Чамайг цэв цэнхэр өнгөнд дуртай болохоор Ув улаан даашинзаа өмсөөд ирлээ хэмээн зөрүүдэлмээр, хэн нэгний өмнө салхи татуулан алхмаар, салхинд хормой дэрвэхийг мэдээгүй юм шиг алхмаар тийм нэг хүсэлд автуулам даашинз “амилсан” үдэш боллоо.
Бүсгүй хүнээс өөр хэн ч ийм гоо байж үл чадах энэ ертөнцөд амьд яваадаа баярлав. Бүсгүй хүн болсноороо бахархам үдшийг зорьсондоо талархав. Яг л миний нэгэн адил бүсгүй хүн гоё, ганган байгааг харах дуртай бүхэнд зориулагддаг эмэгтэй хүний ялдамхан өнгийг илтгэдэг “Гоёл” 25 дахь удаагийнхаа хөшгийг ийнхүү нээлээ.
Монголын сайхан бүсгүйчүүдийг харж, загвар бүтээгчдийн шаглаа бүрт нүд унагадаг тус наадмыг 1988 оноос хойш жил бүр “Дизайнеруудын холбоо”-ноос зохион байгуулж ийнхүү орчин цагийн бүсгүй хүний өнгө төрхийг тодорхойлж байгаа нь энэ.
“Моод монголоор дуусдаг” гэх үг ул болж дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалах томоохон урлаачдыг “төрүүлдэг” болохыг баталсан тус наадмын тайзнаа 18 байгууллагын 50-иад дизайнерийн шагласан бүтээлийг 70 гаруй загвар өмсөгч амилуулж байна. Наадмын хаалтын шоу Соёлын төв өргөөнд энэ сарын 15-нд болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Загварын тайзыг “Гэсү” студи урлаж, зохион байгуулалт, найруулгыг нь “Hero” энтертайнмент, гэрэл тайз, техник хэрэгслийг “Sound of Mongolia” продакшн тус тус хариуцаж байгаа аж. Өчигдөр тус наадмын хамгийн оргил үе болох “Mongolian grand fashion week-2013” өнгө гэрлийн хурц шийдэл, сонгодог аялгуун хөгөөр хүч нэмэн эхэллээ.
Энэ удаагийн салхийг “Precious” fashion house- ийн коллекци хагаллаа. Зүй нь шинэ жил ойртож, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа сонгох цаг үе тохиож буйтай холбогдуулан өнгөрсөн жилийн гоёлын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан Х.Цэрэнлхагва буюу дизайнер Ангиагийн “Шилмэл загвар”-ууд хурсан олны нүдийг зүй ёсоор татаж байлаа.
Тэрбээр энэ удаад 25 загварын үдшийн гоёлын даашинзнуудаа толилуулсан. Түүний тодотгосноор энэ жилийн баярын гоёлын даашинз нь өнгөний хувьд, хурц тод биш, уян зөөлөн, гялтганасан материалууд дагнаж буй гэнэ.
М.Мөнхтунгалаг
НИЙГМИЙН ТОЛЬ