Сүүлийн жилүүдэд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн асуудлууд нийгэмд нэлээдгүй шуугиан тарьж байна. Хамгийн ихээр ажиглагдаж, яригддаг сэдэв бол хойд аав эсвэл ээж нь дагавар хүүхдээ хүчирхийлсэн талаарх мэдээлэл юм.
Гэвч эдгээр мэдээллүүдийн ард шинээр амьдрал зохиосон эсвэл ганц бие хүүхэдтэй ээж аавууд түүний гэр бүл хамгийн ихээр сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртдөг байна.
Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан тоон мэдээллээр 2019-2021 оны хооронд 10.969 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Үүнээс далдуур хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулаагүй ч тусдаа амьдарч байгаа олон гэр бүл бий.
Нийт гэрлэлтийн 20 гаруй хувь нь буюу таван гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулдаг аж. Тэдгээр гэр бүлийг дунджаар 1-2 хүүхэдтэй гэж тооцоолбол жилд 10,000 орчим хүүхэд эцэг эхийнхээ хамтын амьдралд өсөж, торних боломжоо алдаж байна. Салалтаас хамгийн том хохирлыг амсдаг хүмүүс бол хүүхдүүд. Нөгөө хойд аав, ээж гэх тодотголтой хүмүүсийн нийгмийн статусыг хөндөж байна.
Хүчирхийллийн тухай мэдээлэл цацагдсаны дагавар хүүхэдтэй хосуудын хооронд сэтгэлзүйн хямрал, ан цав үүсэх, ганц бие хүмүүс дахин гэрлэхээс айх зэрэг олон сөрөг асуудал үүсдэг байна.
“Дагавар хүүхдээ төрсөн ээж, ааваас нь илүү хайрладаг хойд эцэг, эх олон байгаа”
Сэтгэл зүйч Я.Батхүү: “Энэ тохиолдолд олон хүмүүс хойд аав, ээж нь миний хүүхдийг хүчирхийлэх вий? гэсэн айдас мэдэрч байгаа. Дагавар хүүхдээ төрсөн ээж, ааваас нь илүү хайрладаг хойд эцэг, эх олон байгаа. Нийгэмд муу мэдээлэл явлаа гээд тэр хүмүүсийн хүүхдээ хайрлах хайр өөрчлөгдөхгүй. Угаас өөрт нь үлдсэн хүмүүжил, зан араншин өөрчлөгдөнө гэж байхгүй.
Харин хүүхдийн төрсөн ээж, аав, эмээ, өвөө гэх мэт гэр бүлийн хүрээлэл маш их айдастай болдог. Миний хүүхдийг зодчих вий дээ? Далдуур ийм эрсдэл үүсдэг бол яах вэ? Итгэж болох хүн мөн үү? гэсэн маш олон асуулт санаа зовнилыг үүсгэдэг” гэлээ.
Сэтгэл зүйч Н.Хулан: “Ийм мэдээллээс болж дан ганц гэр бүл болсон хүмүүс хямардаггүй. Ганц бие ээж, аавууд ч бас дахиж гэрлэхээс айдаг.
Нэгэнт нийгмийн мэдээллээс болж өөртөө айдас, түгшилт үүсгэж эхэлсэн бол бодит байдал хийсвэр бодол хоёрыг ялгах дасгалыг эрүүл ухаанаар тархиндаа хийх хэрэгтэй. Үнэхээр энэ хүн муухай аашилж байна уу? Хайрлахгүй байгаа билүү? гээд тархиндаа бодит байдлыг ойлгуулах ёстой.
Жишээ нь, нэг эмэгтэйн араас нь хүн дагаж аюултай байдалд оржээ гэдэг мэдээллийг харсан эмэгтэй хийсвэр айдсыг өөртөө үүсгэж гадуур гарч чадахаа больдог. Энэ үед сэтгэл зүйч бодит байдал бодол хоёрыг ялгаж өгдөг.
Хэрвээ үнэхээр хойд аав нь хүүхэдтэйгээ муухай харьцаж байгаа мэт санагдаж, гэр бүлийн харьцаанд энэ айдас нөлөөлж эхэлбэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй” гэв.