Энэхүү нийтлэлд 2 хүний талаар дурдагдах бөгөөд хувь хүний нууцыг хадгалах үүднээс эхний хүнийг Алимаа эгч, хоёрдох хүнийг Болдоо ах хэмээн орлуулан нэрлэх болно.
Эхлээд энэ 2 хүний хоорондох нийтлэг зүйлүүдийг дурдая. Хоёулаа насны хувьд дунд эргэм, хоёулаа 2 хүүхэдтэй, хоёулаа гадаадад амьдардаг, гэхдээ өөр өөр улсад, мөн хоёулаа дундаж орлогын, эгэл жирийн амьдралтай хүмүүс.
Гэхдээ энэ 2 хүний хооронд нэг том ялгаа байгаа. Энэ нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил, хандлага.
Алимаа эгч одоогоос бараг 7, 8-н жилийн өмнө гадаад хүнтэй гэр бүл болжээ. Удалгүй ч анхны хүүхэд нь гарав. Гэтэл гадаад эцэг нь хүүхдээ өөрийн зарчмаар, тухайлбал өөрийн улсын хандлагаар хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа нь Алимаа эгчид тухайн үед хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий боломжгүй байсан тул нөхөртөө “Би өөрийн хүүхэдтэйгээ гэртээ Монгол хэлээр ярилцана” гэдгийг эвтэйхэн бөгөөд тодорхой ойлгуулж чаджээ. Тэгээд хүүхэд нь чихэр авахдаа ээжээсээ Монголоор, ааваасаа тухайн гадаад улсын хэлээр эвлэгхэн гуйгаад авчихдаг сэргэлэн охин болж өсөв. Мэдээж зөвхөн чихэр гуйхаас гадна өөрийгөө 2 өөр хэлээр бүрэн илэрхийлж чаддаг болов. Мөн энэ хугацаанд Алимаа эгч нөхрөө шахаж байсны үр дүнд жил болгон Монгол явах ба хамгийн гол нь ганцаараа бус хүүхэдтэйгээ. Тэнд лагерь зусланд охин нь элсэн дээр тоглох, ус зөөх, бас сүүнд явах зэрэг бусад Монгол хүүхдүүдийн хийдгийг хамт хийх бөлгөө. Дараагийн хүүхэд нь ч гэсэн энэхүү аргачлалаар хүмүүжиж байна.
Болдоо ахын хувьд бас гадаадад бас 7, 8-н жил болчихож. Энэ хугацаанд нэг л удаа сар хүрэхгүй хугацаатай Монгол яваад ирсэн бөгөөд Монголоос ирээд, болж бүтэж байгаа юм юу ч алга хэмээн хаа явсан газраа хавь ойрынхондоо үглэх аж. Түүний охин хэдийгээр Чехээр ус цас ярих боловч Монголоор маруухан, түг таг. За тэр Монголоор ярих яахав, хамгийн гол нь охин нь гадаадад байх энэхүү хугацаандаа нэг ч удаа Монгол явж үзээгүй мөртлөө “Монгол гэж юу вэ?” гэсэн асуултанд “Ядуу, замбараагүй, муухай орон ш дээ” гэж бүүр нэг голсон байдалтай хариулав.
За энэхүү 2 жишээн дээр үндэслээд юу хэлэх гээд байна вэ гэвэл хүүхэд бол тэр чигээрээ эцэг эхийн толь. Мэдээж эцэг эх болгон л хүүхэддээ хамгийн сайн боловсролыг эзэмшүүлэхийг хүснэ, гэхдээ боловсролоос өмнө хүмүүжил гээч зүйл явдаг гэдгийг дахин сануулъя. Тиймээ, Болдоо ах аа, Монголд таны гутал 5 алхалгүй шороо болсон бол уучлаарай, бас Монголд таныг микронд суухад шахсан хүн болгоны өмнөөс уучлал эрье. Гэхдээ та эх орон гээч зүйлийг хогтой уут, бөглөөтэй замаар дүгнэхээсээ илүү хүүхэд наснаасаа хайгаарай гэж зөвлөмөөр байна. Учир нь хүний амьдралын хамгийн гэгээн хиргүй дурсамжууд яг тэр тунгалаг чигээрээ хүүхэд насанд үлддэг. Танд тэр үед хир болох гутал байхгүй болохоор тийм жаргалтай зүлгэн дээр хөл нүцгэн гүйж байсан юм. Гэтэл та том болоод даяаршлагдсан дэлхийн иргэн боллоо гэж өөрийгөө цоллоод миний Монголыг муу муухайгаар чичих болж. Ганц л юм хэлье!
…Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй… гэж О. Дашбалбар гуайн “Монголоо муулж харийханд бөхөлзөгсдөд” шүлгийн бадыг зориулъя даа.
Монгол харин эсрэгээрээ мандан жавхаажих болно гэдгийг мэдэж байна, харж байна. Учир нь Алимаа эгч шиг олон олон эцэг эхчүүдийг таних болохоор би ийм итгэлтэй байна. Алимаа эгч ээ, хэдийгээр таны хийж байгаа зүйл одоохондоо олонд мэдэгдэхгүй байгаа боловч та Таван толгой, Оюу толгойтой үл харьцуулам хамаагүй илүү потенциал баялаг бүхий Монгол хүнийг бүтээж байгаа шүү. Өдийг хүрсэн, өшөө цааш бүүр илүү сайн сайхан болгохын төлөө урагшлаад байцгаая.
…Харанхуй дунд гэрэлтдэг зул гэж байдаг
Хамгийн дундаас тодордог хутагт гэж байдаг
Даваа хэдий өргөн ч
Гаталж чадсан нь ялж байдаг
Бүргэд болжмороос айдаггүй шиг
Хорвоогоос би айхгүй
Арслан гөрөөснөөс айдаггүй шиг
Үхлээс би айхгүй
Аав нь хүүгээсээ айдаггүй шиг
Үнэнээс би айхгүй.
terguulegch