Бүжгийн үйлчилгээ үзүүлдэг буюу архидан согтуурах чиглэлээр давамгайлан үйл ажиллагаа эрхэлдэг Улаанбаатар хотын 16 шөнийн клуб нэг жилийн хугацаанд 132 мянган шил буюу 100 мянган литр орчим хатуу архи худалдаалдаг гэх тооцоо бий.
Эдгээр клубт тодорхой хяналт үгүй, камер, стандарт тогтоогдоогүй байдаг нь элдэв асуудал үүсэх, хүний амь нас эрсдэх, өсвөр насныхан архидан согтуурах шалтгаан болж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Улаанбаатар хотод шөнийн цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх цагийг 04:00 цаг хүртэл сунгах талаар салбарын яам хэлэлцэж байна. Хэрэв 04:00 цаг хүртэл ажиллах бол Хууль Зүй Дотоод хэргийн яамны тогтоосон стандартыг барьж ажиллахыг үүрэгдсэн юм.
Үүний дагуу “Blue Sky” цамхагт байрлах “Вегас” цэнгээний газрын үйл ажиллагаа, стандартын биелэлтийг шалгахаар Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин хүрэлцэн ирсэн. “Вегас” цэнгээний газрын гадна, дотно болж буй үйл явдлыг ойролцоогоор 30-40 камер хянахын сацуу нэг камер бичлэгээ 72 цагаас нэг сарын хугацаанд архивлах боломжтой гэнэ.
Мөн тус цэнгээний газар үүдэндээ хурууны хээ шалгах аппарат тавьсан нь өсвөр насныхан тус газраар үйлчлүүлэх боломжгүй гэсэн үг. Х.Тэмүүжин сайдын хэлж байгаагаар “Вегас” цэнгээний газрын стандарт Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж буй бусад шөнийн цэнгээний бар, ресторануудад үлгэр дууриал болох ёстой гэсэн юм.
Шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах боломжоор хангагдахын тулд үйл ажиллагаа эрхэлж буй бар, ресторанууд обьектын дотно, гадна бүрэн камержсан байхаас гадна хяналтын камерууд архивуудаа нэг сараас дээшгүй хугацаагаар хадгалах ёстой юм.
Харин “Вегас” цэнгээний газар эдгээр бүх шаардлагыг хангасан байсныг шалгалтаар ирсэн албаныхан онцолж байсан.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН