Өөр нэг хачирхалтай тохиолдол гарч байсан аж. Англи Шотландын харьцаа хүйтэрч, зуун жилийн турш үргэлжилсэн тэмцэл нь улам хурцдан дайны байдалд ороод байх үед англичууд цэргээ Шотландын Дабраке хэмээн жижиг хотод байрлуулаад байжээ. Гэтэл Артур Девис хэмээх түрүүч ойролцоохи ой руу очиж ан хийхээр яваад эргэж ирээгүй байна. Хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон түүний араас таван өдөр нэхэл дагал болж эрж хайгаад олсонгүй. Түүнээс мөр ч үлдэлгүй алга болсон тул уулын ангал руу унаж үхсэн байх эсвэл ширүүн урсгалт голд унаж живж үхсэн байх үгүй бол цэргээс оргон зугтсан байх гэж үзээд эрлээ зогсоосон байна. Гэтэл тэр бусдын гарт үрэгдсэн байжээ. Дункан Клерк хэмээх анчин мөн Алекс Макдуган хэмээх ой хамгаалагч хоёр түүний алтан бөгж, алтан цагийг авахын тулд уулын бэлд буудан хороогоод хуурай мөчир навчис овоолон цогцосыг нь шатааж орхисон юмсанж.
Тэд үүнийхээ дараа алтан цагийг нь өндөр үнэ хүргэн зарж хэн хэн нь байшин авч амьдрал ахуйгаа өөд нь татсан байна. Мөн түрүүчийн хэтэвчинд байсан мөнгөөр хэдэн өдрийн турш архидсан байжээ. Сохор зоос ч үгүй байсан хоёр гэнэтхэн л мөнгөжиж байшин сав аваад бас найрлаж цэнгэж байгаад тэр хавийн хүмүүс гайхаж байсан ч ямар нэг сэжигтэй хэрэг гараагүй учир тэгсхийгээд өнгөрсөн байна. Гэтэл жилийн дараа уулын бэлд амьдардаг залуу хүү Хэнри тун хачин юм ярьсаар Дабракед байсан Английн цэргүүд дээр хүрээд иржээ. Тэрбээр Кристи хилл уулын бэлд талийгаачийн сүнстэй таарсан тухай ярьж “Тэр сүнс өөрийгөө түрүүч Дэвис гэсэн. Тэр Дункан Клерк, Алекс Макдуган гэдэг хоёр хүнд алуулсанаа хэлж өөрийн цогцосны үлдэгдэл байгаа газрыг зааж өгсөн. Энэ хэргийг илрүүлэхэд туслаач гэж өөрийн найз Дональд Фаркоурзаас аминчлан гуйсан” хэмээн хэлсэн байна.
Англичууд мэл гайхаж ямар ч байсан хүүгийн яриа үнэн эсэхийг мэдэхээр түрүүчийн цогцосны үлдэгдэл байгаа гэх газарт очиж ухаж үзтэл шатсан араг ясны үлдэгдэл бас түүний өмсч явсан хувцасны тасархай гарч иржээ. Энэ бүхнээс түрүүч Артур Девисийг нас баржээ гэсэн дүгнэлт хийж болохоор байсан ч хэн нэг хүнийг түүний үхэлд шууд буруутгах аргагуй байсан учраас цогцосны үлдэгдэлийг ном ёсоор нь оршуулахаас өөр зүйл хийж чадсангүй. Гэтэл түрүүчийн сүнс Хэнрид ахин дахин үзэгдэж алуурчдыг хууль хяналтынханд барьж өгөөч хэмээн хүссэн байна. Хүү ч түүний хүсэлтийг биелүүлэхийн тулд нэг арга сэдсэн аж. Тэрбээр нэлээн овжин сэргэлэн нэгэн байсан учраас гарцаагүй нотлох баримттай болсон хойноо алуурчдын нэрийг нийтэд зарласан нь дээр хэмээн шийдэж юуны өмнө Дункан Клерктэй уулзан хийлгэх ажил байна уу хэмээн асуужээ.
Гэтэл ямар нэг сэжиг аваагуй Дункан түүнийг гарынхаа үзүүрт зарж эхэлсэн байна. Гэхдээ бараг сар шахам зарахдаа ганц пенни ч өгөөгүй учир Хэнри нэг өдөр хэрэлдэж үүгээр даримдуулан талийгаач турүүч Девисийн тухай бүхнийг мэднэ хэмээн хэлж орхижээ. Гэтэл Дункан Клерк ихэд сандран амиа хамхиж явбал цаашид тусална хэмээн амлаж хорин фунт стерлинг гаргаж ирээд гарт нь атгуулж орхижээ. Түүний мэгдэж сандарсан байдлаас яах аргагүй аллага үйлджээ гэдгийг ойлгосон хүү ч тэр даруй хүмүүст түрүүч Дэвисийн тухай ярьж алуурчид нь бидний дунд байна хэмээн нэр заан хэлэх болсон байна. Ингээд энэ хэргийн дуулиан газар авах үед Эдинбургийн цагдаагийн газраас Хэнриг дуудан байцааж бас түрүүчийн найз Дональд Фаркоурзаас тодруулга авч улмаар Дункан Клерк, Алекс Макдуган хоёрыг баривчилжээ. Тэр хоёр хүн амины хэрэг үйлдээгүй хэмээн мэлзэж байсан ч талийгаачийн алтан цагийг авсан хүн гарч ирж бас Клерктэй амрагийн холбоотой нэгэн садар эмээс талийгаачийн алтан бөгж олдсоноор бүх юм тодорхой болжээ. Энэ хэргийн шуүх хуралд малчин Хэнри гал гэрчээр оролцсон ч үнэндээ талийгаач Дэвисийн сүнс цаана нь далд байдлаар үнэтэй мэдээлэл өгсөн гэдгийг шүүхийн протоколд дурдсан бөгөөд энэ нь Эдинбургийн шүүхийн архивт өнөөг хүртэл хадгалагдаж байгаа юм. Түрүүчийн амь насыг хөнөөсөн хоёр этгээд хоёулаа дүүжлүүлжээ.
ЭЛДЭВ ЯВДАЛ