Дерек Принсийн “Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных!” номын 90-р тал дээр “Эрх мэдэлтэн” гэсэн бүлэг бий. Тэнд аав хүн үр хүүхдүүдийнхээ амьдралд ямар их нөлөөтэйг бичсэн хэсгээс та бүхэнд товч өгүүлье:
“Эр нөхрийн гэргийнхээ дээр тогтоох эрх мэдлээс хол аугаа эрх мэдэл бол үр хүүхдийнхээ дээр тогтоох аавын эрх мэдэл юм. Энэ болбоос бүх эрх мэдэл бүхий харилцааны хамгийн гол суурь бүлгээ. Үнэн хэрэгтээ энэ нь Тэргүүн болох Бурхан Ааваас Хүүд хандах мөнхийн харилцааны өргөжилт юм.
Аавын ерөөл сайн сайхныг төрүүлэх хязгааргүй чадвартай байдаг шигээ, хараал нь мөн мууг төрүүлэх эн тэгш чадвар агуулна. Зарим үед ийм хараалыг санаатай шивших ч бий. Гэхдээ ихэвчлэн нөхөр эхнэрийн харилцаанд байдагтай адил аавынх нь санаандгүй хэлсэн үгс үр хүүхдэд нь хараал болж буух тал бий. Одоо миний хэлэх жишээ бүр нь миний биечлэн уулзаж явсан хүмүүсийн амьдралын бодит үнэнийг агуулсан болно.
Гурван хүүтэй аав байжээ. Аав ууган хүүдээ анхны үр учраас амь байдаг. Отгон хүү нь ер бусын авъяас чадвартай, хүмүүсийн хайрыг татах билэгтэй байв. Харин дунд хүүд эдгээр чанарын аль нь ч байсангүй. Тэрбээр эцэгтэйгээ таарамж муутай байдагтаа шаналавч, дотроо л хадгалдаг байв. Улмаар аав нь өөрийнхөө хэзээ ч шийдэж чадаагүй сул талаа хүүгээсээ олж хараад, байнга чичлэн шүүмжилнэ. Өөрийгөө буруутгаснаас, хүүгээ яллах нь түүнд арай зовиургүй байжээ.
Энэ бүхний үр дүнд хүү аавынхаа тааллыг хэзээ ч олсонгүй. Тэрбээр аавдаа таалагдах гэж мэрийхээ ч болив. Харин аав нь хүүгийнхээ энэ байдлыг зөрүүд зан гэж хөрвүүлнэ. “Чи хичээх ч үгүй байгаа биз дээ! Залхуу амьтан! Энэ хэвээрээ чи өөдлөхгүй дээ!” сэлтийн үгсээр дургүйцлээ илэрхийлэх нь улам л олдов. Насан турш ороож мэдэх муу ёрын хувь тавилан хүү дээрээ дуудаж буйгаа аав огт ухаарсангүй.
Аавынхаа хэлсэн хөнөөл бүхий сөрөг, шүүмжит үгсээс болж амьдрал нь хазайсан олон эртэй би уулзаж явлаа. Эдгээр уулзалтын үр дүнд би, иймэрхүү үгс нь угтаа хараал болохыг ухаарч ойлгосон юм. Цагийн урсгал тэдний үр нөлөөг хугаслахгүй. Хүүхэд ахуйд нь хэлсэн аавынх нь үгс нас тогтсон эрчүүдийн амьдралыг нэрвсээр байж болох. Үүнийг хараал мөн болохыг хүлээн зөвшөөрч, Бурханы жорыг хэрэглэх нь энэ бүхнийг шийдэж чадах цорын ганц үр дүнтэй арга мөн.
Жэк Мэри, Жим Жэйний түүх янз бүрийн хувилбартай байсантай адил, энэ тохиолдолд ч бас хувилбар бий. Жишээлбэл, уран гартан аавд ямар ч гарын дүйгүй хүү заяажээ. Хэд хэдэн ажлыг бантагнуулж орхисны дараа аав нь хүүдээ “хоёр гарт!” хэмээн дуу алдав.
Аав нь бухимдаж бус, хошигнож хэлсэн ч байж болно. Гэвч энэ үгс хүүд нь үр нөлөөгөө үзүүлэх л болно. Гучин жил өнгөрлөө ч, тэрбээр хамгийн энгийн ажил хийхдээ ичгүүр юмуу айдаст автсаар байж болох. Амьдралынх нь хамгийн урагшгүй тал энэ л болов. Гэтэл хүү ур чадвар хомсдоо бус, харин өөртөө итгэх итгэл дутсандаа ийм байдалд орсон байж болох. Хүүхэд байхад нь аавынхаа санаандгүй хугалсан итгэлийг хөвүүн сэргээн босгож хэзээ ч чадаагүй ажээ.
Охид ч бас аавынхаа сөрөг үгийн нөлөөнөөс болж зүдэрч болно. Тухайлбал нүүрэн дээр туурсан батгаа нуух гэж элдэв оо тос түрхлэн, өглөө бүр толиныхоо өмнө хэдэн цагаар эргэлдэх охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр хүлээж буй аав охиныхоо цагаа барьдаггүй байдалд асар их цухалдах болов. Нэг өдөр охин нь оройтдог цагаасаа ч хоцорсон тул аавын уур савсан: “Шал дэмий цаг барсан юм хийх юм” хэмээн зандраад, “Ер нь наадах чинь хэзээ ч арилахгүй дээ!” гэж үг буулгав. Хорин жилийн хойно хань ижил, үр хүүхэдтэй болсон охин нь батгаа нуух гэж цөхсөн хэвээрээ л үлджээ.”
Үр хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол аав ээжийн ерөөл юм шүү. Үр хүүхдээ өдөр бүр ерөөж байгаарай! Дерек Принсийн энэ номыг эцэг эх та бүхнийг заавал уншихыг уриалж байна.
Номыг Амьд Үг чуулган, СЮ номын дэлгүүрээр зарж байна.