Монгол хүн ажилтай, орлоготой сайхан амьдрах нь өнөөдөр бидний зорилго, хүсэл тэмүүлэл болчихоод байгаа билээ. Улс орон хөгжиж, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хүчтэй өрнөж байгаа ч хүн бүр ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байгаа нь нууц биш. Тиймээс хүн бүр ажилтай, хүссэн хэмжээгээрээ биш ч боломжийн орлоготой сэтгэл дүүрэн амьдрахад дөхөм болгох зорилгоор Е-бирж буюу электрон биржийг нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороонд байршуулах ажил ид өрнөж байна. Цаашид 21 аймаг, сумдуудад электрон бирж суурилуулах ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэх гэнэ.
Хүн ам хот суурин руу ихээр төвлөрч, тэр хэмжээгээр ажлын байр хайх иргэдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Иймээс Хөдөлмөрийн биржээс эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороонд электрон биржийг байршуулсанаар иргэн та гэрийнхээ хажуунаас ажлаа хайж, сонголтоо хийх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрийнхээ ойролцоох хороо руу хэд алхаж ороод л электрон биржтэй өөрөө харьцаж, өөрийнхөө хүссэн ажлыг хэнээс ч хараат бусаар хайж олоод, сонгох боломжтой болсон гэсэн ү л дээ. Автобус унаанд мөнгө зарж, алтан цагаа үрэн байж Хөдөлмөрийн төв биржийг зорих шаардлагагүй болсон болохоор “Ажилтай Монгол хүн”-ийг бий болгох Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөр алхам алхамаар урагшилж байна.
Өдгөө хүн бүр мөнгөний машин буюу АТМ-тай харьцаж, интернетээс хүссэн мэдээллээ олж авч чадаж байна. Үүрэн телефоны оператор компаниуд дугаар хайх, сонгох үйлчилгээг иргэдэд ойртуулж, автомат машинаар амжуулдаг болсон шиг электрон бирж ажлаа гэрийнхээ хаяанаас олоход тань туслах болно.
Нэг ёсондоо Е-бирж нь ажил хайгч болон ажил олгогчийн цаг хугацааг хэмнэж, өөрт хэрэгцээтэй хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг оршин сууж буй нутаг дэвсгэрээсээ онлайн хэлбэрээр олж авахад зориулагдсан элекрон хайлтыг төхөөрөмж юм. Энэ мэдээллийн сан www.Labornet.mn вэб хуудас болон LabornteWorк программаар 21 аймаг, есөн дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, хувийн хөдөлмөрийн биржүүдийн оруулсан ажлын байрны болон ажиллах хүчний мэдээллээр баяжуулсан улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн сантай Онлайнаар өдөр болгон холбогдон ажилладаг байна.
Нөгөөтэйгүүр ажил хайгч болон ажил олгогч та ажлын зараа аль нэг хэвлэлээр мөнгө төлөн байж хэвлүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Зөвхөн электрон биржид ямар ч үнэ төлбөргүйгээр байрлуулахад л зорьсон ажлаа, хүссэн ажилтнаа олж авах боломжтой билээ. Ийнхүү нийслэлийн зургаан дүүрэг эхний байдлаар электрон биржтэй болсон тухай баяртай мэдээгээр нээлтийн ажиллагаа өнгөрсөн бямба гарагт эхэлж, хүний хөл дүүрэн байсныг дуулгахад таатай байна.
Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа: Ажил хайхад хялбархан боллоо
-Электрон биржийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Электрон бирж гэхээр хүмүүст тийм ч ойлгомжтой биш байж магадгүй юм. Яг юуг хэлээд байна вэ?
-Монгол Улсын хөдөлмөрийн төв бирж байгуулагдаад нэг жил болж байна. Манай Хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын үйлчилгээг үзүүлдэг бодлогын хэмжээний томоохон байгууллагын нэг. Энэ ч утгаараа “Ажил хайхад хялбархан боллоо” гэдэг уриан дор хүмүүст үйлчилгээгээ ойртуулж, электрон биржийг байгуулж байгаа юм.
Электрон бирж гэдэг нь иргэдийн ажлаа хайхад зориулагдсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, электрон ертөнц юм.
-Электрон биржийг эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэг, 134 хороонд байрлуулж байгаа гэж сонссон?
-Бид электрон биржийг Монгол Улсын 21 аймаг, зургаан дүүрэг, 134 хороонд байрлуулах ажлыг явуулж байна. Энэхүү электрон биржийг иргэдэд ойртуулж дүүрэг хороо, сум, аймгуудад байршуулсанаар иргэд ердөө гэрийнхээ ойролцоох хороон дээрээ очоод хүссэн ажлынхаа зар болон бусад мэдээлэлтэй электрон машинтай харьцаад олж авах юм.
Ер нь хүн бүр ажилтай, орлоготой явах хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Энэ электрон биржийг байрлуулсанаар Шинэчлэлийн Засгийн газрын Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох хөтөлбөрийн нэг хэсэг нь хэрэгжиж эхэллээ гэж ойлгож болно.
-Их сайхан мэдээ байна. Гэрийнхээ харьяалагддаг дүүрэг, хороон дээр очоод л хүсч байгаа ажлаа яг л мөнгөний АТМ машинтай харьцаж буй мэт хялбархан бөгөөд сонирхолтой байдлаар олж авах боломжтой болж байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. Хүмүүс банкнаас очер авах гээд тасалбар авдаг шиг л электрон машинтай харьцахад амар, хялбар байх болно.
АТМ-тай адилхан электрон биржийг асаахаар Монгол Улсын газрын зураг гарч ирнэ. Энэ газрын зураг дээрээс хот, дүүрэг, аймгаа сонгоод, сонгосон дүүрэг, аймагтаа тухайлбал сантехникчийн ажлын байр хэд байна вэ гэдгийг харж болно. Сонирхсон ажил дээрээ дарахаар ажил олгогчийн нэр, хаяг, утас, холбогдох мэдээлэл бүхий тасалбар гарч ирнэ. Нэг хүн хичнээн ч тасалбар авч болно. Авсан тасалбарынхаа дагуу ажил олгогчтой уулзаад ажилтай болох юм.
-Электрон бирж буюу электрон машин дахь мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж чадах болов уу?
-Электрон бирж нь манай Хөдөлмөрийн биржийн программ хангамжтай холбоотой Labornet.mn гэсэн сайтаар дамжуулаад өглөө болгон шинэ мэдээллийг хүмүүст хүргэх зориулалттай.Өглөө болгон ажил хайгчид болон ажил олгогчдын мэдээллийг тус тусад нь ангилаад шинэчлэн оруулсан байна. Тухайлбал Хөдөлмөрийн төв бирж дээр оны эхнээс хойш бүртгэгдсэн 80 гаруй мянган хүн давхардсан тоогоор ажил хайж байдаг юм байна. Яг өнөөдрийн байдлаар 44 мянган хүн ажил хайж байх жишээтэй. 17 мянган ажил олгогч байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ илүү хурдан, шуурхай, хялбараар нийлж эхэлж байна гэсэн үг.
-Иргэд их сэтгэл хангалуун байна лээ. Ядаж л унаа машины мөнгө, цаг заваа үрэн байж Хөдөлмөрийн төв биржийг зорих шаардлагагүй боллоо гээд л?
-Урьд өмнө нь хүмүүс манай Хөдөлмөрийн төв биржийн Хөдөлмөр зуучлалын алба, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвүүдийн байран дахь мэргэжилтнүүд эсвэл хувийн биржүүд дээр очиж бүртгүүлээд ажлаа хайдаг байсан бол одоо гэрийнхээ дэргэдээс л ажилтай болох боломжтой боллоо.
-Техник технологи хөгжихийн хэрээр Хөдөлмөрийн төв бирж үйлчлүүлэгчдэдээ электрон маягаар ойртож эхэлж байгаа юм аа даа?
-Ер нь бол Мянганы сорилын сангаар дамжуулаад Хөдөлмөрийн төв бирж дээр их том техник хангамж тавьсан. Өөрөөр хэлбэл нэг сая хүний мэдээллийг дэлгэрэнгүй хадгалж чадах электрон тархи буюу техникийн том баазтай болсон. Хоёр дахь алхам гэвэл бид сайн программ хангамжтай болох хэрэгтэй байна.
Labornet.mn сайт бол зөвхөн ажил хайгч, ажил олгогч нарт зориулагдсан программ юм. Түүний хажуугаар бид нэмэлт программ оруулах бодлогын даалгавартай явна. Тэр нь юу вэ гэхээр ажил хайгч өөрийгөө оруулаад автоматаар нэгнээ хайх, электрон хэлбэрээр өргөдлөө өгөх зэргээр давхар өргөтгөл хийхээр ажиллаж байна. Нэг ёсондоо электрон тархинд бүртгүүлсэн ажил хайгч болон ажил олгогч нар нэгнээ хайж олоод нийлнэ. 100 хувь биш ч 41 хувь нь нийлдэг юм билээ.
Одоогийн байдлаар хараахан шинэ программуудаа тавиагүй ч удахгүй энэ ажлыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
-Электрон хэлбэрээр өргөдлөө өгөх, автоматаар өөрийнхөө тухай мэдээлэл болоод бусад хэрэгтэй мэдээ, мэдээлийг өгдөг, авдаг болчихвол сайхан л юм. Олон улсын хэмжээнд ийм дэвшилтэт програмуудыг ашиглаад эхэлчихсэн биз?
-Олон улсын хэмжээнд автоматаар өргөдлөө өгөөд, анкет материалаа өгдөг программуудыг ашиглаад эхэлчихсэн.
-Өнөөдөр манай нийгэмд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол ажилгүйдэл. Ажилгүйдэлтэй тэмцэх дайнд Шинэчлэлийн Засгийн газар болоод Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн биржийнхэн нэлээн ширүүхэн бэлтгээд зогсохгүй тэмцээд эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Манай Хөдөлмөрийн бирж Хан-Уул дүүрэгт зургаан давхар маш сайхан хөдөлмөрийн ордонтой болсон. Хөдөлмөрийн ордныхоо нэгдүгээр давхарт ажил олгогч нартаа зориулаад өдөр болгон хөдөлмөрийн яармагийн үйл ажиллагааг зохион байгуулна. Ер нь хийх ажил тун их байна.
Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлсэн “Ажилтай Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдэлтэй бид бүх гарцыг ашиглан тэмцэж, дайтах болно.
Баянзүрх дүүрэг дэх Хөдөлмөрийн яамны төлөөлөл Ж.Отгонцэцэг: Иргэд гэрийнхээ хажуунаас ажлаа хайх боломжтой боллоо
-Электрон биржийн нээлтийн ажиллагаа боллоо. Хөдөлмөрийн яамны төлөөллийн хувьд Хөдөлмөрийн биржийн хийсэн энэхүү ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсантай холбоотой Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдаад дүүрэг болгон дээр хөдөлмөрийн хэлтэс байгуулагдах бэлтгэл ажил хангагдаж байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн яамны төлөөллөөр ажиллаж байна.
Өнөөдрийн тухайд “Ажилтай Монгол иргэн” гэсэн Засгийн газрын хөтөлбөрийн дагуу ажилгүй иргэдийг ажилтай болгох, шинээр ажлын байр нэмэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн биржтэйгээ хамтраад электрон биржийг хороо болгон дээр суурьшуулж байна. Энэхүү чухал ажлын нээлтийг хийлцэж байгаадаа баяртай байна.
-Электрон бирж байшсанаар ямар давуу талтай юм бэ?
-Электрон биржийг байршуулсанаар иргэд өөрийнхөө хороонд очоод ямар ажил хийх сонирхолтой байгаагийнхаа дагуу ажлаа хайна. Тухайлбал нягтлан болъё гэвэл мэргэжлээр нь, эсвэл компаниараа хайж болно. МCS-д ажилд орох сонирхолтой бол шууд компаниаар нь хайхад уг байгууллагын зарласан бүх ажлын байр гараад ирэх жишээтэй. Хаа байсан Дарь-Эх эсвэл Таван шард амьдардаг хүн Хөдөлмөрийн биржийг зорьж очоод мэргэжилтэнгүүдтэй уулзах гэж цаг зав, унааны мөнгө зарлагадах шаардлагагүй боллоо гэсэн үг л дээ. Гэрийнхээ хажуунаас ажлаа хайдаг боллоо. Цаашдаа электрон биржийн программыг улам дэлгэрэнгүй, боловсронгуй болгож ажиллуулах юм билээ.
-Танай дүүрэг гэхэд л хичнээн хороотой вэ. Хороо бүрт электрон машин суурьшсан уу?
-Манай дүүрэг 28 хороотой. Интернетэд холбогдсон бүх хороонд електрон биржийг байршуулаад эхэлчихсэн.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т.Ундармаа:Електрон бирж интернетэд орохоос ч хялбар юм байна
-Электрон биржтэйгээ танилцангаа ажлаа хайж амжив уу. Анхны үйлчлүүлэгчийн хувьд сэтгэгдэл ямар байна вэ?
-Электрон машин таалагдаж байна. Бид интернетэд орохоос авахуулаад техник технологитой харьцаад сурчихсан шүү дээ. Түүнээс ч илүү хялбар, бэрхшээлгүй юм байна. Маш ойлгомжтой, ажиллахад хялбар боловч доторх саналуудыг харахаар яг л зарын сонинууд дээр байдаг шиг зөөгч, жолооч гэх мэтийн ажлууд их байх юм.
-Өөрөө ямар ажил хайж байгаа юм бэ?
-Би бага ангийн багш мэргэжилтэй. Солонгост хоёр жил ажиллаж, амьдарч байгаад Монголдоо ирээд хоёр сар болж байна. Идэвхитэй ажил хайгаад сар болж байгаа боловч багшийн ажил олдохгүй юм. Уг нь мэргэжлээрээ ажилламаар байдаг. Хувийн компани гэхээс илүү төрийн байгууллагад ажилламаар байна.