Их түүхийн хэмжээлшгүй баялаг сангаас та бидний бодит хүн байсан мэтээр ойлгодог соёлын “зохиомол” алдартнуудын төлөөллүүдээс сонирхуулсан дараах мэдээллийг хүргэж байна.

1. Санта Клаус / Santa Claus
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хэн бүхний хайртай “Зул сар”-ын баярын гол эзэн – урам эрч хүч, талбиун сэтгэлийн уурхай болсон Санта Клаус өвөөгийн тухай түүхийг сөхвөл орчин цагийн Турк улсын Лишэ нутагт амьдарч байсан Гэгээн хутагт Николасын дүрээс сэдэвлэн бүтсэн “зохиомол” алдартан бөгөөд Гэгээн Николас (IV зуун) үдэш оройн цагаар төлөв бэлэг сэлтийг “нууцхан”-аар тараадаг гэдгээрээ нийтэд танигдсан өгөөмөр нэгэн ажээ.
Ийн бүтээсэн Санта Клаусын орчин үеийн дүрийг Германд мэндэлсэн Америк зураач Томас Наст (1840 – 1902) 1880-аад онд зурснаар та бидний хайртай цагаахан сахалтай, цал буурал Санта өвөөгийн дүр амилжээ.

2. Робин Гүүд / Robin Hood
Робин Гүүдийн тухай олон домог яриа, дэлгэцийн бүтээл байдаг ч түүний бодит амьдрал дээр байсан эсэхэд эрдэмтэд домог ярианаас үл хэтрэх “зохиомол” хүн гэж үзэх нь түгээмэл ажээ. Баячуудыг дээрэмдэж ядууст туслах чин хүсэлтэй Шервүүдийн ойн эрэлхэг баатар Робин Гүүд нь чадварлаг харваач, илдээр тулалдагч төдийгүй хосгүй цэлмэг ухаантай нэгэн байсан гэдэг.

3. Барби / Barbie
Охидын тоглох дуртай Барби хүүхэлдэйг Барбара Миллисент Робертс хэмээх Висконсинд амьдардаг эмэгтэйгээс сэдэвлэн хийсэн тухай олон түүх, нийтлэл байдаг ч үнэндээ энэ нь “зохиомол” дүр юм байна. Америкийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel, Inc.” компаний энэхүү тоглоомыг Германы Байлд Лили хүүхэлдэйнээс сэдэвлэн бүтээж анхлан 1959 онд худалдаанд гаргаж байжээ.

4. Марлборо / The Marlboro Man
“The Marlboro Man” хэмээх тамхины сурталчилгаагаараа нийтэд танигдаж, бүх цаг үеийн шилдэг сурталчилгааны нэгээр нэрлэгддэг нэр хүндтэй брэндийн төлөөлөгч “Марлборо” нь алдартай жүжигчдийн нүүр царайгаар алдаршсан “зохиомол” ковбой эр билээ. Сурталчилгааны энэхүү ажлыг 1954 – 1999 онд авч хэрэгжүүлсэн байдаг бөгөөд “The Marlboro Man” эрийн дүрийг Лео Бөрнэт (1891 – 1971), Виллиам Дарлби, Даррель Винфильд, Брэд Жонсон тэргүүтэй Америкийн нэртэй загвар өмсөгч болон жүжигчид амилуулж байжээ.

5. Жэк Доусон / Jack Dawson
Нэрт найруулагч Жэймс Камероны дэлгэцийн суут бүтээлийн нэг болох Титаник киноны гол дүр, жүжигчин Леонардо Ди Каприогийн амилуулсан Жэкийг бодит амьдрал дээр огт байгаагүй хүн гэж үздэг ажээ. Өдгөө шинжлэн судалсан түүхийн бичиг баримтуудаас үзвэл Жэк Доусон нэртэй зорчигч тус хөлөгт огт зорчоогүй бөгөөд хожим Доусон овогтой хүн байх нь байсан ч Жэк Доусон эсэх нь эргэлзээтэй тухай тэмдэглэн үлдээсэн байдаг байна.

6. Бетти Крөүкер / Betty Crocker
Бодит бус “зохиомол” удаах хүн бол Америкийн хүсний үйлдвэрлэлийн тэргүүлэх “General Mills” компаний хэрэглэгчдийн хүсэлт, захидалд хариу илгээх үүрэгтэй Бетти хэмээх эмэгтэй юм.
Бетти Крөүкер нэрээр компаниа төлөөлөн 1921 оноос хариу илгээдэг байсан гэх эл зохиомол эмэгтэйг эдийн засагч, бизнес хатагтай Мэржори Хастид санаачлан бүтээсэн бөгөөд “Бетти” нэр нь сонсголонтойгоос гадна Америкт түгээмэл байдаг учир сонгосон гэдэг. Харин Крөүкер хэмээх нэр нь тус компаний удирдагч асан Виллиам Крөүкерийг хүндэтгэн өгүүлсэн нэр ажээ. Бетти компаниасаа гаргасан төрөл бүрийн хоолны номыг ч мөн эрхлэн гаргадаг байжээ.

7. Сид Финч / Sidd Finch
“Sports Illustrated” сэтгүүлийн 1985.04.01 буюу Инээдмийн баярын дугаарын нийтлэлийн гол баатар болох Сид Финч нь бэйсболын гарамгай “зохиомол” тамирчин бөгөөд Английн хүүхдийн асрамжийн газар өссөн тэрээр Түвдийг зорьж йогоор хичээллэж эхэлсэн ба улмаар бэйсболын бөмбөгийг цагт 270 км хурдтай шиддэг уран чадварлаг тамирчин хэмээн алдаршжээ.
Ийнхүү хүүрнэсэн “төсөөллийн” нийтлэлийг Америкийн сэтгүүлч, зохиолч, жүжигчин Жорж Плимптон (1927 – 2003) бичсэн ба нийтлэл гарснаас хоёр долоо хоногийн дараа Сид Финч гэгч нь нийтлэлийн зохиомол дүр байсан нь олонд илчлэгджээ. Гэсэн ч тэрээр түүхэн дэх хамгийн алдартай “зохиомол” хүний нэгээр нэрлэгддэг байна.

8. Аллегра Көүлмэн / Allegra Coleman
Америкчуудын дунд хамгийн их нэр хүндтэй гэгддэг “зохиомол” алдартан Аллегра нь зохиолч Марта Шеррилийн бодит амьдрал дээр бий болгосон “хуурамч” хүн юм. Түүхэнд Аллегра Көүлмэн гэх эмэгтэй огт амьдарч байгаагүй бөгөөд түүний дүрийг Америкийн жүжигчин, загвар өмсөгч Эли Лартер төлөөлөн амилуулж “Esquire” сэтгүүлийн 1996.11 сарын дугаарыг чимж байжээ. Зохиолч Шеррил тус этгүүлийн дугаарт хэвлэгдэх нийтлэлдээ зориулж ийнхүү Аллегра гэх үзэсгэлэн төгс “зохиомол” эмэгтэйг бий болгосон нь олонд ийнхүү алдаршжээ.

9. Дракула / Dracula
Дэлгэцийн бүтээл болж олноо танигдсан аймшгийн төрөл жанрын “Дракула” нь Ирландын зохиолч Брам Стөүкерийн (1847 – 1912) тэртээ 1897 онд бичиж байсан романы гол баатар бөгөөд XV зууны үеийн Румын нэгэн генерал, мөн хунтайж Влад нараас сэдэвлэсэн дүр болохоос түүхэнд амьдарч байгаагүй “зохиомол” хүн билээ.
Эдгээр тэргүүтэй олонд танигдсан “зохиомол” дүрийг цаашлан дурьдвал “Ромео Жульета хоёр”, “Үнсгэлжин”, “Тарзан”, “Жэймс Бонд”, “Синдбад”, “Дон Жуан”, “Одиссей” зэрэг утга зохиол, тайз дэлгэцийн цөөнгүй алдартнууд бий…
http://www.playskull.mn/content.php?id=764