Багийн спортоор анх удаа тив дэлхийд Монгол Улсыг таниулж яваа тамирчид бол 3х3 сагсанбөмбөгийн тамирчид. Тэдний нэг болох Монголын сагсанбөмбөгийн 3Х3-ын шигшээ багийн тамирчин, Оюутны лигийн улирлын МVP, Ulaanbaatar Amazons багийн тамирчин Б.Ариунцэцэгтэй ярилцлаа.
–Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцаач, бэлтгэл сургуулилт хэр байна?
-Сонин сайхан гэвэл бэлтгэл л байна даа. Үндэсний дээд лиг эхлээд эхний тойрог дуусчихсан хоёрдугаар тойргийн тоглолтоо хийх гээд хүлээгээд, бэлтгэлээ өдөр шөнөгүй л хийж байна.
-Өрсөлдөөн ширүүн байна уу?
-Ер нь, өрсөлдөөн ширүүн байгаа. Багуудыг огт басаж болохгүй. Хоёрдугаар тойргоос илүү хүчирхэг орж ирэх байх.
-3х3-ын тамирчин байж байгаад дээд лигт тоглох ямархуу байна даа?
-Надад бол гоё байна. Эмэгтэй дээд лиг 20 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа гэсэн. Дээд лигийг эрэгтэй төрөлтэй хамт зохиож байгаа нь илүү сонирхолтой байна. Мөн эмэгтэй сагсанбөмбөгийг хөгжүүлж байгаа нь, шинээр баригдсан заал нь таалагдаж байна. Ер нь, НБА-ийн тоглогчид шиг өөрсдийгөө төсөөлж байгаа.
-Он гараад удаагүй байна. Түрүү жил өөрийн чинь хувьд олз, омогтой байсан шүү дээ. Яг ямархуу он болж өнгөрөв дөө?
-3х3-ын сүүлийн улирал нь оюутны дэлхийн аварга байсан юм. Тэр өдөр медаль аваад хамгийн мартахааргүй гоё өдөр байсан. Хамгийн сүүлийн тэр тэмцээн дуусаад л Үндэсний дээд лиг эхэлсэн дээ. Ер нь, 2022 онд туршлага болсон зүйл гэвэл илүү их бэлтгэл хийх юм байна, тэвчээртэй байх хэрэгтэй юм байна, урд байгаа даваануудыг давах хэрэгтэй гэдгийг сануулсан жил байлаа.

Багийн охидын хамт
-Багадаа хэр хөдөлгөөтэй байв. Спортод дуртай байв уу?
-Ах нартайгаа ноцолдоод нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Жоохон байхдаа хашаа даваад л эрэгтэй хүүхэд шиг л байсан даа. Бүх л юмыг ах нартайгаа хийж үзсэн. Сагсанбөмбөгт яагаад хайртай болсон гэхээр манай ах нар намайг хаяад гараад явчихдаг байсан юм. Би ганцаараа эмэгтэй. Дээрээ хоёр, гурван ахтай болохоор намайг хаяад явчихна. Тэгээд ээжийг дууд гэсээр байгаад ах нарыг авчирдаг байсан. Ер нь тэр хэдийг дагаж явсаар байгаад л сагсанбөмбөгт дуртай болсон.
-Анх олон улсын томоохон тэмцээнд оролцоход ямархуу байв?
-Монголд талбай дээр болсон U18-ийн дэлхийн аваргын тэмцээнд орохдоо их л сандарсан. Ямартай ч эхний нэг хоёр тоглолт дээр чичрээд яах учраа олохгүй нэлээд сандралтай байгаад байсан. Гурав дахь тоглолт гэхэд хоёр багтай тоглочихсон байгаа шүү дээ. Тэр үед л арай тайвширсан. Ер нь их сандралтай л даа. Одоо л арай гайгүй болж байгаа.
-Анхны тоглолтыг нь гэрийнхэн, найзууд нь үзээд юу гэж байсан бэ. Ах нар нь бөөн баяр болсон уу?
-Эхлээд бол тэгдэг байсан. Миний найз ёстой мундаг байсан шүү гээд надаар бахархаад л. Тэр үед дөнгөж сагсанбөмбөг сурч байсан, тийм сайн тоглодог ч байгаагүй. Гэхдээ тийм том тэмцээнд орсондоо баяртай байгаа. Намайг бага байхад сагс тоглуулдаггүй, эсэргүүцдэг байсан юм. Сүүлдээ тэмцээнд уралдаанд ороод дуртай болоод бэлтгэл сургуулилтаа таслахгүй яваад байсан чинь гэрийнхэн хүртэл миний охин мундаг байна. Хэцүү спортыг өөрийнхөө хэмжээнд тоглож байгаад нь бахархаж байна л гэж байсан.
-Хэдэн жил бэлтгэл хийгээд энэ тэмцээндээ орж байсан юм бэ?
-2017 онд 3х3-ын Азийн аваргын тэмцээнд явж байсан юм. Тэр тэмцээн дөнгөж эрх авах тэмцээн байсан байх аа. Тэр тэмцээнээс хойш нэг жил бэлтгэл хийгээд U18-ийн дэлхийн аваргад орсон юм байна.
-Жил тоглоод л дэлхийн аваргад орсон гэхээр угийн өгөгдөлтэй гэхэд болох уу?
-Манай гэрийнхнээс сагс тоглодог, спортоор хичээллэдэг хүн байхгүй. Гэхдээ би өөрийгөө цаанаасаа өгөгдөлтэй гэж боддог. Манай багш хүртэл чамд цаанаас чинь ургуулаад өгчихсөн авьяасыг гарга, чамд байна гээд байнга л хэлдэг. Ер нь, өгөгдөлтэй хүн/Инээв/.
-Гэр бүл, найзууд, багш, дасгалжуулагчид өөрийг чинь сагсанбөмбөг тоглодог, чаддаг гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байна. Өөрийн чинь хувьд хэзээ, хаана, яаж сагсанбөмбөгийг нэлээд сайн тоглодог, чаддаг гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байсан бэ?
-Тэрийг ойлгох гэж маш олон хэцүү давааг давсан. Шантрах үе ч байсан. Хамгийн их энэ спортоор явж чадах юм байна гэсэн үе бол оюутны лиг. Оюутны лигт тоглоод гурван жил бэлтгэл хийсний үр дүн. Тэр үе л сагсанбөмбөгийг би тоглож чадах юм байна, чамд авьяас, ур чадвар байна гэдгийг ойлгосон.
-MVP авснаас хойш гэсэн үг үү?
-Тийм.
-MVP авсан тоглолтынхоо талаар яривал?
-Тэр үед тийм ч их шагнал авсан мэдрэмж аваагүй гэх юм уу. Нэг тийм уйтгартай байсан. Тэр үед л тэгж санагдсан. Тэрнээс хамгийн сэтгэлд хүрсэн нь багаараа аварга авсан л байна. Миний MVP авах хамаагүй шүү дээ. Гэхдээ авах нь гоё л доо. Мөн улирлын MVP авсан. Миний хамгийн дурсамжтай жил гэвэл сая сургуулиа төгсдөг жил л байна.

-Ямар мэргэжлээр төгссөн бэ?
-Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйчээр төгссөн.
-Яагаад эрхзүйчийг сонгосон юм бэ?
-Би уг нь цагдаагийн академид цагдаа болох гэж байсан юм. Тэгээд яах вэ, сагсаа тоглож чадахгүй. Нягтлан бодогч, банк санхүүгээр явах сонирхолгүй байсан юм. Ер нь л цагдаа болох байсан. Тэгээд хуулийн мэргэжил сонгоё гээд л сонгосон.
-Үндэсний шигшээ багт багтаж, олимпын бэлтгэлд хамт гарсан шүү дээ. Олимпын бэлтгэл хэр байв?
-Бэлтгэл нэлээд чанга. Гэхдээ би олимпын бэлтгэл хийж байхад бэртэл аваад больчихсон. Гэхдээ чангын хувьд чанга. Өдөрт гурван бэлтгэл хийдэг. Унтаж сэрээд бэлтгэл, унтаж сэрээд бэлтгэл, хоолоо идээд бэлтгэл, хоолоо идээд бэлтгэл гээд. Нэг тиймэрхүү байдаг байсан. Яаж эгч нар тэр чанга бэлтгэлийг давсан юм бол бахархаж байна аа.
-Бэртэл ,гэмтэлд хэр их өртдөг вэ?
-Би ер нь өртөмтгий. Ямартай хоёр хөлийнхөө нэг шагайг байнга л гишгэдэг. Тэрнээсээ хамгаалах гээд сайн л юм хийдэг.
-Сагсанбөмбөг хөгжсөн АНУ, Аргентин зэрэг улсын тамирчидтай тоглох ямархуу байна, ялгаа гарч байна уу?
-Ижилхэн л хүмүүс шүү дээ. Ялгараад байх юм байхгүй. Тэдгээрийг бодвол бэлтгэл сургуулилт бага хийсэн байх, хожуу сагс тоглосон байх. Нэг их дутаад байх юм байхгүй. Бие бялдар, хүчээр л дутаж магадгүй. Тэрнээс өөрөө өөртөө шантарсан үедээ багшийн хэлдэг зүгээр л та нартай адилхан хүн гэдэг үгийг хэлж зоригждог.
-Хамгийн азгүй ч гэх юм уу, харамсалтай хожигдол хаана байв?
-Сүүлд 3х3 сагсанбөмбөгийн U23-ийн дэлхийн аваргаар Японыг хожих байсан юм. Тэр тоглолт дээр харамсаж байсан. Тухайн тоглолт дээр нэлээд муу тоглосон. Манай баг хоёр нь тоглоод, хоёр нь тоглолт нь орохгүй тааруу байсан болохоор хожигдсон. Японыг хожчихсон байсан бол хэсгээсэээ гараад илүү байх байсан юм. Тэр үед яагаад миний тоглолт ороогүй юм бэ гэж дотроо маш их өөрийгөө буруутгасан /инээв/.
-Тэгвэл хамгийн азтай болон ширүүн тоглолт нь?
-2021 онд хөл хорионы үеэр Египтэд U23-ийн National League гээд тэмцээн болсон юм. Тэр үед хожил, хожигдлоороо Египетэд гурван хожилтой, манайх хоёр хожигдолтой байсан юм. Тэмцээний хамгийн сүүлийн тоглолт дээр манай багийн О.Хулан өөр тэмцээнтэй давхцаад явасан байсан. Манай баг зургаан гишүүнтэй явж байсан болохоор тавуулаа үлдээд, дөрөв нь орж байсан юм. Тэгээд Минжин эгч оноо 19:19 байхад баззер хийдэг тоглолт л их дурсамжтай, мартахааргүй байсан даа. Гэхдээ яривал зөндөө байгаа.
-Тамирчид 30 гаруй настай болоод ирэхэд спортоосоо хөндийрдөг шүү дээ. Чиний хувьд хэдийгээр хөндийрөхөөр байна. Бодол бий юу?
–Одоохондоо сагсаа хаях бодолгүй. Сагсанбөмбөгөө хаях ямар ч боломжгүй. Яагаад ч хаяж чадахгүй байх. Амьдралаа бодох хугацааг бол мэдэхгүй байна. Тэр өдрийг тэнгэр мэдэг.
-Шантраад болимоор санагддаг үе бий юу?
-Байнга шүү дээ. Ер нь байнга их ачаалал аваад, өөрийгөө ядарсан гэдгээ мэдээд байдаг юм. Ядарсан үедээ байнга больё, Ариукаа сагсаа тоглохоо больё гэж өөртөө хэлдэг. Гэрийнхэндээ хэлэхээр чи больж чадахгүй ээ гэдэг. Хамгийн их шантарсан үе гэвэл U23-ийн дэлхийн аваргад явах гээд Хандгайт явж бэлтгэл хийх үе. Маш их гүйлгээд л. Тэр үед ядарчихсан, сульдчихсан “больё, ингэж шантарч байгаа юм чинь ер нь боль” гээд өөртөө хэлж байгаад гүйж дуусаад урд байсан, шантраад байсан хүнд даваагаа давчихсан болохоор болихооргүй юм байна гэж өөртэйгөө их ярьдаг байсан.
-Тамирчдад үлгэр дуурайл авдаг тамирчин байдаг шүү дээ. Өөрийн чинь хувьд хэнээс үлгэр дуурайл авч, дэмждэг вэ?
-Хамгийн анх тэмцээнд ороод хамгийн их харж байсан хүн бол Болор-Эрдэнэ гээд эгч. Анх хараад тэр эгчийг дуурайж их тоглодог байсан. Эрэгтэй гэвэл НБА-ээс байна. Монголоос биш /инээв/. Лука Дончич, Стефен Карри хоёрыг дэмждэг. Ер нь гоё тоглогчид. Гэхдээ Кайри Ирвинг өмсдөг. Энэ гэхдээ бэлэгнийх.
-Ойрын болон холын зорилго юу байна вэ?
-Ойрын гэвэл багаараа дээд лигийн аварга болно гэсэн зорилго тавьсан байгаа. Холынх гэвэл 3×3-ийн U23-ийн дэлхийн аварга болох. Гэхдээ цаашаа ар араасаа байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
http://itoim.mn/article/DnYiC/36251