Дэлхийн 100 гаруй оронд 34 хэл дээр хэвлэгддэг “Космополитан” сэтгүүлийн монгол хувилбар хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрсөн. 1960-аад оноос жинхэнэ эмэгтэйчүүдийн сэтгүүл болж , одоогийн “Космополитан” хэлбэрээ олсон ажээ. “Космопопитан” сэтгүүл өдгөө 120 сая уншигчтай. Монгол “Космополитан” сэтгүүлийн шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулах улаан хивсний ёслол саяхан болж өнгөрсөн. Салбар бүрээс шигшигдэн уншигчдын санал асуулгаар тодорсон шилдгүүдийн нэг нь дуучин Ану. “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулж Монголын 20 гаруй мянган хүүхдүүдэд хүрч ажилласан хүмүүнлэгийн үйлсийнх нь төлөө уншигчид түүнд санал өгчээ. Ингээд дуучин Анутай хийсэн ярилцлагаа танд хүргэж байна.
-Тиймээ. Би маш их баяртай байгаа. Миний хийсэн өчүүхэн хөдөлмөрийг ард түмэн өндрөөр үнэлсэн. Энэ шагнал намайг урамшуулахаас гадна асар их хариуцлага хүлээлгэж байна.
-Өнгөрсөн хугацаанд чамгүй уран бүтээл туурвилаа. Энэ бүхнийг яаж нэг дор амжуулдаг вэ?
-Ану ер нь өөрөө өөрийнхөө продюссер, өөрийнхөө имиж мэйкэр байж ирсэн. Сүүлийн үед өөрийн гэсэн баг бүрэлдэхүүнтэй болсон учраас ажил маань хурдацтай явагдаж байгаа. Мэргэжлийн хүмүүсийн ур чадвар, ажилд хандаж байгаа хандлага нь нөлөөлөхөөр илүү дайчин болдог юм байна лээ.
-Дуучин Ану хөдөлмөрч эмэгтэй. Танд шантарч болъё гэмээр үе байсан уу?
-Тулгарч байгаа асуудал бэрхшээлийг давж гарах ёстой гэж боддог. Би нэгэнт энэ замыг сонгосон болохоор ухарч болохгүй. Заримдаа урам хугарах, гуних, бүр хэнд ч итгэхээ мэдэхгүй байх цаг үе надад байсан. Ер нь бол золиос зайлшгүй хэрэгтэй. Гаргаж байгаа золиосондоо би харамсч байгаагүй.
-Тэгэхээр урлагийн хүмүүс бүгд л ямар нэгэн золиос гаргаж байж л амжилтад хүрдэг гэж ойлгож болох уу?
-Бараг тийм. Урлагийн хүн байх хэцүү. Цаг тутамд л тэднээс хүмүүс ихийг хүсэн хүлээдэг. Хамгийн наад зах нь гэр бүлдээ хангалттай цаг гаргаж чаддаггүй.
-Ингэхэд өөрийн чинь ажлын нэг өдөр яаж өнгөрдгийг сонирхмоор байна?
Бусдын адил өглөө хурал бүртгэлтэй гээд гэрээсээ гүйгээд гарахгүй ч бүх зүйл надаас шалтгаалдаг болохоор би ч гэсэн оффис руугаа яардаг. Хэн нэгний харьяалал дор ажилладаггүй ч миний ажиллуулдаг “Хөөрхөн дэлхий” төв хүүхдийн тоглоомын газраар хязгаарлагддаггүй. Уран бүтээлийн ажилд шаардлагатай орчинг бүрдүүлж чадсан байдаг. Бүх зүйл толгойд гэдэг утгаараа би өөрөө өөрийнхөө ажлыг зохиодог. Хүмүүс өглөө ажилдаа найман цагт цугладаг бол би зургаан цагт босоод, иогоо хийгээд, өглөөний цайгаа уусны дараа өөрийнхөө сэтгэл санааг бэлдээд долоон цагт хувийн тэмдэглэл, хөтлөлдөө ордог. Үүний дараа майлээ шалгаад, найман цагт ажил эхэлж байх жишээний.
-Ирээдүйнхээ амьдралыг хэрхэн төлөвлөж байна даа?
-Би одоо 25 настай. Санаа зөв бол заяа зөв гэдэгд шүү дээ. Би ирээдүйн амьдралаа мэдээж сайн сайхнаар төсөөлдөг. Гоё харагддаг дэгжин бүсгүй байхаас илүүтэй хийсэн бүтээсэн зүйлээр дүүрэн байх юмсан гэж боддог доо.
-Танд баримталдаг зарчим гэж байдаг уу. Та ямар байхыг эрхэмлэдэг вэ?
-Урлагийн хүний хувьд сэтгэлийн дархлаатай байх ёстой гэж боддог. Үүнийг бий болгож чадсанаараа эцсийн зорилгодоо хүрнэ шүү дээ. Хэтэрхий хатуу байх нь эмэгтэй хүний сэтгэлийн уян хатан чанар алдагдуулдаг. Аливаа зүйлд зөв хослол дүгнэлт байх хэрэгтэй. Хатуу байх үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн, хүнийг уучилж чаддаг байх нь хүний мөн чанар гэж боддог доо.
-“Хөөрхөн дэлхий” төвөөс өөр ямар бизнес эрхэлдэг вэ?
Гоо сайхны худалдаа, салон, загварын чиглэлийн үйлчилгээ явуулдаг, гэр бүлийн бизнес эрхэлдэг. Эхний ээлжинд загварын хувцасны дэлгүүрээ нээсэн. Одоо өөрийн дизайнэртэй болж байгаа. Дэлгүүрээ их нууцлаг байлгасан. Хнугийнх гэхээр хүмүүс их зүйл шаарддаг юм шиг санагддаг. Гэхдээ миний боломж бололцоо өнөөдрийн бодит байдлаар хэмжигдэнэ. Хамгийн олон хүмүүс үйлчлүүлдэг гэсэн утгаараа 3-р хороололд нээсэн. Удахгүй өргөжих байх.