Мэргэжлийн бүжигчдийн дунд сонирхолтой уралдаан зарлаад байгаа бөгөөд ирэх сарын 2,3-нд шалгаруулалтыг явуулах юм. Энэ нь ССАЖЯ, Бий биелэг өвлүүлэх холбоо, Урлагийн ажилтны холбооны бүжгийн нийгэмлэг хамтарч явуулж буй ардын жүжигчин, төрийн шагналт, “Зууны манлай бүжиг дэглээч” С.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан юм. Бүжигчид хамтлаг, чуулгаараа олны бүжиг буюу 24-өөс дээш уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй бүжиг хийж өрсөлдөхөөрөө онцлог.
Удирдамжийн дагуу эхний шатанд бүх баг нэрт бүжиг дэглээч С.Сэвжидийн дэглэсэн “Монгол бүжгийн чуулбар”-ыг бүжиглэх бөгөөд хоёр дахь шатанд орчин үеийн, харин гурав дахь шатанд ардын бүжгийн номер үзүүлэх ажээ. Шалгаруулалт ҮДБЭЧ-ын байранд болно. Түрүүлсэн багийг 2,5, хоёрдугаар байрт орсныг 2,0 гуравдугаар байр эзэлбэл 1,5 сая төгрөгөөр шагнах юм байна. Одоогоор уралдаанд нийслэлээс тав, орон нутгаас дөрвөн баг оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Тухайлбал ХБК-ийн бүжгийн ангийн оюутан, сурагчид 32 бүжигчний бүрэлдэхүүнтэйгээр өрсөлдөхөөр бэлтгэж буй юм билээ.
ӨДРИЙН ШУУДАН