Зах зээлд өндөр үнэтэй, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн сонгох хандлага давамгайлж байна.
Олон улсад гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд одоогийнхоос 48 хувиар өсөж, 426.8 тэрбум ам.доллар хүрнэ гэж “L’Oréal” компанийн Гүйцэтгэх Захирал Николас Хиеронимус таамаглаж байна.
Тэрбээр “L’Oréal” компанид 40 орчим жил ажилласан туршлагатай ба энэ хугацаанд гоо сайхны салбар эрс өөрчлөгдсөн болохыг онцолжээ. Ялангуяа цахим худалдаа, олон нийтийн сүлжээ гарааны бизнес эрхлэгчдэд зах зээлд нэвтрэх сорилтыг багасгасан байна. Мөн дерматологийн салбар анхаарлын төвд орж, илүү олон эрэгтэй хүн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болсныг тодотгосон аж.
Үүнээс гадна дундаж давхаргынхан илүү өндөр үнэтэй ч чанартай бүтээгдэхүүн авах хандлага давамгайлах болсныг онцолж байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ эмэгтэйчүүд, залуусаар хязгаарлагдахгүй болсон нь зах зээлийн өсөлтөд голлон нөлөөлнө гэж дүгнэсэн байна.