэг зүйлийг нь бичин хүн, оюун ухаант хүн болтол нь хувиргаж, төгөлдөржүүлжээ.
Өмнө өгүүлснээс үзэхэд аливаа галактикийн хувьсах орчлыг хар нүх, супер хар нүх үүддэг. Үүдэх үүдэхдээ өмнө нь байсан бүхнийг (од, гариг, сүүлт однууд, их бага нар г.м) их хурдаар өөртөө татаж халуун хайлмаг болгоод хэсэгчлэн цацдаг, бүр өөрөө дэлбэрч хуваагдаад олон эрхсийг буй болгодог, тэд нь массуудын татах хүч, соронзон хүчнүүдийн нөлөөгөөр тодорхой эмх цэгцэнд орж шинэ галактикийг үүсгэдэг, шинэ галактик дахь сансрын эрхсүүд дээр хувьсал, хөгжил явагдсаар манай дэлхийн түүхийг ч давтаж болох ажээ. Манай дэлхийн түүх ойролцоогоор бүрэн давтагдах аваас тэр ирээдүй цагийн судлаачид байгалийн хувьслын түүхийг “тас харанхуй үе, харьцангуй харанхуй үе, мөн удаах таван эрин” хэмээн үечлэн хуваагаад бидний нэгэн адил шинжилж байж ч мэдэх юм…
“Амьгүй болон амьтай байгаль материаллаг нэгдэлтэй, аливаа юмс, үзэгдэл мөнхийн хувьсалд оршдог, байнгын чанар гэж үгүй, хорвоо хоосон чанартай, байх ба байхгүйн гинжин холбоостой” гэх үзэл санаа галактикуудын орчилд ч ийнхүү тусаж, илэрдэг ажээ.
Амьд амьтны үүсэх шалтгаан нь ч байгаль өөрөө, мөн гайхмаар олон янз болж хувьсах шалтгаан нь ч байгаль өөрөө, амьтны зарим нь оюун ухаант хүн болж хувирсны шалтгаан нь ч мөн байгаль өөрөө юм.
Дэлхий дээрх сүүлчийн хүйтрэл, мөстлөг нь одоогоос 24 мянган жилийн өмнөөс эхэлж 6 мянган жилийн дотор дээд цэгтээ хүрч цас, мөсний зузаан нь хойд өргөргийн зарим цэгт 100-200 метр болжээ. Дараа нь хүйтрэл, мөстлөг, сэрүүслээр аажим солигдсоор 7 мянган жил өнгөрөөд дулаарч эхэлжээ. Дулаарах процесс 10-11 мянган жил үргэлжилж байна. Хүйтрэл, мөстөлт, завсрын дулааралт нийтдээ 20 шахам удаа тохиолдож, энэний улмаас цаг уур хахиршиж, эрс тэс болж, ой модны хэмжээ, талбай багасаж, үр жимс ховордож, мичүүд модноос бууж, газраас тэжээл эрж, зарим нь устаж, цөөн хэд нь хойт хөл дээрээ явж, урд мөч нь гар болж, олон идэштэн болж, урц овоохой барьж, гал ашиглаж сурч, чулуу, ясаар зэвсэг хийж, арьсаар хувьцас хийж, хоорондоо харилцах хэлтэй ч болжээ. Тэд тэг тэгсээр нэг сая гаруй жилийн дотор бичин хүн, бүр оюун ухаант хүн болж чаджээ. Ингэсний үндсэн шалтгаан нь хүрээлэн буй байгалийн өөрчлөлт, түүний дагуу явагдсан бичин хүний өөрийн хувьсал, хөгжил болно.
Сүүлчийн дулаарлын 10 мянган жилийн дотор хүн төрөлхтний хөгжил бүх тал, хэсгээрээ онц ихээр хурдасчээ. Хуучин чулуун зэвсгийн сүүл үе, дунд чулуун зэвсгийн үе, шинэ чулуун зэвсгийн үе, зэс хүрлийн үе, төмөр зэвсгийн үе мөнхүү 10 мянган жилд багтаж улиран оджээ. Хүн төрөлхтний үйлдвэрлэх хүчний хөгжлийн шинэ, дээд үе шатны эхлэл, үргэлжлэл ч энэ 10 мянган жилд мөн хамаарч байна.
Амьтан бүхэн байгалиас, түүний өөрчлөлтөөс хамаардаг функци, хувьсагч юм. Амьтан бүхний онцгой шинжүүд, өвөрмөц шинжүүд, өнгө зүс, нөхөн үржих чадавх, орчиндоо зохицох чадавх бол байгаль-цаг уурын хувьсал, өөрчлөлтөнд амьд байгалийн өгч байгаа хариу, хамгаалалт юм.
Оршин байсан галактикийн мөхөл ч өөрийн нь бүтээл, мөн шинэ галактикийн үүсэл ч өөрийн бүтээл бөгөөд түүнд нөлөөлдөг, хувьслыг нь жолооддог субъект, бурхан гэж үгүй болно.
Манай галактик, манай дэлхийн талаар шашин нэгбүрийн буй болгосон худал, хуурмаг бүхэн зуун хувь няцаагджээ. Гэхдээ мухар сүсэг, сохор шүтлэгийн инерци амь бөхтэй хэвээрээ л байна. Хүмүүс зуун жил бүхэнд шинэчлэгдсээр байгаа хэрнээ нөгөө л бурхан, чөтгөр, шулам, ид шид, тарни, шившлэг, сахиус мэтээсээ салахгүй байгаа нь хачирхалтай, бас өрөвдөлтэй юм. Төгсгөлд нь дараах товчхон, сонихон зүйлийг өгүүлье.
Хүн дүрстэй мичүүд 20-30 сая жилийн өмнөөс Ази, Африкийн ой модонд амьдарсаар, улам бүр чадварлаг болсоор байсан хэдий ч тэднээс зөвхөн нэг, хоёр зүйл нь л 2-3 сая жилийн өмнө хамгийн чадварлаг нь болж тодорчээ.
Тэд бол одоогийн шимпанзе болон хүний өвөг дээдэс юм. Одоогоос 2 сая жилийн өмнөөс хүний өвөг болох мичүүд мод, яс, чулууг зэвсэг болгон ашиглаж сурчээ. Тэд ийм зэвсэгтэйгээр 2 сая орчим жил амьдарчээ. Харин шимпанзе болж салаалсан мичүүдийн хувьд амьдрах орчин нь тааламжтай, харьцангуй тааламжтай байсны улмаас тэдний хөгжлийн хурдац саарчээ. Тэд хүний зэрэгт хүрсэнгүй.
Өдий хэр олдоод байгай баримт, материалуудаас үзэхэд Антрактид, Австрали, Америк тивд мичнээс хүн үүсэх процесс явагдаагүй байна. Энэ процесс зөвхөн Африк, Азид л явагджээ. Хамгийн их чадварлаг хүн дүрстэй мичүүд зөвхөн энэ хоёр тивд л байжээ. Гэвч энэ хоёр тивээс хамгийн өндөр магадлал бүхий нь Ази тив юм. 20-60 мянган жилийн өмнө амьдарч байсан (бичин) хүний чулуулжсан яс Австрали тивийн Мунго нуур орчмоос олджээ. Тэд Азиас тархан шилжсээр тэнд хүрсэн бололтой…
Орчин үеийн шимпанзе ба хүн генетикийн хувьд тун ч адилавтар (98,4% адилхан) юм. Ялгаа нь ердөө л 1,6% хувь. Энэ 1,6 хувийн ялгаа ойролцоогоор сая гаруй жилийн дотор буй болжээ. Багаахан гэхээр энэ ялгааны цаана хүн ба шимпанзегийн хоорондох асар их ялгаа, чанар, үзүүлэлтүүд нуугдаж буй нь нэгэн гайхамшиг юм. Энэ гайхамшгийг бичин хүний хөгжил, хувьсал өөрөө л буй болгожээ.
Бидэнтэй бараг л адилхан шахам энэ амьтныг (шимпанзе) хүн төрөлхтөн холбоотноо, туслахаа болгон ашиглах аваас мөн ч олон талын ашиг, тусыг олно доо… Ийм өнцгөөс судалгаа, туршилтыг тун ч өргөнөөр хийх нь зөв болов уу. Энэ талаар хууль боловсруулж батлах, мөрдөж ажиллах нь чухал л даа. Шимпанзе бол амьд, үнэт баялаг мөн.
XXI зууны эхэн үе гэхэд буй болсон нарийн техник, хэрэгсэл, судлах шинжлэх орчин үеийн технологи, өндөр мэрэгшилтэн судлаачид зэргийг ашиглан оюун ухаант хүний гарал, үүсэл, хувьслын асуудлыг дахин эргэж нягтлах, бүр өмнө нь хийгдсэн дүгнэлт нэг бүрийг шалгах, дахин нотлох хэрэгтэй байна.
Өмнө нь хийгдсэн судалгаанууд бүгд учир дутагдалтай, яаран хийсэн дэгс дүгнэлтүүд ч олон, эргэлзээтэй зүйлүүд ч захаас аван тааралдаж буй нь үнэн юм. Жишээ нь Европоор тархсан неантертальчууд, Австралид амьдарч байсан мунгочуудын асуудал байна. Тэд үнэхээр мөхсөн генетик шугам, салаа гэж үү? Австралийн аборигенүүд, Африкийн бушменүүд, Америкийн индианчууд хаанаас, хэзээ, хэрхэн тархсан популяцууд вэ? Тэдний гадаад төрх, арьсны өнгөний ялгаа юуны учир вэ?
Мунго хүмүүсийн ген (ДНХ) орчин үеийн хүмүүсийнхээс огт өөр гэгддэг. Тэгэхлээр Австрали руу мөхсөн генетик шугам нэг тархаж, мөн хомосапиенс бас тархсан байхнээ?
Антропологи олдворуудын (чулуужсан яс) харьцуулсан шинжилгээ, тэдгээрт хийсэн генетикийн судалгаа, түүхэн хувьслуудын одоо байгаа үлдэгдлийн өгөх мэдээлэл, бусад хөхтөн амьтдын хувьслын жишээ, энэ бүхэнд тулгуурлан хийж болох философи-логикийн гаргалгаанууд өнөөдөр чухалчлагдаж байна. Бактерийн хувьд нотлогдсон үнэн зааны хувьд ч тохирдог гэдэг дээ!
Хүн дүрстэй мичнээс оюун ухаант хүн үүссэн процесс байгаль-цаг уурын тогтвортой, тааламжтай орчин, нөхцөлд явагдаагүй, харин хувьсалт, өөрчлөлт ихтэй, бэрхшээл, сорилт ихтэй орчин, нөхцөлд явагдсан нь үнэн болно. Ийм байр, сууринаас Африк болон Азийн гэгдэх онол, таамаглалуудыг (хомосапиенсын үүслын талаарх) сүүлийн 2-3 сая жилийн турш дахь байгаль-цаг уурын нөхцөл, өөрчлөлттэй нь нягт холбон эргэж нягтлах хэрэгтэй байна. Энэ талаар миний дэвшүүлсэн таамаглал, санал “Байгалийн хувьслын философи” номын 4-р хэвлэлд байгаа болно.
Хүмүүс бид өөрсдийгөө ч, эх дэлхийгээ ч, ганц дагуул болох сарыг ч бүрэн гүйцэд таньж чадаагүй байна.
Тивүүд ба том арлуудын түүх, гарал, тэрчлэн гадаад их далайнуудын түүх, гарал, мөн Энэтхэгийн хойг арал байсан үеийн (50 орчим сая жилийн өмнө) байгаль-цаг уурын нөхцөл, байдал зэргийг ч бид мэдэхгүй.
Хүмүүс бид өөртөө байдаг 35-40 мянган генийг хаа хаанаас цуглуулж авсан түүхээ ч таньж чадаагүй л явна. Хүн нэг бүрийн ген нь нийт тоогоороо ч, мөн бүтсэн дарааллаараа ч адил биш. Ав адилхан гентэй хоёр хүн гэж үгүйн учир ч бас л тодорхойгүй. Шинээр төрж байгаа хүүхэд бүхэн л хомосапиенсын нэгэн мутаци бололтой. Хүний эс болгонд хоёр метр орчим урттай ДНХ-н молекулууд бий. Хүмүүсийн ген 99,9 хувь адилхан хэдий ч 0,1 хувь орчмын ялгаа заавал байдаг.
Хүний биеийн идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй эд эс, булчин, эрхтэн болгон энерги хэрэглэдэг. Жишээ нь хүний биеийн жингийн ердөө л хоёрхон хувийг эзэлдэг уураг тархи нийт энергийн 20 хувь орчмыг зарцуулдаг байна.
Хамгийн жижиг микро амьтнаас эхлээд хамгийн том макро амьтны бие, эрхтний бүтцийг харьцуулан үзэх аваас бүгд л нэг л хийц, нэгэн загварын олон хувилбараарх хуулбарууд юм. Энд огт өөр хийц, өөр эхлэл, өөр зарчим гэж үгүй. Дөрвөн тэрбум орчим жилийн доторх хувьсал, өөрчлөлтийн бүтээгдэхүүн болж л одоо байгаа амьтад буй болжээ. Тэд бүгд л аль нэгэн байдлаар гарал, үүслийн холбоотой. Хүмүүс бид ч гэсэн амьтдын ертөнцийн бүтээгдэхүүн, хувьсал, хөгжлийн нь нэгэн гайхамшиг, өөрт байгаа бүхнээ өвөг дээдэс болсон амьтдаас л цуглуулж авсан нь үнэн юм. Хүмүүс бол биологийн нэгэн зүйл амьтан, сэтгэн боддог, харилцах хэлтэй, соёлыг бүтээгч, мөн нийгмээсээ бүрэн хамааралтай гишүүн нь билээ. Товчилж нэрлэх аваас “Био-психо-социаль” амьтан юм. Ингэхлээр бид бие организмаа тордох ёстой, сэтгэл зүйгээ дэмжих ёстой, бас нийгэм дэх байр, байдлаа ч бэхжүүлэх учиртай ажээ. Тэгэж байж л хүмүүс эрүүл, оюунлаг, хүмүүнлэг иргэд болж төлөвших жамтай.
Манай дэлхий дээр хуурай газар ойролцоогоор 600 орчим сая жилийн өмнө буй болжээ. Энэнээс өмнө амьтад бүгд л усан дотор амьдарч байв. Тэр үед шим мандал зөвхөн л уснаас тогтож байжээ. Одоо бол шим мандал маань хөрс шороо, ус, агаараас бүрдэх болжээ. Энэ бүрдэл хэсгүүдийг экологийн хувьд төрөлх янз, чанараар нь хадгалах, хамгаалах үүрэг ба зорилго зөвхөн хүмүүс бидэнд байх, оноогдох нь зүйн дагуух хэрэг юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав