Сүүлийн үед нэгээс хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд цус багадалтаар өвчлөх нь ихэсчээ.
Энэ талаар Клиникийн профессор АУ-ны магистр, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Х.Цэрэндэжидээс тодруулахад, “Аймаг сум, дүүрэг, хороогоор нь гаргасан тодорхой статистик судалгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ насны хүүхдүүд тураал, цус багадалт зэргээр өвчлөх нь цөөнгүй байдаг. Цус багадалт нь эдгэрдэг өвчин. Хамгийн гол нь хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөрөө хооллох хэрэгтэй. Үүний дараагаар нэмэгдэл хоолонд оруулах юм бол ийм эмгэг тусгахгүйгээр хүүхдээ өсгөж болно. Өөрөөр хэлбэл зөв хооллох дэглэмийг зайлшгүй баримтлах нь чухал” гэв.
Түүнчлэн эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа үедээ сэтгэл санаа тогтвортой байдаг бөгөөд амин дэмээр баялаг, илчлэг ихтэй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх шаардлагатай юм байна.
Мөн хүүхдийг хөхнөөс нь аажмаар гаргавал зохистой аж. Учир нь гэнэт хөхнөөс гаргавал тэд таагүй хүлээж авдгийг анхаарах хэрэгтэй. Өдөр бүр тогтмол таван удаа хооллох бөгөөд нэг удаад ойролцоогоор 250-300 мл хоол өгөх ёстой гэнэ.
Хүүхдийнхээ биеийн өсөлт, бойжилтыг байнга хянаж тэжээлийн бодисоор баялаг хөнгөн зууш өгвөл сайн. Ялангуяа өдөр бүр нэг аяга сүү эсвэл тараг өгч хэвших нь хүүхдэд шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг нөхөж, өсөлтөд нөлөөлдөг байна.
Хоолны дуршил багатай хүүхдийг гаднаас харахад үеийнхнээсээ биеэр жижиг, намхан, туранхай ядрамтгай, орчин тойрондоо дасах чадваргүй, хөдөлгөөний идэвхгүй, нүд, үсний өнгө нь бүрсгэр, арьс нь хуурай, өнгөө алдсан байдаг гэнэ.
www.emch.mn