Хэн нэгэн намайг муу хэлэх юм бол, надад муу зүйл хийх юм бол би яасан ч тэвчиж чадахгүй. Заавал хариуг нь барьмаар, түүнийг харааж зүхмээр санагдана. Ингэхгүй л бол бусдад дийлдчих юм шиг мэдрэмж төрнө.
Нэг өдөр энэ л аашаараа гутлан дээр минь гишгэсэн хүнийг хараангаа сандал дээр сууж гутлаа арчих аядав. Дөнгөж угаагаад өмссөн шаахай минь өнгө орох шинж алга. Аргаа баран цухалдахдаа сууж байсан сандлаа нүдэж гарлаа. Гэтэл миний хажууд сууж байсан бяцхан охин өөдөөс хараад “эгч ээ, та зүгээр л мартаад, инээж болдоггүй юмуу” гэлээ.
“Уур”-андаа уусаж хажууд байгаа бяцхан охиныг харах ч сөхөөгүй байснаа саяхан л мэдлээ. “Мартах аа? Мартах…” бяцхан охины хэлсэн үгний хариуд үнэхээр инээх гэж хичээлээ. Ам нүүр минь эвлэж өгөхгүй, улам ч аймшигтай мэдрэмж төрж байлаа. Нүүрээ татвагнуулан хайш яайш инээхчээ аядтал өнөөх адтай охин намайг шоолж ход ход хийтэл хөхөрлөө. Түүний энэ инээдэнд миний ч бас инээд учиргүй их хүрч тасралтгүй инээв. Юунаас болж инээсэн юм бүү мэд. Зүгээр л инээх нь их сайхан санагдаж байлаа. Сүүлдээ хэвлийгээр өвдөж, инээдээ барьж ядан бид хоёр нулимсаа гартал хөхрөлдөв. Ханатлаа инээсний дараа би цааш алхаж явахдаа үнэхээр гутлаа муухай болсныг ч мартчихсан инээмсэглэж явсан шүү.
Ийм мэдрэмжийг би их удаан мэдрээгүй гэдгээ тэгэхэд л санасан. Уур бухимдал, атаа хорсол, өширхөл, муу санаагаар дүүрсэн сэтгэл минь зүрхээ бага багаар эмтэлсээр цээж минь хөндий хоосон болсоор байжээ. Бусдад дийлдэхгүй гэсэндээ би өөрийгөө мэрж харин ч өөрөө өөртөө дийлдэж байснаа тэгэхэд л би ухаарсан юм. Түүнийгээ бусдад дийлдэхгүйн нэг арга гэж буруу боддог байжээ.
Бяцхан охинтой инээлдсэн яг тэр үед хацар минь халуу дүүгэж, цээж минь “дүүрчихсэн” байж билээ. Түүнээс хойш хэсэгтээ л тийм аз жаргалтай мэдрэмж надаас салаагүй. Сэтгэлийг минь эмчлэх арга зүгээр л бүхнийг мартаад, инээмсэглэх гэдгийг би яагаад урьд нь бодож байгаагүй юм бол? Муу муухай зүйл бодох тусам сэтгэл минь улам хөндүүрлэж байна гэдгийг мэдсэн хэрнээ асуудлыг шийдэх өөр өнцгийг олж хардаггүй байжээ. Эсвэл зүгээр л сайн талыг нь харахыг хичээдэггүй байсан байх.
Заримдаа бодож шаналахын оронд зүгээр л мартчих нь илүү сэтгэлд амар байдаг гэдгийг тэр бяцхан охин надад ойлгуулсан юм. Бидний уураг тархи хичнээн гайхалтай болохыг одоо л ойлгож байна. Сэтгэлдээ муухай бүхнийг мартах “install” суулгачих юм бол тэгээд л болох нь тэр. Хэрэгтэй зүйлээ толгойдоо “save”-лээд, хэрэггүйг нь “delete” хийж чаддаг байхад л тэгээд болж байгаа нь тэр.
Түүнээс хойш би хэрэггүй зүйлээ толгойноосоо авч хаян мартчихдаг болсон . Хэн нэгэн цагаан шаахай дээр минь гишгэчихээд гэм хийсэн жаахан хүүхэд шиг дальдчин над руу харах яг тэр үед нь би бухимдал гэдгийг МАРТААД зүгээр л инээмсэглэчихдэг. Тэдний гайхсан хариу инээмсэглэл надад ямар их аз жаргал өгдөг болохыг үгээр хэлж чадахгүй нээ, зүгээр л бухимдлаа Мартаад Марш!
GOOLINGOO.MN