
“Луна-25” автомат станц Сарны гадаргуу дээр унаж сүйрсэн тухай ОХУ-ын “Роскосмос” корпорац ням гарагт мэдэгдлээ. Наймдугаар сарын 19-ний өдөр буюу бямба гарагт газардахын өмнөх тойрог замд станцыг оруулахын тулд импульс өгөхөөр төлөвлөж байсан бөгөөд Москвагийн цагаар 14:57 цагт “Луна-25”-тай холбоо тасарсан байна. Бямба, ням гарагуудад аппаратыг хайх, холбоо тогтоох оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ.
Урьдчилсан дүгнэлтээс үзвэл, импульсын бодит үзүүлэлтүүд тооцоолсноос зөрсний улмаас “Луна-25” станц тооцоолоогүй тойрог замд орж, Сарны гадаргуутай мөргөлдөн сүйрсэн гэж “Роскосмос” мэдээллээ. Сарны гадаргуугаас 100 км-ийн өндөрт орших тойрог замаар нисэж байсан сансрын аппарат Саран дээр газардахын өмнө 18 км-ийн нам тойрог замд орох ёстой байжээ.
Сүйрлийн шалтгааныг тогтоохоор яам, газар хоорондын тусгай комисс ажиллаж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг