Эхчүүд ямар хэцүү цаг мөчүүдийг ардаа орхин байж хүүхэд төрүүлдэгийг бодохоор үнэхээр баатарлаг үйлс мэт. Гэтэл төрсний дараах үед хүн бүхэн “шинэ хүн”-д гоё сайхан бэлэг сэлт авчирна. Одоо тэгвэл сайхан төрсөн эхэд баяр хүргэх цаг иржээ.
Энэ тухайд түүнд ямар гайхалтай нэгэн болохыг ойлгуулах хэмжээнд түүнийг баярлуулах хэд хэдэн арга бий…
Бүтэн биеийн массаж бэлэглэ
Заримдаа шинэхэн ээжүүд өдөр тутмын дуусашгүй ажлаасаа хэсэг хугацаанд ч болов холдохыг хүсдэг. Мэдээж хэрэг, төрсний дараах өдрүүдэд нярай хүүхдийн уйлах дуунаар шөнө дунд нойр нь хулжиж, өдөржин хүүхэд асарч буй баатарлаг эхэд бүтэн биеийн массаж сайхан бэлэг болно шүү дээ. Тиймээс та ойр дотныхоо хүн, найз нөхөд тань төрөөд удаагүй байгаа бол түүнд бүтэн биеийн массажны бэлгийн картыг бэлэглэж болно.
Хүүхэд асрагчаар үлд
Төрснийх дараах үед эхчүүд хүүхдээ асраад өдөржин завгүй бөхөлздөг. Гадуур хөөцөлдөх зарим төрлийн ажил гардаг ч, тэр бүр гарч чадахгүй. Тэгвэл та хэдхэн цаг хүүхдийг нь асраад өгвөл түүнд юугаар ч орлошгүй сайхан бэлэг барих болно.
Гоо сайхны бэлгийн карт
Нярай эхчүүд ихэнхдээ ядарч туйлдсан царайтай байдаг. Хүүхэд асарна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Хүүхдээ асарна гээд урьд өмнө нь өөртөө зарцуулдаг байсан цаг заваа хараахан гаргаж чадахгүй яваа байх. Түүнд гоо сайхны ямар нэгэн төрлийн маникюр, нүүрний массаж, арьс арчилгааны карт бэлэглэвэл тэр өөрийгөө хэн бүхнээс сайхан гэдгээ мэдрэх болно.
Хагас, бүтэн сайхны амралт
Хагас, бүтэн сайны өдрөөр нярай хүүхдийг нь аваад ээжид нь хотоос холгүй тохилог сайхан амралтын газар 2 хоногийн цэвэр агаарт сайхан амралтыг зориулж болно. Нярай бяцхан нь үр нь цэвэр агаарт нам тайван унтаж байхад, ээжийнх нь сэтгэл ч гэсэн хангалуун, сайхан амарч чадах болно.
Түүнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэ
Төрсөн эх маань одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй учраас хэрэгцээтэй зүйлээ хэсэг хугацаанд авч чадахгүй байж мэднэ. Жишээ нь хүүхдээ энгэртээ тэврээд явахад хэрэгцээтэй “хүүхэд үүрдэг цүнх” бэлэглэж болно.
Түүнийг магт
Хүмүүс бид сайн зүйлийг хийснийхээ дараа бусдаар магтуулахыг их хүсдэг. Ялангуяа амьдралдаа томоохон шинэчлэлт хийсэн хүмүүс. Түүнд ямар сайн ээж болсныг, үүрсэн хүнд ачааг ажрахгүй үүрч яваа, саад бэрхшээлийг хөнгөхөн туулж чаддаг зэргээр дэргэд нь сайтар магтаж, хэзээд хүссэн үед нь түүний дэргэд байхаа хэлж, урам зориг хайрлах хэрэгтэй.
Түүнд зориулан цэнгээн зохион байгуул
Ойр дотны санаа нийлсэн найз нөхдөөрөө цуглараад түүнд зориулан олон сайхан амттан, хоол унд бэлтгээд бүгдээрээ нэг дор уулзах сайхан боломжийг бзрдүүлж болно. Үүнийг хийхдээ бэлтгэсэн бүхнээ бариад түүний гэрт очиж болохын зэрэгцээ бүх зүйлсийг жин тан бэлтгээд дараа нь түүнийг хүүхдийнх нь хамт урьж авчирч болно.
Шинэхэн төрсөн эхийн хань ижил, ойр дотны найз нөхөд та бүхэн дээр дурдсан 7 сайхан бэлэгнээс аль хүссэн 1 эсвэл 2-ыг түүнд зориулан сэтгэлийг баясгаж, баярлуулбал үнэхээр том сюрприз байна гэдэгт бид эргэлзэхгүй байна.
EEJBOLLOO.MN