Ер нь Мао хүчирхэгжихээс өмнө улс маягтай, их бие даасан байдалтай байв. Ляншань гэж тэр улсаа нэрийднэ. Хар тамхи тариалж, мөнгө хөрөнгө, зэр зэвсэг ихтэй, тэгэхдээ дундад зууны хоцрогдсон байдалтай, дайчин ард түмэнтэй улс байсан юм. Өөрийн шашинтай. Бас автономитой.
Монголчууд урьд цагт чухам энэ И гэх үндэстний дунд бишрүүлэн суувал дээр юм гэж сонгосон аж. И нар ч монголчуудыгтэнгэрээс буусан хувилгаан улс ирлээ гэж шүтэж байжээ. Хоцрогдонгуй зэрлэг И нар монголчуудаас их юм суралцсан агаад, гол нь цэрэг зэвсгийн эрдэмд ихэд боловсрон суралцжээ.
Монголчуудын хувьд, өөрсдийнх нь шавь И ард түмэн том хамгаалалт болдог байв. Юань гүрэн унахад Юннаний монголчууд нутаг буцъя гэвэл, алс хол орших учраас, дайсагнагч хятадуудын дундуур урт зам туулж хядуулж дуусах байв. Ингээд И нарын дунд үлдэж, олон зуун жилийн харилцан нөлөөллийн дүнд И-д уусаж, кацо гэх ястан болжээ.
Кацо монголчуудын дунд монгол язгуур угсааг нь санагдуулах эртний сүм байдаг. 1980-аад онд кацо нарын хэл соёлыг сэргээнэ гэж өвөр монголчууд очиж монгол хэл соёл сургажээ. Сурсан хүн ч цөөнгүй. Тиймээс монгол хэл бичгээрээ бичсэн хөшөө дурсгалууд босгосон. Жуулчдыг монгол дээл хувцастай, монголоор ярьж, дуулдаг Юннаний монголчууд угтдаг.
Хятад дахь цөөн тоот үндэстнүүдийн дунд л анклав монголчууд буюу бусдаасаа тасарсан монголчууд уугуулаар суудаг болой. Бусад нь хоорондоо залгамал байх буюу. Харьцангуй саяхан хятадуудаар таслагдсан, мөн Манжийн үед нутаг заагдан суусан цөөн монголчууд байдаг. Халимагаас ирсэн анклав монголчууд бол унаган нутагтаа л байгаа хэрэг юм.
ЭХ СУРВАЛЖ: БОЛСОН ЯВДАЛ СОНИН