Зөгий, Шоргоолж, Хүн гурав чухам юугаараа адил вэ?
Хэрэв 10 жилийн өмнө та энэ асуултыг эрдэмтдээс асуусан бол тэдэнд хариулахад нэлээд хэцүү байсан байх. Харин одоо бол зөгий, шоргоолж болон хүмүүс биднийг адилтгах нэгэн зүйл бий болсныг бидний олонх анзаараагүй л явцгааж байна. Хэрэв та зөгийн үүрний орчим явж байгаад санаандгүйгээр тэдний нэгийг цохиод алчихвал удалгүй тэр бүлийн бүх зөгий тань руу дайрч ирэх магадлал тун өндөр. Тэд чухам бүгдээрээ ХАМТАРЧ дайрахаа яаж мэддэг юм бэ? Эсвэл дайрахаа БҮГД гэнэт болихоо?
Энэ талаар маш сонирхолтой мэдлэгийг та Интернэтээс олныг олж уншиж болно. Үүнтэй адил олон асуултад эрдэмтэд нэг л хариулт өгдөг. Яагаад зөгийнүүд ХАМТРАХАА их сайн мэддэг вэ гэвэл, тэд ХАМТЫН интеллекттэй амьтад. Зүйрлэж хэлбэл, зөгий бүр тус тусдаа интеллекттэй гэхээсээ илүү зөгийн бүл бүр өөрийн нэгдсэн интеллекттэй гэсэн үг. Тэд зөвхөн хамтдаа “сэтгэж”, хамтаараа нэг том амьтан шиг аашилдаг. Шоргоолж ч мөн адил хамтын интеллекттэй. Бүл доторх шоргоолж бүр бусдынхаа өмнө өөрийн хариуцсан үүрэгтэй, түүнийгээ ягштал мөрдөж, аль нэг нь үхвэл нөгөө нь түүний үүргийг шуурхай нөхөн гүйцэтгэж эхэлдэг. Тэд нэг “дохиогоор” ажиллаж амьдардаг.
Ямар дохио гэж? Хэн тэр дохиог өгдөг гэж? … Хэн ч, эсвэл тэдний аль нь ч тэр дохиог өгдөггүй. Тэд бүгдээрээ ХАМТЫН (НЭГДМЭЛ) интеллектдээ захирагддаг. Хэрвээ ХАМТЫН интеллект нь сүргийн амьтан бүр өөрийн тусгаар интеллектэй байхаас илүү хөгжсөн байгалийн хувьсал гэж үзвэл ХҮН гэдэг амьтан тэднээс нэлээд хоцрогдож яваа болж таарна. Гэхдээ одоохондоо …
Яагаад одоохондоо гэвэл … одоо бидэнд нэгэнт Интернэт, Фейсбук, Википедиа бий. Интернэт хүн төрөлхтөнтнийг оюун ухаант хүний эринээс ХАМТЫН оюун ухаант хамт олон, улс орнуудын эринд аваачиж байна. Тийм ээ, өмнө нь бидэнд нийгэм, соёл, ном гэх мэт байсан. Гэхдээ тэдгээр нь олон мянга, сая, тэрбум хүнд бодит цаг хугацаанд буюу яг нэгэн зэрэг, нэг мөчид хамтран сэтгэх, хүчээ нэгтгэн ажиллах боломж бүрдүүлж байгаагүй юм.
Бид одоохондоо Фэйсбук чухам яаж Арабын хямралд нөлөөлснийг, хоорондоо ямар ч “холбоогүй” 80 мянган хүн тус тусдаа бичсээр байгаад яаж Википедиа гэдэг ийм мундаг, цэгцтэй бүтээлийг босгож чадсаныг тодорхой сайн тайлбарлаж чадахгүй л байна. Харин бид нэгэн зүйлийг одоо ойлгож, мэдэж эхэлж байна. Энэ бол Хүн төрөлхтөн ирээдүйд ХАМТЫН интеллекттэй болох юм байна гэсэн шинэ төсөөлөл. Залуус манай үеийнхээс ялгаатай нь crowdsourcing гэж их ярьдаг болж. Хамтын ухаанаараа л гэж байгаа юм шүү дээ. Урьд цагт (10 жилийн өмнө) бол бидэнд тийм ухаан байгаагүй юм. Ийм хурдан хөгжвөл ч удахгүй хүмүүс бид хөгжлөөрөө Зөгий, Шоргоолжийг гүйцэх нь …
Нийтлэлт Д.Энхбат
mongolianeconomy