НАСА-гийн мэргэжилтнүүд сайтаараа дамжуулан “Ирэх сард дэлхий сөнөхгүй гэж баталгаатай хэлж болно.
Эртний майяачуудын хуанлийн сүүлчийн хуудсыг тасалснаар цаг үе эцэслэхгүй” гэж мэдэгджээ.
Ингэснээр эрдэмтэд маяайчуудын хуанлийн хуудас дууссанаар дэлхий сөнөж мэднэ гэж эмээж байгаа хүмүүсийг тайтгаруулав. АНУ болоод дэлхийн зарим улсад ирэх сард бидний амьдарч буй гариг сүйрнэ хэмээн овог аймгууд ёслол үйлдэж, хүмүүс хүнс нөөцлөх болжээ.
НАСА-гийн мэдээлснээр дэлхий дөрвөн тэрбум гаруй жилийн турш хэвийн оршиж байгаа хэмээн агентлагийн сайтад бичсэн байна. Удахгүй дэлхий сөнөнө гэсэн мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлгүй гэж сансар судлалынхан мэдэгдэв. Үүнээс өмнө НАСА-гийнхан тодорхой мэдэгдэл хийж байгаагүй юм.
Эртний майяачуудын хуанли 2012 оны 12-р сарын 21-нд дууссанаар дэлхий сүйрнэ гэх мэт цуу яриа дэлхий даяар тархсан. НАСА-гийн уламжилснаар энэ өдөр хүн төрөлхтөн сөнөхгүй бөгөөд өвлийн ээлжит туйл болно.
Майяачүүд дэлхий сөнөхийг таамаглаагүй. Гэхдээ тэдний цаг үеийн тооллын урт систем төгсөж, шинэ тоолол эхэлж буй. Тиймээс гал тогооны хананд өлгөсөн хуанлигаа үргэлжилнэ гэдэгт итгэх хэрэгтэй хэмээн Америкийн эрдэмтэд мэдэгджээ.
Дэлхий сөнөхтэй холбогдуулан АНУ-д сонирхлын бүлэглэл хүртэл байгуулагдаж, сүйрэлд бэлтгэсэн тухай саяхан “Нью-Йорк таймс” мэдээлсэн юм.
Т.Арьяа
Эх сурвалж: time.mn