Хар багаасаа нөхөрлөсөн, эрчүүдийн хэлдгээр шороо идэж өссөн андууд атлаа нэг л өдөр огт өөр хүмүүсийн хүрээлэлд орчихсон юм шиг мэдрэмж төрж байсан уу? Яагаад тэднийг танихгүй хүмүүс юм шиг мэдэрсэн шалтгаанаа олж, хамгийн нандин хүмүүстэйгээ хэвийн харилцаандаа эргэн ороорой.
Чамайг найз залуутай болсон үед: Юуны түрүүнд та нар маш гоё найзууд гэдгийг хэлэх хэрэгтэй. Бусад хүмүүсийн толгойны өвчин болсон атаа жөтөө, шунал, нэг нэгэн рүүгээ хашгичдаг хэрүүл гэх мэт зохисгүй үйлдлүүд олон жил үргэлжилсэн нөхөрлөлд чинь бараг л байгаагүй. Гэхдээ чамд үнэхээр их таалагддаг, мөрөөдлийн залуу чинь гарч ирээд чамайг хайранд умбуулж эхлэхэд найзууд гэнэт өөр хүмүүс шиг аяглаж эхэлсэн. Найзуудын уулзалтанд ирэхгүй байна, бидэнд цаг зав гаргахгүй байна зэргээр тэднийг үг хаяхад “Намайг аз жаргалтай байхад яагаад тэд баяртай байхгүй байгаа юм бол” гэж бодогддог. Яг үнэндээ найзууд чинь чамайг аз жаргалтай байхад баярлахгүй байгаа биш харин нэг залууг нөхөрлөлөөсөө дээгүүрт тавиад, биднийг орхичих вий гэсэн айдастай байгаад л оршдог. Харамын сэтгэл гэх үү дээ. Чамд ямар сайхан байгааг ойлгож байна л даа, гэхдээ найзуудыгаа хайр дурлалаар умбасан өдрүүдийнхээ завсарт шингээж явахаа мартуузай.
Чамайг найз залуугаасаа салсан үед: Чиний хувьд тэнгэр нурчихтай адилхан хэцүү зүйл тохиолдчихоод байхад найзууд чинь огт өөр хүмүүс юм шиг санагдаж эхэлдэг. Чамайг сэтгэлээ онгойтол хэдэн өдөр ч хамаагүй ярьж, түүний тухай түмэн янзын бодлоо гаргаж хэлмээр байхад “Одоо тэгээд яахав дээ” маягаар хандаж байгаа найзууддаа голдоо ортол гомдох нь бий. Эсвэл сэтгэл засах урмын үг хэлсэнгүйд нь гайхдаг. Гэтэл найзууд чинь чамайг хүнд хаягдсан гээд өрөвдөж, нулимас урсган, гашуудалд очсон юм шиг уруу царайлахын оронд зүгээр л арай өөр өнцгөөс хандсаных байдаг. Хичнээн хүнд байсан ч гэлээ “Том болсон бид нар шиг охидууд иймэрхүү зүйлийг өөрсдөө шийдчихэж чадна” гэдэг ухамсартай болсон байдаг учир намайг хэн ч ойлгодоггүй гэж бодохын оронд эрч хүч, баяр баясал өгөх өөр зүйлсэд анхаарлаа хандуул. Зөвхөн хүмүүс л амьдрах итгэл, хөгжилтэй байдал, ухаантай зөвлөгөө өгдөггүй юм шүү дээ. Хүмүүсийн өгч чадахгүй байгаа зүйлсийг байгаль ертөнц гэдэг энергийн сав шим уурхайгаас хангалттай хэмжээгээрээ авч болно.
Гайхалтай санааг чинь дэмжихгүй үед: Энэ олон жил та нар өөрсдийнхөө замаар л амьдарч ирсэн. Гэхдээ чамайг арай өөр амьдралтай болъё, бизнес эхлүүлэе, гадаад явья гэх мэт өөрт төрсөн шинэлэг санаагаа хамгийн дотны хүмүүстээ анхлан хэлэхэд тэд тийм ч эерэгээр хүлээж авахгүй үед яах вэ? Намайг дэмжихгүй байна гэж бодохын оронд найзууд чинь яагаад шууд зөвшөөрөхгүй байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Чиний гаргасан гайхамшигтай санааг хэрэгжүүлэхэд үнэхээр ямар нэг зүйл дутаж байж болно. Түүнийг найзууд чинь чамайг шархлуулахгүйн тулд гаргаж хэлэхгүй азнаад байгаа ч юм билүү?
Ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн үед : Өөр орчинд орж, шинэ хүмүүстэй танилцаж, амьдралыг арай өргөнөөр харж эхлэхэд урьд нь байсан нөхцөл байдал, дотны найзуудтайгаа зөрчилдөж эхлэх үе байдаг. Түүнтэй адилхан зүгээр л бөөнөөрөө тойрч суугаад ярилцаж байхад өмнө нь яаж болоод байсан юм бол гэж гайхан, шинээр танилцсан, амьдралыг “өөрөөр” хардаг хүмүүстэйгээ хамт байсан ч болоосой гэж хүсэх ч бас түр зуурынх л байдаг. Яагаад гэвэл энэ дэлхий дээр чиний бүх боломжинд тохирох төгс найз гэж хаана ч байхгүй болоод л тэр. Тиймээс найзуудыгаа огт өөр хүмүүс гэж үзэн, өөрийгөө түгжихийн оронд “Заримдаа тэд өөр байх нь бий, тэр болгонд би сэтгэлээр унахгүй” гэж бодож заншаарай. Хүн болгонд өөр өөрийн давуу тал онцлог бий. Хуучин найзуудыгаа бүү дутуу үнэл.
Ам зөрөлдөх үед : Хэрүүлийг үүсгэсэн үндсэн шалтгаан нь юу ч байлаа гэсэн “Та нар угаасаа л өөр болчихсон ш дээ”, “Намайг ер нь хэн ойлгож байсан юм” гэх мэтчилэн хэзээ ч зүрхнээс гардаггүй муухай үгсийг бүү хэлээрэй. “Давтагдашгүй сайн найздаа мартагдашгүй муу үгийг бүү хэл” гэдэг биш билүү? Багаасаа найзалж нөхөрлөсөн хэдий ч амьдралын шаардлагаар урьдныхаасаа цөөн уулздаг болчихсон болохоор бие биенээсээ уучлалт гуйх, сэтгэлээ онгойтол ярьж суух цаг зав бага болсон байдаг. “Угаасаа өөр санагддаг болчихсон” гээд үүрд эвлэрэхгүй хүмүүс шиг үгсийг хэлж, түрхэн зуурын сэтгэл хөдлөлөө гаргах хэрэггүй. Ямар эрчүүд шиг нэгнээ цохиж авчихаад уучлалт ч гуйлгүй ойлголцчихдог биш дээ?
Дээрх тохиолдлуудаас ч өөр олон зүйл дээр найзууд чинь огт танихгүй хүмүүс шиг санагдах үе бий. Тэр болгонд туйлширч, “Эмэгтэйчүүдийн нөхөрлөл хэврэг” гэж бодох гээд хэрэггүй. Бат бөх байлгая гэвэл бид хэнээс ч илүү сайн байж чадна. Гагцхүү тэднийг мэддэг гэдэгтээ итгэж, үргэлж эерэг зөв сэтгэлтэй байгаагүйг нь уучилж байвал сэтгэл зүрхнийхээ гүнд өнөөх цуг дээсддэг байсан бяцхан охидууд хэвээрээ л байгаа шүү дээ.
Гоолингоо