2012 оны есдүгээр сарын 14-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 69.8 хувийн саналаар батлагдсан Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль амьдрал дээр тааруухан хэрэгжилттэй байв. Өчигдөр үдээс хойш Баянзүрх дүүргийн УИХ-ын 22 дугаар тойргийн дахин сонгуулийн хэсгүүдээр явж байхад иймэрхүү л бараан дүр зураг ажиглагдаж байлаа. Улаанхуарангийн 53 дугаар сургууль дээр 15:20 цагийн үед очиход сонгогчдын ирц 20 гаруйхан хувьтай байсан нь хэсгийн хорооны ажилтнуудыг нэлээд сандаргаж байсан.
Баянзүрх дүүргийн хувьд УИХ-ын дахин сонгууль явагдаж байгаагаараа бусад дүүрэг, хорооноос онцлогтой. Гэхдээ төрийн түшээг сонгох хариуцлагатай сонгуульд Баянзүрхчүүд тун ч хайнга хандаж байлаа. Сонгууль явагдах хэсгийн хороодын байрлалыг тааруухан сурталчилсан юм шиг санагдаж байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.
Ямартай ч энэ удаагийн орон нутгийн сонгууль дахин явагдаж ч магадгүй тааруухан дүр зурагтай байлаа. Ингээд зарим хэсгийн хороодын дарга нараас авсан тодруулгаа хүргэе.
Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль дээр байрлах 44 дүгээр хэсгийн хороонд 15:25 цагт очиж, хэсгийн хорооны даргатай нь уулзсан юм.
-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн. Намайг О.Бат-Өлзий гэдэг. Баянзүрх дүүргийн сонгуулийн 44 дүгээр хэсгийн хорооны дарга.
-Танай хэсэгт хэдэн сонгогч бүртгэгдсэн бэ. Одоогоор сонгууль хэдэн хувийн ирцтэй байна вэ?
-Манай 44 дүгээр хэсэгт 2700 сонгогч бүртгэгдсэн. Одоо 15:30 цагийн байдлаар 715 сонгогч буюу нийт сонгогчдын 26 хувь нь санал өгөөд байна.
-Сонгогчдын идэвх тааруухан байх шиг санагдлаа?
-Тийм байдал ажиглагдаж байгаа. УИХ, Нийслэлийн сонгуулийг бодвол сонгогчдын оролцоо хангалтгүй байна. Уг нь өдийд 30 гаруй хувьтай явж байх ёстой. Ер нь, иргэд маань орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөхгүй байна уу, ямар шалтгаантайг нь мэдэхгүй. Ирц тун хангалтгүй явагдаж байна.
-Зарим сонгогч нь хаана очиж сонгууль өгөхөө ч сайн мэдэхгүй байх шиг байна?
-Тойргийн хорооноос энэ талаарх мэдээллийг хангалттай өгсөн. Иргэд маань л өөрсдөө үүргээ ухамсарлахгүй, төрөө хүндлэхгүй байна. Арваннэгдүгээр сарын 10-ны дотор нэрсийн жагсаалтаа тулгаж үзээд, бүх зүйл жин тан болчихсон байх ёстой юм. Телевиз, радио, интернэт гээд бүх л мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Энд иргэдийн маань л хариуцлагагүй байдал 100 хувь нөлөөлж байгаа.
-Аль намаас ажиглагчид сууж байна?
-Дөрвөн намаас ажиглагчид сууж байгаа. МАХН, МАН, АН, ИЗНН-ын ажиглагчид бүгд байна.
-Одоогоор ямар нэгэн зөрчил илрэв үү?
-Зөрчил гараагүй. Харин зарим нэг хүний иргэний цахим үнэмлэх хэвлэгдэж гараагүй гэсэн асуудал үүсээд байгаа. Гэхдээ ийм асуудал цөөхөн гарсан.
-Санал тоолох машинд ямар нэгэн асуудал үүсээгүй биз дээ?
-Машинд ямар ч асуудал байхгүй. Хэвийн сайхан ажиллаж байгаа.
Биднийг 53 дугаар сургуулиас гарч явтал Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба саналаа өгчихөөд ганган улаан машиндаа суугаад хөдөлж байлаа. Бид ч “Боксчин баатар маань улстөрийн идэвх өндөртэй байна шүү” хэмээн ярилцсаар цааш явлаа.
Дараа нь Шархадны 79 дүгээр сургуульд байрлах хэсгийн хороогоор орж, даргатай нь уулзсан юм.
-Сонгууль хэвийн явагдаж байна уу?
-За гайгүй дээ. Ирц л жаахан хангалтгүй байна. УИХ-ын сонгуулийг бодвол хүмүүс ёстой л “унтаж” байна. Энэ байдлаараа үргэлжилбэл дахин сонгууль явагдаж болзошгүй.
-Танай хэсэгт нийтдээ хэдэн сонгогч бүртгэгдсэн бэ?
-Манай хэсгийн хороонд 2751 сонгогч бүртгэлтэй. Одоо 15:50 цагийн байдлаар 576 хүн саналаа өгсөн нь нийт сонгогчдын 25 гаруйхан хувь гэсэн үг. Сонгуулийн хугацаа УИХ-ын сонгуулиас хойш гурван сарын дараа тохиож буй нь сонгогчдын идэвхид нөлөөлж байж магадгүй. Хүмүүс хаа байсан 22:00 цаг гээд тайвшраад байгаа юм уу даа. Ямартай ч ирц тун хангалтгүй байна.
-Сурталчилгаа муу хийгдсэн юм болов уу?
-Сонгууль зохион байгуулж байгаа бид сурталчилгааны ажилд оролцох ёсгүй. Гадуур сурталчилгаа хэрхэн явагдсаныг сайн мэдэхгүй байна. Иргэн хүний хувьд ажиглаж байхад гэрээр сурталчилгааны материал тараагдаад л байсан шүү дээ.
-Намуудын ажиглагчид нэлээд идэвхтэй ажиллаж байх шиг санагдлаа?
-Орон нутгийн сонгуульд улстөрийн намууд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байгаа. Бүх намын ажиглагчид сууж байгаа.
-Энэ удаагийн сонгуул-ийн ирц гүйцэх болов уу. Та хэсгийн хорооны даргын хувьд юу гэж бодож байна?
-За, энэ байдлаар бол дахин сонгууль явагдаж ч магадгүй. Одоогоор сонгогчдын ирц үнэхээр хангалтгүй байна. Ер нь, манай иргэдийн улстөрийн идэвх ихээхэн буурсан юм уу гэж бодож сууна.
-Та хаана ямар ажил алба эрхэлдэг вэ?
-Би 79 дүгээр сургуулийн захирал Д.Болд гэж хүн байна. Баянзүрх дүүргийн 46 дугаар хэсгийн хорооны даргын албан тушаал гүйцэтгэж сууна.
-Танай сургуульд Э.Бадар-Ууган баатар сурч байсан байх аа?
-Тэгэлгүй яах вэ. Олимпийн алт, мөнгөн медальт Э.Бадар-Ууган баатар, Н.Төгсцогт гавьяат нар чинь манай сургуулийн сурагчид байсан. Одоо өөр дүүрэг, хороонд амьдардаг болохоор сайн мэдэхгүй байна.
Ингээд бид 79 дүгээр сургуулиас гарч, Баянзүрх дүүргийн 69 дүгээр хэсгийн хороонд очин, хэсгийн хорооны даргатай нь уулзлаа.
-Та сайн байна уу?
-Сайн. Та бүхэн сайн явж байна уу.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Баянзүрх дүүргийн 69 дүгээр хэсгийн хороон дарга О.Алтантуяа гэж хүн байна.
-Одоогоор сонгогчдын ирц ямар байна вэ?
-Одоо 16:10 цаг болж байна. Гэтэл нийт 2185 сонгогчоос 595 нь саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 27 хувь нь гэсэн үг. Ер нь ирц тааруухан л байна.
-22:00 цаг гэхэд сонгогчдын ирц хүрэлцэх болов уу?
-Гүйцэж ч магадгүй л гэж бодож сууна. Дахин сонгууль явагдах болчихвол өвлийн хүйтэнд баахан үргүй зардал л гарна шүү дээ. Иймд сонгогчид маань идэвхтэй оролцоосой гээд л хүлээгээд сууцгааж байна.
-Иргэд сонгогчид маань нэг л жаахан идэвхгүй байна уу даа?
-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Гадаа цас орсон хүйтэн байна. Нөгөөтэйгүүр манай хэсгийн хороо бас жаахан зайтай л даа. Гэхдээ л орон нутагт төрийн эрх мэдлийг барилцах энэ сонгуульд иргэд маань идэвхтэй оролцох шаардлагатай юм л даа.
-Яавал сонгогчдын идэвхийг нэмэгдүүлж болох вэ?
-Гол нь сурталчилгаа сайн байх ёстой. Нөгөөтэйгүүр иргэдийн эх оронч сэтгэлгээ ч энд чухал үүрэгтэй.
-Нэлээд олон ажиглагчид сууж байгаа юм аа даа?
-МАН, МАХН, АН, ИЗНН-аас 2-4 ажиглагч сонгуулийн ажиллагааг хянаж байгаа. Ажиглагчид идэвхтэй байгаа нь улстөрийн намууд орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл мөн. Харин иргэд маань л сонгуульд улстөрийн идэвх муутай л оролцож байх шиг санагдана. Энэ тал дээр улстөрийн намууд ч тодорхой дүгнэлт хийх ёстой.
-Та ямар ажил хийдэг вэ?
-Би Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг.
Түүний дараа нэгэн ажиглагчтай уулзсан юм.
-Та өөрийгөөө танилцуулахгүй юу?
-Намайг Ц.Нямсүрэн гэдэг. АН-аас ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байна.
-Сонгогчдын идэвх ямархуу байна?
-За даа, одоогоор тааруухан л байна. 22:00 цаг хүртэл сайжрах болов уу л гэж бодож сууна.
Энэ байдлаараа үргэлжилбэл дахин сонгууль ч явагдаж болзошгүй.
-Ямар нэгэн зөрчил илрэв үү?
-Зөрчил гараагүй. Хэвийн сайхан явагдаж байна. Сонгогчид маань үлдэж байгаа хугацаанд саналаа идэвхтэй өгөөсэй гэж л хүсч байна даа. Ер нь ажиглаад байхад манай иргэдийн улстөрийн идэвх тун таарухан байна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг улсын төсвөөс есөн тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэж сонссон. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл есөн тэрбум төгрөгийг хий дэмий зарлагадлаа гэсэн үг. Иймд үлдэж байгаа хугацаанд иргэд сонгогчид маань улстөрийн сонголтоо мэргэнээр хийгээсэй гэж хүсч байна.
Орон нутгийн сонгуулийг газар дээрээс нь сурвалжилахад иймэрхүү л дүр зураг ажиглагдаж байсан нь УИХ-ын 22-р тойрогт ч биелэлээ олов. Дугаар шилжих мөчид тус тойргийн урьдчилсан дүн 47.92 хувьтай байлаа.
ӨГЛӨӨНИЙ СОНИН