Баяртай, нэгэн хэвийн уйтгартай амьдрал минь…

Хүзүү, нурууны хооронд часхийтэл хатгуулахад нь сая л компьютерийнхээ өмнөөс холдож “завсарлах” шаардлагатайгаа саналаа. Амралтын өрөө рүү ус хийж авахаар явахдаа “Нэг цаг ажиллаад заавал завсарлага авч байх, ус тогтмол сайн ууж байх…” гэх мэт ойрноос өөртөө мөрдлөг болгохоор чармайж байгаа ч төдий л сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа дүрмүүдээ өөртөө дахин нэг сануулав. Оффисынхоо цонхны өмнө зогсоод энэ тэрийг харангаа өөрийнхөө тухай бодлоо. Ажилдаа дарагдаад өдөр хоногууд нэгэн хэвийн өнгөрч анзааралгүй нэлээд хугацаа өнгөрчихжээ. Ажлын ачаалал, стресс, ядаргаа нэг л мэдэхэд намайг дараад авсан байна. Гэхдээ ганц би тийм биш байх л даа. Эмэгтэйчүүд маань өдөр тутмын ажил, амьдрал, хүүхэд, гэр бүл гээд амьдралын их шуурганд өрөөлийн төлөө бүхнээ зориулсаар өөрийгөө мартчих гээд байдаг гэмтэй улс.
Тэгээд ер нь тогтсон ажилтай, ардаа амьдралтай бүсгүйчүүдийн өдөр тутам хийдэг нийтлэг зүйлсийг хар л даа. Ихэнх албан байгууллагын ажил 09 цагаас эхэлдэг. Ажил үүргийн хуваариас шалтгаалаад зарим өдөр ачаалал ихтэй, зарим өдөр үр бүтээл муутай гээд өдөр бүр янз бүр л өнгөрнө. Гадуур хөөцөлдөх ажил ихтэй үед замын түгжрээ, цаг нар хоёртой уралдсаар нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байдаг. Хааяадаа урилгын тоглолт, арга хэмжээнд оролцох ч давтамж нь бага. Тэгээд ажлын ядаргаа, хурааж хуримтлуулсан стрессээ гадагшлуулж алжаалаа тайлахын тулд санаа нийлсэн хэсэг нөхөдтэйгээ салам партидна даа. Үүнээс өөр гарц байхгүй ч юм шиг. Ерөнхийдөө нэг иймэрхүү гэр, ажил, хүүхдийн цэцэрлэг, хааяа парти гэсэн маршрутаар амьдрал өрнөөд байх шиг. Нэг талдаа амьдрал болоод байвч зоосны нөгөө талд бид өөрсдөө ч мэдэлгүй цаг үеэсээ хоцорсон, өөртөө анхаарал тавьдаггүй, хөгжиж дэвшсэн зүйлгүй, ямар ч хүсэл сонирхолгүй, амьдралын урсгалаар урсаж явдаг нэгэн болчихсон байвал яах вэ? Бодохоос ч аймаар юм…
Тэгээд би бодлоо л доо. Амьдрал яг нэг хэсэг хугацаанд яваад нэгэн хэвийн болоод эхэлдэг. Үүнийг зарим нь анзаарч өөртөө сэтгэл дундуур байдаг бол зарим нь анзаарах ч сөхөөгүй. Ийм үед амьдралынхаа хэмнэлийг өөрчилж арай сонирхолтой болгох зүйл сэдэж хийх ёстой юм болов уу. Тэр хэмнэлээрээ хэсэг яваад дахиад нэгэн хэвийн санагдаж эхлэх үед дахин өөрчлөх гэх мэт. Надад ч бас ийм л нэг үе ирээд байгаа бололтой. Өвлийн бүүдгэр өдрүүдэд өнгө гэрэл нэмэх ямар нэг “өөр” зүйл хийхгүй бол бүр л бүүдийгээд байх шинжтэй.
Тэгтэл ч нэг санаа харваад ороод ирлээ шүү. Юу гэвэл, миний нэгэн хэвийн амьдралыг өөрчилж, идэвхтэй болгож,  өөрийгөө хөгжүүлж болох сургалтууд, бас хиймээр байгаа, хийх сонирхолтой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаад үзэхээр шийдлээ. Бодоод байх нь ээ, тэгвэл гоё доо, ингэх юмсан гэж бодсон хэрнээ хэрэгжүүлэлгүй хойшлуулсан санаа олон байдаг юм байна. Ийм дажгүй зүйл бодож олсондоо өөртөө баярлаад хурдхан бүсгүйчүүдтэйгээ хуваалцахсан гэхээс ширээнийхээ ард яаран суулаа.

Зургийн дугуйлан
Уран зураг, урлаг гэдэг хүнийг тайвшруулж, стресс тайлдаг гайхалтай эд. Зурах бага ч болов авьяастай бол уг нь зураад сурчих хэрэгтэй байгаа юм. Үгүй юм аа гэхэд уран зургийг “уншдаг”, түүний талаар мэдлэгтэй болчихсон байхад зураг цуглуулдаг, солилцдог хүрээнийхэнтэй нөхөрлөж болно. Оффист голдуу суудаг, бичиг хэргийн ажил хийдэг хүмүүс огт өөр орчинд орох хэрэгтэй. Энэ огт өөр орчны хамгийн том төлөөлөл нь урлаг гэдэгтэй маргалтгүй.

Керамик сургалт
Фэйсбүүкт Керамик арт студио гэж нэг гоё хуудас байсныг саяхан олж харснаа санав. Төгсөгчдийнх нь хийсэн зүйлс нь ямар гоё, уран нарийн хийцтэй байсан гээч. Эд бүгд зураач, урчууд биш. Гэтэл энд ирээд ийм гоё зүйлсийг хийж сурч байгаа юм чинь би бас юу дутахав. Тэгээд ч дэлгүүрийн лангуунаас авсан таалагдах, таалагдахгүй аяга шаазан хэрэглэж байхаар өөрөө хүссэн хэлбэр, дизайнаараа хийгээд тавьчих боломжтой гээд л бод. Би бол бүх гал тогоогоо өөрийн гараар хийсэн шавар аяга, шаазан, ваараар чимэглэнэ гэж бодож байна. Хэн нэгэндээ дурсгасан ч өөрийн гараар хийсэн хамгийн сайхан бэлэг болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гадаад хэл
Англи хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг явсаар хичнээн ч удав даа. Англи хэлээ нэг мөр шийдээд сайн сурчихвал ажилд ч, карьерт ч хэрэгтэй, хүний өмнө нүүр бардам юм. Цаашлаад хятад, солонгос, япон гээд бусад орны хэлүүдийг судлахад болохгүй нь юу байхав. Хэл сурах нь бас ой ухааныг хөгжүүлэх тархины идэвхтэй фитнесс болдог гэдэг. Хэлийг сурч ашиглахаасаа илүү хобби болгодог хүмүүс ч л байдаг юм билээ.

Хөгжим
Хөгжмийн дээд нь хийл, төгөлдөр хуур гэдэг. Энэ хоёрыг, үгүй ядахнаа аль нэгийг нь сурчихсан байхад ямар гайхалтай байхыг төсөөлөөд үз л дээ. Хийлийн гоцлол, төгөлдөр хуурын аязуудыг би нүдээ анин сонсох дуртай. Өөрөө тоглодог болчихвол бүр янзтай. Төгөлдөр хуур, хийл хөгжмүүд гэрийн маань хамгийн тансаг орчныг эзэгнэн, ямар гоё классик уур амьсгалыг бүрдүүлэх бол гэж бодохоос бүр сэтгэлээ барьж дийлэхгүй нь.

Балет, бүжиг
Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг дээ. Одоо цагт жаахан охид, хөвгүүд л балетаар хичээллэдэг гэсэн ойлголт үгүй болж байна. Яс мах нь бэхэжсэн бүсгүйчүүд, ахимаг насны эмэгтэйчүүд ч хөдөлгөөний дутагдалд орохгүй бас сул махаа чангалах, биеэ тэгш зөв авч явахын тулд бүжгээр тэр дундаа балетаар хичээллэх нь их болсон. Мэдээж тэглээ гээд хуруун дээрээ дэгдээд бүжгэн жүжигт тоглоод явна гэх биш. Харин тэнцвэрээ олох, биеийнхээ булчингуудыг чангалах гэх мэт тухайн нас, онцлогтоо тохирсон биеийн дадал хөдөлгөөнийг өөртөө олж авах нь чухал. Балетын намуухан хөгжим, орчин ч стресс, алжаал тайлах давхар шидтэй.

Спорт
Хөдөлгөөний дутагдал, илүүдэл жингийн эсрэг хийх дайн спортоос өөр юу ч биш юм чинь түүнийг магтан дуулахаас яахав. Гэхдээ хөдөлгөөн, турах спорт гэхээр фитнесс л санаанд ороод байдаг. Гэтэл фитнесст бүртгүүллээ гээд сарын хэдэн хоногт нь явж амждаг билээ дээ. Тэгээд ч спорт гэдэг өргөн ойлголтыг ганц үүгээр тодорхойлох аргагүй. Сагс, теннис гээд спортын бүх төрлүүдээс ядаж нэгийг нь амьдралынхаа хэвшил болгочиход яагаад болохгүй гэж.

Гоо сайхан
Ажил, ажил гэсээр ихэнхдээ цаг завгүй байдаг. Гэтэл бас муухай арзайгаад ядарсан царайтай, эсвэл муухай хумстай яваад байж болдоггүй. Гэлээ гээд гоо сайханд байнга суугаад байх цаг хаана байна. Үсчин гоо сайхны сургалтад явах сайхан санаа орж ирээгүй бол энэ асуудалд санаа зовсон хэвээр л байх байлаа. Өөрөө өөртөө гоо сайханч байх цаг завыг, бас мөнгийг хэмнэнэ гээд давхар ашигтай.

Гэх мэт цаашлаад хувцас болон интерьер дизайн, хоолны сургалт, бясалгал, иог гэх мэтээр миний жагсаалт лав л нэлээд урт үргэлжлэх шинжтэй. Бүсгүйчүүд маань ч гэсэн өөрсдөө ийм жагсаалттай болоход гэмгүй. Энэ мэт олон зүйлийг дэс дараагаар хийснээр, үгүй ядаж өөрт тохирох аль нэгийг нь сонгож аваад амьдралдаа хэвшүүлсэн байхад биеийн эрүүл мэндийн хувьд ч оюун санааны тайвшрал, таашаалын хувьд ч эрүүл стрессгүй амьдрах тухайд санаа зовохгүй болох юм байна шүү. Би хувьдаа жагсаалтаа керамик сургалтаар эхлүүлэхээр шийдлээ. Харин та?..


Ц.Бадмаараг. 

topodin.comоптимизироватьaracerвзлом паролей wifi для андроидspeck macbook air 13betway casinodubai escorts 99Amex onlineвзять кредитную карту в альфа банкевзять деньги в долг в ярославледеньги в долг электростальзаповедник нгоронгороиспани¤ туры май 2015килиманджаро классификаци¤ маршрутовраскрутка сайта googleКухонная утварь оптомчугунный вок купитьпродвижение сайта на гуглполотенце сушитесь водянойкак раскрутить турфирмуйошкар ола строительствопродвижение сайтов раскрутка , seo( сео ) оптимизация


Баяртай, нэгэн хэвийн уйтгартай амьдрал минь…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.