Хүн болгон математикч болох албагүй. Гагцхүү ирээдүйд ээж аав болно гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Хүний амьдралын утга учир аз жаргалтай, халуун дулаан, элэг бүтэн гэр бүл дээр оршин тогтнодог. Алаг үрсийнхээ инээд хөөр, эрүүл энх өсч байгааг харах л эцэг, эх болсны дээдийн жаргал билээ. Энэ удаагийн “Гэр бүл” булангаараа “Гэр бүл”- ийн сургалтын төвийн багш Ц.Түвшинтөгстэй ярилцлаа.
-Гэр бүл зохиоход тохиромжтой нас гэж байдаг уу?
-Байлгүй яахав. 25 нас бол ид жигдэрсэн нас. Энэ насандаа гэр бүл зохиовол сэтгэл санаа бие махбодийн хувьд бүрэн бэлтгэгдсэн гэж үздэг. Эмэгтэй хүний хувьд 20 насанд боловсорч гүйцдэг. 20-35 насандаа 2-3 жилийн зайтай хүүхэд төрүүлвэл зохистой.
-Хүн болгон ирээдүйд ээж аав болдог. Залуу хүн болгон энэ үүргээ эртнээс ухамсарлах ёстой байх?
-Улс орны ирээдүй үр хүүхдээс эхэлдэг. Гэр бүлийн аз жаргал хүүхэд дээр л оршин тогтнодог шүү дээ. Тиймээс огт өөр мэргэжилтэй байсан ч гэртээ тодорхой хэмжээгээр багш бас эмч байх ёстой. Хүүхэддээ үлгэр дууриалал үзүүлж, бага насыг нь гэрэл гэгээтэй дурсамж дүүрэн өнгөрөөх хэрэгтэй.
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжлийг цэцэрлэг сургуульд даатгадаг болжээ. Хангалттай зөв хүмүүжлийг өгч чаддаг болов уу?
-Цаг үе өөрчлөгдөж хүмүүс боловсролын тогтолцоог илүүд үзэж байгаа ч цэцэрлэг, сургууль байгаагүй үед үр хүүхдээ өсгөөд болдог л байсан. Хүүхдийн суурь хүмүүжил сургууль цэцэрлэг гэхээсээ эцэг эхээс нь ихээхэн хамаардаг.
ХАЙРЫН ҮНЭ ЦЭНЭ ИТГЭЛ ДЭЭР ОРШДОГ
-Манай улсын хувьд гэр бүл төлөвлөлт хэр байна вэ?
-Залуусын хувьд гэр бүл төлөвлөлт хамгийн чухал. Төлөвлөлтгүй гэр бүл олон байна. Хэдэн насандаа гэр бүлийн амьдрал зохиож, хэзээ хүүхэдтэй болох вэ гээд эртнээс бодож төлөвлөх хэрэгтэй.
-Төлөвлөлт байхгүйгээс салалт их байна уу?
-Ямар ч төлөвлөгөөгүй гэр бүлийн амьдрал эцэст нь салалтаар дуусдаг. Гэр бүлийн сэтгэл зүй байхгүй гэсэн үг л дээ. Хүүхэд л хохироод үлддэг. Залуус хайр шохоорхол гэдгийг ялгадаг байгаасай. Хоромхон зуурын сэтгэл хөдлөл, анхны сэтгэгдлээрээ амьдралд битгий хандаасай. Чин сэтгэлийн хайр гэдэг сэтгэл зүрх харц харцаараа өөр өөрсдийгөө олоод учирдаг. Залуу насанд шохоорхож дурлах явдал байлгүй л яахав. Энэ бүхнийг ялгаад тунгаагаад өгөх нь цаг хугацаа юм даа.
-Хайр сэтгэлийн шалгуур нь цаг хугацаа гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Залуус гэр бүл зохиох гэж яараад хэрэггүй. Он жил, цаг хугацаа өнгөрөх тусам хайр сэтгэл тогтворжиж ариун нандин болдог. Бие биенээ ойлгож, сайн муугаа ярилцаж, нэг хүн шиг мэдэрч, бие сэтгэлийн хувьд тогтворжиж дуусаад, нэг насны минь хайр мөн юм гэсэн үедээ гэр бүл зохиох нь зүйтэй.
-Хайрын үнэ цэнэ нь юунд оршдог вэ. Хардалт байх ёстой юм уу?
-Хайр үнэнч нандин байх ёстой. Үнэ цэнэ нь итгэл дээр оршдог. Итгэл байхгүй бол амьдрал байхгүйтэй адил. Хүн болгон өөрийгөө харддаггүй. Үүнтэй адил биений чинь нөгөө тал болсон ханиа гэмгүй байхад нь хардана гэдэг утгагүй. Хар гэдэг нэг талын сэтгэцийн өвчин. Итгэл байхгүй болохоор л хардалт үүсч байгаа юм. Бие биедээ үнэнч байвал ийм асуудалтай тулгарахгүй.
-Хамгийн том өшөө авалт уучлал гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Залуу насанд алддаггүй, дандаа зөв гишгэнэ гэж байхгүй. Хүн юм чинь алдах эрхтэй. Хамгийн гол нь алдаагаа дахиад давтахгүй байх нь чухал. Ганцхан удаа гаргасан алдаанаас нь болоод хайр сэтгэл, хамтын амьдралдаа цэг тавина гэдэг дэндүү харамсмаар. Хүний хань гэдэг ямарч үед гарнаас нь тавилгүй жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаад, бие биенээ зөв залаад амьдрах ухаантай байх хэрэгтэй.
ЦУВЖ УУРЛАЖ ЦУГТАА ИНЭЭ
-Амьдралд олон асуудал тулгардаг. Тэсвэр тэвчээр шаарддаг. Маргалдах асуудал гардаг. Тулгамдсан асуудлаа ямар замаар хэрхэн шийдвэл зүгээр вэ?
-Хэрүүл маргаангүй амьдрал гэж юу байхав. Амьдрал үргэлж сайхнаараа байхгүй нь тодорхой. Хоёр тэс өөр орчинд өссөн, зан харьцааны хувьд ялгаатай хүмүүс хайр сэтгэлээрээ холбогдон гэр бүл болдог. Энэ үед тэвчээртэй байж асуудлаа ухаалгаар ярилцаж ойлголцоод бие биедээ буулт хийж өгдөг байх нь чухал. Ядахдаа л хэн хэндээ уучлаарай гэдэг үгийг хэлж чаддаг байх хэрэгтэй. Цувж уурлаад цугтаа инээ гэдэг сайхан үг байдаг даа.
-Мөнгөтэй хүнтэй л суучих юмсан гэсэн үг мэр сэр сонсогдох юм. Мөнгө гэдэг зүйл гэр бүлийн мөн чанар болох гээд байх шиг. Та ямар бодолтой байна?
-Амьдралд мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгөөр хайрыг, аз жаргалыг, халуун дулаан гэр бүлийг худалдаж авч чадахгүй. Харин аз жаргалтай элбэг дэлбэг амьдрахын тулд хамтдаа мөнгөн хуримтлалыг бий болгож болно. Бэрхшээлийг хамтдаа давж аз жаргалд хүрдэг. Амьдралын олон сорилтууд ирээдүйд давуу тал боломж болох нь бий.
-Монгол эмэгтэйчүүд эртнээс эр нөхрөө хүндэтгэж ирсэн. Харин сүүлийн үед жендерийн тэгш эрх гэж ярих болжээ?
-Эр хүн айл гэрийн ноён нуруу байдаг ч гэр бүлийн амьдрал арга билгийн шүтэлцээн дээр тогтдог. Жендерийн асуудал ярих нь зүйтэй гэж бодож байна. Монголчууд эмэгтэй хүний эрхийг хааж боож байсан түүх байхгүй. Чингисийн үед ч эрчүүд нь аян дайнд явахад эмэгтэйчүүд нь ар гэрээ даагаад үлддэг байсан. Монгол эмэгтэйчүүд хатан ухаантай. Тиймээс ар гэр битгий хэл улс орныхоо хөгжлийн төлөө эрчүүдтэй эн тэнцүү зүтгэж явна. Эрх мэдэл тэнцүү байж амьдрал тогтворждог.
-Гэр бүлийн хоёрын байр солигдоод байх шиг. Ийм үзэгдэл байж болох уу?
-Нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үйл хэрэг хэдий хэмжээгээр их болно төдий хэмжээгээр гэр бүлийн дотоод тогтолцоонд өөрчлөлт гардаг. Яагаад аав нь хүүхдээ цэцэрлэгээс авч, хоол хийж өгч болохгүй гэж. Заавал ээж нь юм угааж хоол хийнэ гэсэн хууль байхгүй шүү дээ.
Ч.Гантулга
ЗУУНЫ МЭДЭЭ