Телевизийн хөгжмийн Эм-Ти-Ви сувгийн Европ дахь салбарын хамгийн нэр хүндтэй шагналын эзнээр Америкийн дуучин Тейлор Свифт, Канадын дуучин Жастин Бибер нар тодров. Дэлхийн шоу-бизнесийн одод цугласан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа Германы Майны Франкфурт хотод болжээ.
22 настай, кантри дуучин Свифтийн хувьд, шагналын зургаан гол төрөл буюу “шилдэг дуу”, “шилдэг дүрс бичлэг”, “шилдэг эмэгтэй дуучин”, “шилдэг поп-эмэгтэй дуучин”, “шилдэг шүтэн бишрэгчдийн дэмжлэг”, “шилдэг гадаад үзэмж” гэсэн төрөлд ялах магадлал өндөр байсан дуучин Рианнаг гүйцэж түрүүлсэн байна.
Свифт “шилдэг эмэгтэй дуучин”, “шилдэг поп-эмэгтэй дуучин”, “шилдэг гадаад үзэмж”, “World Stage” төслийн хүрээний шилдэг тоглолт”, “шилдэг тоглолт” гэсэн таван төрлөөр гол шагналуудыг хүртжээ.
Өсвөр үеийнхний шүтээн болсон Жастин Бибер гурав дахь удаагаа шилдэг дуучин цол хүртлээ.
“Шилдэг дуу” гэсэн нэр хүндтэй төрөлд Канадын 26 настай дуучин Карли Рэй Жепсен “Call Me Maybe” дуугаараа шалгарчээ.
Энэ оны хоёрдугаар сард 48 настайдаа амьсгал хураасан Америкийн алдарт дуучин, жүжигчин Уитни Хьюстонд поп хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Дэлхийн бурхан” гэдэг тусгай шагналыг нэхэн олгов. Түүнээс өмнө Британийн домогт “Куин”, Америкийн “Бон Жови” хамтлаг энэ нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ.
Франкфуртын “Фестхалле” концертын танхимд болсон ёслолын ажиллагааг 8000 орчим үзэгч үзсэн байна. Тэрчлэн 160 улсын сая сая үзэгч өөрсдийн шүтэн биширдэг уран бүтээлчийнхээ адил телевизорынхоо өмнө догдлон сууж байлаа. Энэ онд хөгжмийн энэ том баярыг Гермын нэртэй загвар өмсөгч Хайди Клум хөтөлсөн байна.
З.Амгалан