“Tulgatan”, “Hulegu” пикчерс хамтран бүтээсэн “Амьдралын урт замд” кино сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж буй. Тиймээс уг кинонд эгчийн дүрийг амилуулсан залуу жүжигчин Б.Замилантай ярилцлаа. Уншигчид түүнийг “Говийн домог” киноны Эгээрэл гүнжийн дүрээр илүүтэй таних бизээ.
-Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангийг төгссөн гэсэн. ХБК-ийн сурагч Замилангийн өдрүүд хэрхэн өнгөрдөг байв?
-Хөгжим бүжгийн коллежийнхны өдөр тутмын амьдрал ер нь л тодорхой. Ерөнхий эрдмийн хичээлдээ явна, дараа нь мэргэжлийн хичээлдээ сууна. Хичээлээ тарсны дараагаар мэргэжлээ давтах гэсэн маршруттай л өнгөрдөг.
-СУИС-ийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн гэсэн. Яагаад заавал жүжигчний мэргэжил сонгосон юм бэ?
-Би яагаад ч юм камерын урд гарах их дуртай хүүхэд байсан. Үүнийгээ дагаад кинонд дуртай болсон байх. Өөрийгөө чадах болов уу гэж их эргэлздэг байсан ч зориглоод СУИС-д орсон.
-Урлагийн салбарт ажилладаг хүн бүр л хүүхдээ энэ замаар явуулахаас цааргалдаг. Аав ээж тань таны шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж маань урлагийн хүмүүс байдаг. Тийм ч болохоор намайг их ойлгож дэмждэг. Хамгийн сайн дэмждэг, бас миний алдаа дутагдлыг хамгийн сайн хэлдэг хүмүүс байдаг. Хамгийн том шүүгч гэх юм уу даа. Аав, ээжид таалагдсан бол маш өндөр авсантай адилхан.
-Таныг анх олонд таниулсан дүр бол “Говийн домог” киноны Эгээрэл гүнжийн дүр. Уг киноны дууг ч мөн дуулсан. Багагүй хугацаанд зураг авалт үргэлжилсэн. Та ер нь энэ кинонд ажилласнаараа юу авч үлдсэн бэ?
-“Говийн домог” кино одоо миний овог болсон гэхэд болно доо. Хэрвээ энэ кинонд тоглоогүй байсан бол бүх зүйл өөр байсан байх байсан байх. Кино яаж хийгддэгийг ч мэдэхгүй, нэгдүгээр курсын жаахан хүүхэд том далайд шууд ороод ирчихсэнтэй адилхан байсан. Гэхдээ тэр хэрээр би маш их зүйл сурсан. Жүжигчний ур чадвараас гадна хувь хүний тал дээр ч надад маш том сургалт болсон.
-Дэлгэцийн уран бүтээл дээр түлхүү ажиллаж байна. Тайзнаа гарах санал ирвэл хүлээж авах уу?
-Мэдээж тийм боломж гарвал өөрийгөө дайчлан ажиллах болно. Бүх л жүжигчдийн хувьд тайз бол мөрөөдөл шүү дээ.
-Таны ээж Д.Энхгэрэл Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Мөн сайн бүжигчин, бүжиг дэглээчид зүй ёсоор нэрлэгдэнэ. Таны хувьд ээжийнхээ ямар зангаас илүү их үлгэр дуурайлал авдаг вэ?
-Ээж маань миний хувьд бүх л талаараа хамгийн том үлгэр жишээ. Ээжийгээ би бүжиглэх гэж төрсөн хүн гэж боддог. Заримдаа ээж шигээ мундаг байж чадахгүй байгаадаа сэтгэлээр унадаг. Гэхдээ ээж минь намайг “Үргэлж өөрийнхөөрөө бай” гэж хэлдэг. Хүн бүхэн төгс байх албагүй. Гэхдээ өөрийг чинь хамгийн их аз жаргалтай болгодог зүйлээ зоригтой хийх хэрэгтэй.
-Та ээжийнхээ бүжиглэх авьяасыг хэр их өвлөсөн бэ?
-Би аав, ээжийнхээ гоё сайхан чанар, авьяас чадварыг багахан ч болов өвлөж авсан гэж боддог.
-Ээжийнхээ бүтээлүүдээс та аль бүтээлд нь хамгийн их хайртай вэ?
-Ээжийн маань дэглэсэн маш олон гоё бүтээлүүд байдаг. Олон гоё бүжиг байдаг болохоор бүгдэд нь дуртай. Гэхдээ ээжийн анхны бүжгэн жүжиг болох “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг онцолмоор байна. Бүжгэн жүжиг нь энгийн нэг бүжгийн үзүүлбэрүүдийн нийлбэр биш болохоор дэглээчээс маш их ур ухаан, ур чадвар шаарддаг. Тийм болохоор ээжийнхээ анхны бүжгэн жүжигт хамгийн их хайртай.
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8. Замилан энэ баяраар ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Би яг үнэндээ ээжийгээ үргэлж баярлуулаад байж чаддаггүй л дээ. Гэхдээ өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ аав, ээжийгээ баярлуулахыг хичээдэг.
-“Амьдралын урт замд” хэмээх таны тоглосон бүтээл саяхан мэндэллээ. Энэ бүтээлд тоглох болсон түүхээ хуваалцвал. Ямар дүр дээр ажилласан бэ?
-Энэхүү киноны Оюуны залуу насны дүр дээр ажилласан. Оюуны дүр дээр шалгаруулалт өгөөд найруулагч маань намайг “Болно” гэвэл кинонд ажиллана гэдгээ итгэлтэйгээр хэлсэн. Киноны ерөнхий найруулагч С.Баттулга ах маань энэ дүрд намайг тохирно гэж итгэл хүлээлгэн энэ кинонд ажиллуулсанд маш их баярлаж байгаа. Зохиолоос эхлээд найруулга, кино баг гээд эхнээсээ дуустал хайр шингэсэн бүтээл болсон гэж боддог. Анх зохиол уншаад л нулимс асгарч байж билээ.
-“Амьдралын урт замд” бүтээлд үзэгчид чамгүй үнэлгээ өгч байна. Танд харин ямар магтаал, урмын үгс ирж байна вэ?
-Үзэгчдийн маань сэтгэгдэл өндөр байгаад маш их баяртай байгаа. Бас урмын, магтаалын үгс зөндөө их ирж байна. Магтаал, зэмлэлийг зэрэг дааж яв гэдэг дээ. Магтаалыг ухаантайгаар дааж явна аа.
-Энэ кинонд хамтран ажилласан уран бүтээлчдээс юу авч үлдэв. Өмнөх кино багуудаас юугаараа ялгаатай байв. Арын алба, зураг авалт, зохион байгуулалт, хамтран ажилласан уран бүтээлчид гэх зэрэг?
-“Боловсрол” телевизийн хамт олон маань маш найрсаг, халуун дулаан хамт олон байсан. Өмнө нь ажиллаж байсан гоё, гоё баг хамт олон байгаа. Гэхдээ бүгд өөр өөрсдийн арга барилаар өөр өөрсдийн онцлогтой ажилладаг. Шинэ хамт олонтой ажиллаж үзэх нь үргэлж шинэ хаалга нээж байгаа юм шиг байдаг.
-Үзэгчдийн ихэнх нь “Ухаарал хайрласан бүтээл байна. Маш их уйллаа” гэсэн байсан. Өөрөө киногоо үзээд уйлсан уу?
-Би анх зохиолоо уншиж үзээд л уйлсан. Бас ийм гоё дүр дээр чадахаараа хичээж ажиллах ёстой гэж бодсон доо.
-“Амьдралын урт замд” кинонд сайн биш аавын тухай гардаг. Гэтэл бодит амьдрал дээрх таны аав бол тэс өөр хүн шиг санагдсан л даа. Та аавынхаа тухай ярихгүй юу. Урлагийн хүн байдаг гэж сонссон?
-Миний аав охидууддаа супермен л гэсэн үг. Манайх ээжийг оролцуулаад дөрвөн охинтой айл. Бид нар бүгд л аавдаа эрхэлж өссөн. Охидуудын хувьд аав нь, хөвгүүдийн хувьд ээж нь анхны хайр нь байдаг гэдэг дээ. Манай кинон дээр гардаг аав шиг аавууд битгий байгаасай гэж их хүсдэг. Харамсалтай нь бодит амьдрал дээр ийм аавууд ч байгаа, ийм ээжүүд ч байгаа. Хүүхэд гэдэг тоглоом биш шүү дээ. Хүүхэд бол хэнд ч, ямар ч өргүй. Тэд аюулгүй амьдрах ёстой.
-Зураг авалтын хамгийн хэцүү хэсэг нь ямар хэсэг байсан бэ?
-“Амьдралын урт замд” киноны маань зураг авалт хамгийн хэцүү хэсгээс эхэлсэн. Ах хүний дүү нараа гэсэн сэтгэл, амьдралын хүнд хэцүүг ганцхан өөрийнхөө нуруун дээр үүрч, өөрийнхөө боломжуудыг дүүдээ өгч байгаа ахыгаа харж байгаа Оюуны сэтгэлзүйг мэдрэх хамгийн хүнд байсан.
-Ерөнхий найруулагч С.Баттулгын хувьд сүүлийн үед хит болж буй кинонуудын найруулагчаар ажиллаж байна. Түүний арга барилын талаар хуваалцвал?
-С.Баттулга ах маань зураг авалтын дундуур нулимсаа арчаад суудаг, тийм л зөөлөн хүн. Арын багийнхан, жүжигчид гээд бүх хүнд санаа тавьдаг. Бүгд өөр өөрсдийн тус тусын ажлаа хийж байгаа ч гэсэн нэг хамт олон, нэг гэр бүл шиг хандаж багийг маш гоё халуун, дулаан уур амьсгалтай болгож чаддаг найруулагч.
-“Амьдралын урт замд” тоглосны дараагаар аав, ээж нь ямар урмын үгээр шагнав?
-Манай аав, ээж, эмээ, өвөө ах эгч гээд бүгд киног маань үзсэн байна лээ. Аав, ээж маань кино үзээд нулимсаа арчиж байхыг нь хараад сэтгэлд нь хүрч дээ гэж бодоод баярласан. Jason ахыг ёстой мундаг залуу байна гээд л магтаад байсан. Харин надад “Гоё байна. Миний охин” гэдгээс өөр үг хэлээгүй.
-Замилангийн хувьд аав, ээжийгээ хамгийн их баярлуулж байсан мөч хэзээ вэ?
-Аав, ээжийгээ хамгийн их баярлуулсан мөч гэвэл “Говийн домог” киноны нээлтээр л юм уу даа. Охиноо анх удаа өргөн дэлгэцээр үзээд суух их сонин байсан байх. Бас миний өмнөөс их сандарцгаасан.
-Таны өөртөө байнга хэлдэг үг, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Миний хувьд баримталдаг зарчим гэхээсээ илүү дотоод хүнээ л сонсох гэж их хичээдэг. Өөрийнхөө юу хүсэж байгааг ойлгохгүй, гарах гарцгүй юм шиг санагдсан хүнд хэцүү үед өөрийгөө сонсох их чухал байдаг юм байна лээ. Яагаад гэвэл хариулт нь тэр дотор байдаг. Хэцүү сонголтын өмнө ирээд шийдэж чадахгүй бол өөрийн дотор байгаа өөрөөсөө асуугаарай гэж хэлмээр байна.
http://eagle.mn/r/111873?fbclid=IwAR0WuFViez5-J04Dz4U7Ycl5k7mnbl_lciB0KmKhd-JKaQ7UzQGI2aK1CD0