Эхлэл 1-11-р бүлгийг уншиж үзсэн хэн ч гэсэн молекулаас-хүн болтлоо хөгжсөн гэх хувьслын орчин үеийн сургаал Бурханы үгээс тэс өөр байгааг анзаарч харах нь лавтай. Хувьслын онолын санаанд өгч буй Библийн болон шинжлэх ухааны хэтийн төлөв ямар байна вэ? Илүү нарийвчлан харцгаая.
Хувьслын онолчид ихэвчлэн хувьсал гэдэг нь “өөрчлөлт” гэсэнтэй адил утгатай гэж хэлдэг. Гэвч үнэндээ энэ нь зөвхөн зарим нэгэн өөрчлөлтөнд л хамааралтай юм. Өдгөө энэхүү үгийг амьгүй химийн биетүүдээс эгэл амьд биет хүртэл, цаашлаад илүү хөгжсөн амьд биетүүд, тэгээд эцэст нь хүн хүртэл хөгжсөн үйл явц гэсэн утгыг илэрхийлдэг хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон. Өөрөөр хэлбэл, үүний илэрхийлж буй санаа нь “өвөг дээдэс тань нялцгай биетээс эхлээд бүхэл бүтэн “амьтны хүрээлэн”-г дамжин хөгжсөөр өдгөө та бий болжээ” гэж хэлж байгаа юм л даа. Энэ өөрчлөлтийн гол үйл явц нь байгалийн шалгарал болон мутаци хоёрын хоршлоор хөтлөгдөн өрнөсөөр хэдэн сая жилийг элээсэн талаар бид заалгасаар ирсэн.
Цаашилбал, хувьсал хэмээх энэ үг амьгүй биетүүдийг ч хамарч байгаа юм. Үүнд одод, нарны аймгийн систем гээд орчлон ертөнц тэр чигээрээ, тэр дундаа нийгмийн болон хуулийн систем хүртэл бүх зүйлс агуулагдаж байна. Бүх зүйлс хувьслын бүтээгдэхүүн хэмээн нэрлэгдэж байна. Ингэхдээ хувьслын гурван үндсэн хэлбэрийн талаар ярьдаг:
1. Од гаригсын хувьсал
2. Химийн хувьсал
3. Биологийн хувьсал
Хувьслын энэхүү санаанд Төгс хүчит Бүтээгчид орон зай байдаггүй. Хувьслын бүх үйл явцууд цэвэр байгалийн хүчин зүйлсээр удирдагдан явагдсан гэж таамагласаар байна. Энэ нь байгаль ертөнц өөрөө шинэ биетүүд болон илүү сайн, илүү төгс төгөлдөр биетүүд, амьтдыг бүтээж, хөгжүүлж чадна хэмээн үздэг учир Төгс хүчит Бүтээгчийн хэрэгцээ байхгүй хэмээн энэ онол хэлдэг. Хувьслын онолын энэхүү санаанд давхар илэрхийлэгдэж байгаа зүйл “Бурхан байхгүй” гэсэн санаа юм. Хэрвээ Бурхан байхгүй бол ямар ч удирдлага, ямар ч тогтоол, бидний дагаж мөрдөх ёстой Бурханы ямар ч тушаал захирамж байхгүй гэсэн үг. Цаашилбал, хувьслын философийн дагуу бид хожим бүх зүйлсээ тайлагнах Бурхан байхгүй учир бид өөрсдийнхөө санасан зоргоороо яаж ч амьдарч болох юм. Ийнхүү дур зоргоороо амьдрахыг дэмжсэнийх нь төлөө асар олон хүн молекулаас–хүн хүртэл хөгжсөн гэх хувьслын онолд дурлаж байгаад гайхаад байх зүйл алга. Үүнийг харьцуулсан ёс суртахуун гэж нэрлэдэг.
Библи хувьслыг заадаг гэж үү?
Үүнд энгийнээр хариулбал “Үгүй”. Эхлэл 1-р бүлгээс бид бүх зүйлс – орчлон ертөнц, нар, сар, од гаригс, дэлхий болон түүн дээр оршигч бүх төрлийн ургамал, амьтан хийгээд Бурханы бүтээлийн оргил болох хүн төрөлхтөн хүртэл хэрхэн бүтээгдсэн (хэрхэн хувьссан биш шүү) дарааллыг уншиж болно. Энэхүү дарааллын хаанаас нь ч молекулаас – хүн хүртэлх хувьслын талаар бид олж уншихгүй. Цаашилбал, тэр үед хувьсал явагдах цаг хугацаа ч байгаагүй бөгөөд Бурхан төгс бүрэн хүч чадлаар бүх зүйлсийг яг зургаан өдрийн дотор бүтээсэн юм (Египетээс гарсан нь 20:11, 31:17 ).
Зарим хүмүүс хувьсал явагдсан үйл явцыг Эхлэл 1-р бүлэгт хялбаршуулан бичсэн гэж ярих нь бий. Гэвч иймэрхүү таамаглал нь нарийн шинжилгээн дээр тулгуурлаагүй байдаг. Эхлэл 1-р бүлэг дэх бүтээлийн явц хийгээд хувьсал явагдсан гэх дарааллуудыг харьцуулан харвал бид үүнийг төвөггүй олж харна (доорх хүснэгтийг үзээрэй1). Үйл явцуудын дарааллууд нь эрс ялгаатай бөгөөд Эхлэл номон дахь бүтээлийн дараалал нь эх гарвалын талаарх хувьслын онолын дараалалтай огт холбоогүй юм.
Хувьслын онол |
Библийн Эхлэл ном |
Нар дэлхийгээс өмнө бий болсон | Дэлхий нарнаас өмнө бүтээгдсэн |
Хуурай газар далайгаас өмнө бий болсон | Далай хуурай газраас өмнө бүтээгдсэн |
Агаар мандал далайгаас өмнө бий болсон | Далай агаар мандлаас өмнө бүтээгдсэн |
Дэлхий дээр гэрэл тусахаас өмнө нар бий болсон | Нар бүтээгдэхээс өмнө дэлхий дээр гэрэл туссан |
Дэлхийгээс өмнө одод бий болсон | Оддоос өмнө дэлхий бүтээгдсэн |
Гариг эрхсүүдтэй зэрэг дэлхий бий болсон | Гариг эрхсүүдээс урьтаж дэлхий бүтээгдсэн |
Газрын ургамлуудаас өмнө далайн биетүүд бий болсон | Далайн биетүүдээс өмнө газрын ургамлууд бүтээгдсэн |
Далайн одноос урьтаж газрын өтнүүд бий болсон | Газрын өтнүүдээс урьтаж далайн од бүтээгдсэн |
Газрын амьтад моддоос урьтаж бий болсон | Модод газрын амьтдын түрүүнд бүтээгдсэн |
Хүн үүсэхээс өмнө үхэл байсан | Үхэл гэж үгүй байхад хүн бүтээгдсэн |
Зангуу ба халгай нь хүн бий болохоос өмнө байсан | Зангуу ба халгай гэж үгүй байхад хүн бүтээгдсэн |
Сүрьеэгийн нян хийгээд хавдрууд хүнээс урьд байсан (үлэг гүрвэлүүд сүрьеэ болон хавдраар өвчилж байсан) | Сүрьеэ болон хавдар гэж үгүй байхад хүн бүтээгдсэн |
Шувуудаас өмнө хэвлээр явагчид бий болсон | Хэвлээр явагчдаас өмнө шувууд бүтээгдсэн |
Газрын хөхтөн амьтад халимнуудаас өмнө бий болсон | Халимнууд газрын хөхтөн амьтдаас өмнө бүтээгдсэн |
Газрын хөхтөн амьтад сарьсан багваахайнуудаас өмнө бий болсон | Сарьсан багваахайнууд газрын хөхтөн амьтдаас өмнө бүтээгдсэн |
Шувуудаас өмнө үлэг гүрвэлүүд бий болсон | Үлэг гүрвэлүүдээс өмнө шувууд бүтээгдсэн |
Шавьжнууд цэцэгт ургамлуудаас өмнө бий болсон | Цэцэгт ургамлууд шавьжнуудаас өмнө бүтээгдсэн |
Ургамлуудаас өмнө нар бий болсон | Нарнаас өмнө ургамлууд бүтээгдсэн |
Дельфинүүдээс өмнө үлэг гүрвэлүүд бий болсон | Үлэг гүрвэлүүдээс өмнө дельфинүүд бүтээгдсэн |
Птеросауруудаас (нисдэг үлэг гүрвэлүүд) өмнө газрын хэвлээр явагчид бий болсон | Газрын хэвлээр явагчдаас өмнө птеросаурууд бүтээгдсэн |
Үүний зэрэгцээ, гол асуудал нь “хийх” (make), “бүтээх” (create) гэсэн хоёр үгний ялгаанд байна (еврей үг нь: asah болон bara юм) гэж зарим хүмүүс ярих нь бий. Тэд үзэхдээ Бурхан зөвхөн зарим нэг зүйлийг л “бүтээсэн” (created) гэдэг. Жишээлбэл, Эхлэл 1:1-т дурдсанаар Бурхан тэнгэр, газрыг болон Эхлэл 1:21-т дурдсанчлан далайн амьтад хийгээд нисдэг амьтдыг “бүтээсэн” гэдэг. Тэгээд тэд Бурхан өмнө нь бүтээсэн зүйлсээ (материалаа) ашиглаад бусад зүйлсийг “хийсэн” (made) гэж үздэг. Жишээлбэл, Эхлэл 1:16-д дурдсанаар нар, сар, оддыг болон Эхлэл 1:25-д дурдсанаар араатан амьтад хийгээд мал адгуусыг ийнхүү “хийсэн” гэж ярьдаг. Энэ хоёр үгний утгын хувьд хоорондоо тийм ч их ялгаагүй. Ихэвчлэн эдгээр үгс нь бие биенээ орлон хэрэглэгдэж байдаг. Нэгэн ижил үйлдэл дээр ч энэхүү asah (хийх), bara (бүтээх) гэсэн хоёр үг нь хоёулаа хэрэглэгдсэн байдаг (Эхлэл 1:26-27-д хүнийг бүтээсэн хэсэгт).
Эхлэл 1-р бүлэгт Бурхан Өөрийн бүтээлээ бүтээхдээ хувьслын үйл явцыг ашигласан гэж дүгнэж болохуйц нэг ч зүйл байхгүй.
Цаашилбал, Эхлэл номон дахь бүтээлийн дараалал нь хувьслын дарааллын хялбаршуулсан хувилбар гэж итгэхэд бас асуудлууд байна. Хувьсал явагдахад хүргэсэн хүчин зүйлсийн нэг нь үхэл гэж хувьслын онолчид үздэг. Гэтэл Библид үхлийг төгс төгөлдөр ертөнцөд Адамын гэм нүглийн улмаас орж ирсэн зүйл гэж маш тодорхой заадаг билээ. Үүнээс өмнө үхэл гэж байгаагүй бөгөөд хүн төрөлхтөн хийгээд амьтад бүгдээрээ өвсөн тэжээлтэн байсан юм (Эхлэл 1:29-30 нь бидэнд ургамлуудыг газрын болон далайн амьтад, шувууд болон хүмүүстэй адил амьд амьтан биш гэдгийг харуулдаг). Бурханы бүтээсэн анхны ертөнцөд үхэл гэж байсангүй. Тиймээс хүн төрөлхтөн бүтээгдэхээс өмнө ямар ч хувьсал явагдаагүй юм.
1. Од гаригсын хувьсал: Их тэсрэлт (The Big Bang)
Их тэсрэлтийн (big bang) онол бол амьд системийн үүсэл гарлын талаарх Шинэ-Дарвины хувьслын онолтой (Neo-Darwinian evolution) санал нэгдэж, уялдан зохицолддог орчлон ертөнцийн үүсэл гарлын талаарх хамгийн алдартай онол юм. Орчлон ертөнцийн үүсэл гарлын талаар Библийн сургаал болон хувьслын онолчдын заадаг зүйлсийн ялгааг дараахь маягаар хураангуйлан хэлж болох юм: Библи “эхэнд Бурхан бүтээсэн” гэж заадаг бол хувьслын онолчид “эхэнд оргүй хоосноос ямар нэгэн зүйл бий болоод тэр нь тэсэрсэн” гэж заадаг.
Их тэсрэлтийн онолоор орчлон ертөнц маань санамсаргүйгээр гэнэт бий болсон бөгөөд асар хурдтайгаар тэлж тоолж барамгүй үй олон галактикуудыг тоолж барамгүй үй олон оддынх нь хамтаар бий болгосон гэж таамагладаг.
Оргүй хоосноос орчлон ертөнц өөрөө бий болсон гэсэн энэхүү санаагаа батлахын тулд космологичид (cosmology буюу космологи – орчлон ертөнцийн бүтэц хийгээд уг гарвалыг нь судалдаг одон орон судлалын (астрономи) салбар шинжлэх ухаан, Longman-ийн толь бичгээс хөрвүүлэв С.Б) квант механикийн ухаан нь бидэнд тодорхой орчин нөхцөл нь бүрдсэн тохиолдолд вакуум орчин материйг өөрөө бий болгож чадна гэж таамаглах боломжийг олгож байна гэж үздэг. Учир шалтгааны энэ ухагдахуунд гарч ирж буй асуудал нь вакуум орчин гэдэг нь өөрөө оргүй хоосон зүйл биш юм. Энэ бол ямар нэгэн зүйл юм. Торрицеллийн вакуум орчин гэх мэт вакуум орчин нь өөрөө харагдах болон үл харагдах шинж чанар бүхий, мөнгөн усны барометрт (агаарын даралт хэмжигч) заалт өгдөг зохиомлоор үүсгэсэн зүйл юм. Логик гаргалгааны ямар ч хувилбараар бодож үзсэн, хэрвээ оргүй хоосон л байгаа бол тэнд юу ч болох учиргүй юм. Энэ нь эргээд орчлон ертөнц нь оргүй хоосноос өөрөө бий болсон гэж итгэх нь шинжлэх ухааны бүх хуулиудыг, бүх логик гаргалгаануудыг зөрчиж байгаа хэрэг. Энэ ухагдахууныг зүйрлэвэл хов хоосон банк өөрөөсөө гэнэтхэн хэдэн тэрбум долларыг бий болгож, эзэмшинэ гэж найдахтай л адил.
Гэсэн ч хэрвээ бид орчлон ертөнц хийгээд бүхий л зүйлс оргүй хоосноос (мөн хаанаас ч бус) бий болсон гэж хүлээн зөвшөөрвөл бид мөн үүний логик дүгнэлтийг ч бас дагах хэрэгтэй болно. Энэ нь орчлон ертөнцийн зөвхөн материаллаг биетүүд ч төдийгүй бусад зүйлс ч бас оргүй хоосноос бий болсон гэсэн зүйл юм. Жишээлбэл: учир зүй хийгээд логик, ойлголт хийгээд ухамсар, ёс суртахууны иж бүрэн кодууд хийгээд хуулийн системүүд, үнэн худлын дэнслүүр, урлаг, хөгжим, жүжиг, хошин шог, утга зохиол, бүжиг, түүнчлэн Бурханыг хүртэл оруулаад итгэл бишрэлийн системүүд хүртэл бүх зүйл оргүй хоосноос (ямар ч оюун ухаан гэж үгүй, ямар ч ёс зүй гэж үгүй, ямар ч ухамсар буюу дотоод сэтгэл гэж байхгүй нөхцөл) бий болсон гэж бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Эдгээр зүйлс бол их тэсрэлтийн таамаглалтай хамт тавигддаг философийн дагалдагч зүйлсийн ердөө л цөөхөн хэд нь юм.
2. Химийн хувьсал: Амьдралын эх сурвалж
Амьд организмууд амьгүй химийн биетүүдээс бий болсныг лабораторийн туршилтууд баталсан гэж олон хүмүүс итгэдэг (учир нь сургуульд үүнийг заадаг). Химийн хувьслыг судалдаг эрдэмтэд лабораторид амьдралыг бүтээсэн гэж олон хүмүүс итгэдэг.
1953 онд Стэнли Миллерийн (Stanley Miller) хийсэн нэгэн алдартай туршилт бол үүний баталгаа болсон гэж ихэвчлэн үздэг. Гэвч энэхүү туршилтын үр дүн нь дээрх хувьслын баталгааг огт харуулдаггүй юм. Оюун ухаант хүмүүсээр зохиогдсон эдгээр туршилтууд нь тодорхой орчин нөхцөлд, тодорхой органик нэгдлүүд нь органик бус нэгдлүүдээс бий болон тогтож болохыг л харуулдаг.
Оюун ухаант эдгээр эрдэмтэд “Хэрвээ би лабораторид амьдралыг нэгтгэж чадаж байгаа бол дараа нь би эхэнд амьдрал бий болоход ямар ч оюун ухаан шаардлагагүй байсан гэдгийг батлах болно” гэж ярьдаг. Үнэндээ эсрэгээрээ, тэдний туршилтууд амьдралыг бүтээхэд оюун ухаан зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг батлах гэсэн энгийн оролдлогууд юм.
Хэрвээ бид Миллерийн туршилтыг анхааралтай ажиглах юм бол, тэрээр үүнийгээ амьдралын хувьсал гэж буруу хаягласныг нь харах болно. Тэрээр хийн холимогийг (аммиак, устөрөгч, метан болон усны уур) аваад тэдгээрийн дотуур цахилгаан цэнэгийг гүйлгэсэн юм. Тэрээр үүнийг хийхдээ хэдэн сая жилийн тэртээ дэлхийн агаар мандлыг бүрдүүлж байсан байх хэмээн өөрийнхөө таамагласан хийн холимогоо сонгож аваад түүн дотуур цахилгаан цахисны үндсэн дээр амьдрал бий болсон гэсэн таамаглалаа батлахыг оролдсон юм. Үр дүнд нь, тэрээр амин хүчлийн (amino acid) холимгийг гаргаж авсан. Амин хүчлүүд бол протейнүүдийг бүрдүүлдэг бүрдэл хэсгүүд бөгөөд протейнүүд нь амьд системийг бүрдүүлдэг бүрдэл хэсгүүд гэж тооцогддог учир Миллерийн туршилт нь хэдэн сая жилийн өмнө амьдрал тохиолдлоор бий болсны баталгаа гэж сүр дуулиантайгаар зарлагдсан билээ.
Гэвч ийм дүгнэлтийг хийхээс татгалзахад хүргэж буй асар олон хүчин зүйлүүд энд гарч ирдэг:
1. Миллерийн туршилтандаа хэрэглэсэн шиг хийнүүд хэзээ нэгэн цагт дэлхийн агаар мандлыг бүрдүүлж байсан гэх баталгаа огт байхгүй юм.
2. Миллерийн туршилтанд гарч ирдэг дараагийн асуудал нь тэрээр ямар ч хүчилтөрөгч байлгахгүй байхаар онцолсон. Хэрвээ хүчилтөрөгч байсан бол амин хүчил хэзээ ч бий болохгүй юм. Гэсэн ч хэрвээ хүчилтөрөгч дэлхий дээр байгаагүй бол озоны давхарга ч мөн байгаагүй болж таарна. Хэрвээ озоны давхарга байгаагүй бол хэт ягаан туяа агаар мандалд нэвтэрч амин хүчлийг бүрдэв үү, үгүй юу түүнийг шууд л устгах болно. Тиймээс хувьслын онолчид иймэрхүү маягаар дүгнэлт гаргахын тулд дараахь хоёр арга замын аль нэгийг сонгохоос өөр аргагүй болоод байгаа билээ: эхнийх нь, амин хүчлүүд хүчилтөрөгчтэй агаар мандалд бий болсон, хоёр дахь нь амин хүчлүүд хүчилтөрөгчгүй агаар мандалд устгагдсан.
3. Дараагийн гарч ирж буй асуудал нь амин хүчлүүдийн “гар” гэж нэрлэгдэх хүчин зүйлтэй холбоотой юм. Нүүрстөрөгчийн атом өөр атомуудтай нэгдэх арга замаас нь хамаарч амин хүчил нь баруун-гарын төлөв, зүүн-гарын төлөв гэсэн хоёр төлөвт оршдог. Таны баруун, зүүн гарыг тэдгээрийн хөгжлийн төвшнөөс хамааралгүйгээр хүндэтгэлд зүйрлэн хэрэглэдэг шиг (зөв баруун мутар, баруун жигүүр г.м.), амин хүчлүүдийн хоёр төлөв ч мөн тийнхүү зүйрлүүлэн нэрлэсэн хэрэг юм. Бүхий л амьд системд зөвхөн зүүн-гарын амин хүчил л оршин байдаг. Гэтэл Миллерийн туршилтаар зүүн-гарын болон баруун-гарын амин хүчлүүд тодорхой харьцаатай хольц байдлаар үүссэн. Амьд системд зөвхөн зүүн-гарын амин хүчлүүд л байдаг учир энэхүү хольц нь амьд системийн хувьсалд огт хэрэгцээгүй юм.
4. Химийн хувьслын онолчдод тулгардаг өөр нэгэн голлох асуудал амьд системүүдэд агуулагддаг мэдээллийн эх сурвалж юм. Хүний генд агуулагддаг мэдээллийн тоо хэмжээний талаар олон янзаар ярьдаг ч эдгээрийн хэмжээг зүйрлэвэл тус бүртээ зуу зуун хуудас бүхий мянган мянган номын жагсаалтыг энэ мэдээлэл бүрдүүлж чадах юм. Энэ мэдээлэл хаанаас бий болсон байж таарах вэ? Санамсаргүй тохиолдол мэдээллийг хэзээ ч бий болгож чадахгүй. Энэхүү ажиглалтыг хожим нь Кардиффын Их Сургуулийн (Cardiff University) профессор Ср.Фред Хоиле (Professor Sir Fred Hoyle) болон түүний хамтрагч профессор Чандра Викрамасингхе (Professor Chandra Wickramasinghe) нар хийсэн бөгөөд дүгнэж хэлбэл хувьслын онолчид бидэнд хогийн хашаан дундуур хуй салхи дайран өнгөрөхдөө асар том тийрэлтэт онгоцыг бий болгож чадна гэдэгт итгэхийг ятгаж байгаатай л адил зүйл юм.
Дээр дурдсан асуудлууд нь лабораторид амьдралыг бүтээсэн гэдэг нь амьдралаас хол тасархай зүйл бөгөөд химийн хувьслын онолчид амьгүй химийн биетүүдээс санамсаргүйгээр амьд системүүд бий болоогүйг бидэнд харуулж байна. Цаашилбал, амьд эсийн бөөмөнд агуулагддаг асар их хэмжээний мэдээллүүд нь амьд системүүд нь амьгүй химийн биетүүдээс хувьсан бий болох боломжгүй болохыг харуулж байна. Амьд системүүд яагаад оршин байгаад өгч болох цорын ганц тайлбар бол “тэд бүтээгдсэн” гэх тайлбар юм.
3. Биологийн хувьсал: Нэгэн өвгийн үр удам уу?
Амьтдын бүтцийг судалдаг шинжлэх ухааны оноосон нэр нь харьцуулсан анатоми юм. Амьтдын төрлүүдийн биеийн бүтцийг өөр хооронд нь харьцуулан судласнаар тэднийг нэгэн өвгөөс гаралтай гэдгийг батлаж чадна гэж үздэг байна. Ингэснээр энэ нь хувьсал явагдсан гэдгийг батлах хүчтэй нотолгоо болно гэж үзсээр иржээ. Гэсэн ч бидний харж байгаагаар харьцуулсан анатомийн шинжлэх ухаан нь эсрэгээр бүх зүйл бүтээгдсэн гэдгийн нотолгоо л болж өгдөг.
Адууны яснууд бидний яснуудаас тэс ондоо. Гэвч адилтгаж болох нэгэн зүйл нь хэрвээ бид хүний араг ясны бүтцийг сайн мэддэг бол адууны яснуудыг ч бас төвөггүй нэрлэж чадна. Хэрвээ бид саламандер гүрвэлийн, матрын, шувууны эсвэл сарьсан багваахайн араг ясыг судалсан бол бас үүнтэй адилхан үйлдэж чадна. Гэхдээ зөвхөн араг яс ч төдийгүй булчин шөрмөс, зүрх, элэг, бөөр, нүд , уушиг, хоол боловсруулах систем гээд өөр бусад анатомийн бүтцүүд ч хоорондоо төсөөтэй юм. Энэ зүйлийг л хувьслын онолчид эдгээр олон төрлийн амьтад бүгд нэгэн өвгөөс гаралтайн баталгаа гэж тайлбарладаг.
Биологийн сурах бичгүүдэд харьцуулсан анатомийг зураглахдаа ихэвчлэн хэрэглэдэг сонгодог жишээнүүдийн нэг бол хоёр нутагтнууд, мөлхөгчид, хүн, шувууд, сарьсан багваахайнууд болон дөрвөн хөлт адгуусан амьтдын урд мөчнүүдийн харьцуулалт юм. Энэ зураглалаас эдгээр зургаан өөр төрлийн амьтдын урд мөчний дээд хэсэг нь (бугалганы хэсэг нь) нэг ястай, доод хэсэг нь (тохойн хэсэг нь) хоёр яснаас бүрдсэн байгааг нь харж болно. Гэтэл сарьсан багваахайн хувьд энэ хэсэг нь нэг л ястай байдаг.
Хувьслын онолчид эдгээр бүтцүүд нь үйл хөдлөлд төдий шаардлагатай биш байж болох ч бүтэц болон уг гарвалын хувьд адил төстэй байгаагаас эдгээрийг нэгэн гомологийнх (өөр өөр организмуудад нэгэн өвөгтэй буюу хувьсан өөрчлөгдсөн гэж таамаглаж болохуйц бүтэц болон анатомийн байрлал (ижил үйлдэлтэй байх албагүй) нь ижил төстэй байх явдал, тодорхойлолтыг http://www.biology-online.org/dictionary/Homologous – оос авав С.Б.) гэж хэлж болно гэж заадаг. Харин уг гарвалын энэхүү санааг хэр нарийвлалтайгаар ийнхүү тодорхойлсныг нь энд өгүүлье. Төстэй бүтэцтэй учир сарьсан багваахайн далавч саламандер гүрвэлийн урд мөчтэй гомологи юм гэж үзээд, эдгээр нь нэгэн уг гарвалтай хэмээн дүгнэсэн байна. Гэсэн ч хэдийгээр адил үйлдэл хийдэг ч гэлээ сарьсан багваахайн далавчийг шавьжны далавчтай гомологи юмаа гээд, эдгээр нь нэгэн уг гарвалтай гэж дүгнэх боломжгүй юм. Хоёр бүтэц хоорондоо төстэй байлаа гээд эдгээр нь нэгэн өвөгтэй гэсэн үг биш ээ.
Организмуудын төстэй байдлын төвшин нь тухайн организмуудын төрөл зүйлийн холбооны төвшинг илтгэдэг гэсэн ганц төсөөлөл дээр хувьслын онолчдын учир зүйн дотоод гаргалгаа нь суурилдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь ямарваа амьтад өөр хоорондоо ижил төстэй харагдаж байвал тэд хоорондоо тун ойрын холбоотой (хувьслын онолын үүднээс) ба хэрвээ тэдгээр нь өөр хоорондоо тийм ч адилхан харагдахгүй байвал тэд холын холбоотой гэсэн үг юм. Гэвч энэ бол зөвхөн төсөөлөл.

Бүтцийн энэхүү гомологи чанар нь үнэндээ нэгэн зохион бүтээгчтэй гэдгийн (дизайнертай гэдгийн) баталгаа юм. Энэхүү зураглалд өгсөн хэт хялбарчилсан дээрх тайлбарын эсрэгээр сээр нуруутан амьтдын урд мөчнүүд нь дээрхтэй адилгүй байдаг. Онцолбол, мэлхийний хурууны яснууд нь нахиа шиг гадагшаа дэлбийж хөгждөг байхад хүнийх дотогшоо хумийж хөгждөг байна. Гэхдээ яснуудын иймэрхүү уялдаатай байдал нь эдгээрийг нэгэн өвөгтэй гэдгийн баталгаа гэсэн үг биш ээ.2
Үнэндээ, юмс яагаад адилхан харагддагийн логикийн учир шалтгаан нь эдгээр нь нэгэн оюун ухаант зохиогчоор нийтлэг зураг төслийг (blueprint) ашиглан бүтээгдсэн явдал юм. Энэ бол Тоёота, Форд 2-ын машинууд хоорондоо яагаад тийм адилхан харагддагийн шалтгаан юм. Тэдгээр нь нийтлэг төлөвлөлтийн дагуу бүтээгддэг. Тэднийг сайтар ажиглавал та үүнийг олж харна. Гэсэн ч амьд байгалийн хувьд үүсдэг асуудал нь ихэнх тохиолдолд дээрх хоёр тайлбарын (ө.х., хувьслын онол болон бүтээлийн онол) аль аль нь логик авцалдаа сайтай харагддаг бөгөөд ихэнхдээ аль нь илүү боломжит тайлбар вэ гэдгийг хэлэх аргагүй мэт байдаг. Тиймээс бид аливаа баримтыг аль үзлийн дагуу тайлбарлаж байна вэ гэдгийг ойлгох нь чухал юм.
Гэсэн ч нэгэн өвгөөс бүгд гаралтай гэдэг хувьслын үзэл санааг логикийн авцалдаагүй, учир дутагдалтайг батлах нэгэн нээлт хийгджээ. Энэ нээлт нь гомологийн мэт харагдаж буй бүтцүүд нь ихэвчлэн гомологийн бус генүүдийн хяналтан доор хөгждөг гэсэн зүйл юм. Хэрвээ бүтцүүд нь нэгэн эх сурвалжаас гаралтай гэвэл мөн ижил генүүд тэдгээр бүтцүүдийг бий болгож байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл үнэндээ тэдгээр бүтцүүд нь төстэй (эсвэл гомологийн) харагдаж байгаагийн шалтгаан нь Дарвины хувьслаас болсон хэрэг биш ээ. Энэ нь нэгэн өвөгтэй гэхээсээ нэгэн Бүтээгчтэй гэж үзэх нь илүү логик гаргалгаа сайтай, учир зүйн үндэслэлтэй зүйл юм.
Өдгөө олон хувьслын онолчид яс, булчин шөрмөс гэх мэтийн том бүтцүүдийг хувьслын баталгаа хэмээн андуурч байснаа хүлээн зөвшөөрч эхлээд байгаа ч амьд системүүдэд агуулагддаг цогц органик молекулуудын хоорондох гомологийг илрүүлсэн хэмээн шинээр асуудал дэвшүүлж эхлээд байна. Тэдгээрийн нэг нь цусны улаан бөөмд хүчилтөрөгчийг тээгч протейн болон гемоглобин юм. Энэ протейн нь бараг бүх сээр нуруутан, бас зарим сээр нуруугүй амьтдаас (өтнүүд, далайн од, хавтаст хясаанууд болон шавьжнууд), мөн зарим бактеруудаас ч олдсон. Химийн үүднээс ямар ч нөхцөлд молекулуудын ижил төрлүүд иж бүрэн, бүрэн хамааралтай байлаа гээд үүнд хувьслын нотолгоо байхгүй юм. Хэрвээ хувьсал явагдсан байлаа гэхэд гемоглобин хэрхэн хөгжиж ирснийг зураглах нь боломжтой болж таарна. Гэвч үүнийг зураглаж чадахгүй. Харин бүтээлийн онолчийн хувьд, гемоглобин нь иж бүрэн, бүрэн хамааралтай байдаг нь Бүтээгч үүнийг Өөрийн төлөвлөгөөнийхөө аль ч хэсэгт хэрэглэж болохоор тооцоолсных юм.
Алдагдсан холбоосууд
Монгол хэлнээ чулуужсан үлдэгдэл, малтмал хэмээн буулгадаг англи хэлний fossil хэмээх үг нь “малтаж гаргасан зүйл” гэсэн утгатай fossilis гэдэг латин үгнээс гаралтай үг юм. Өдгөө энэ үг нь чулуун давхаргуудад хадгалагдан үлдсэн эртний амьд биетүүдийн ул мөр, ором, чулуужсан бие, шарил гэсэн утгаар хэрэглэгдэж байна. Энэ нь амьтан болон ургамлын иш, навч, хуяг, яс, шүд зэрэг хатуу хэсгүүдийн үлдэц байж болохоос гадна бас арьс, өтгөн ялгадас зэрэг зөөлөн хэсгүүдийн үлдэц, мөн хөлийн мөр зэрэг тухайн амьтны амьддаа үлдээсэн ул мөр нь байж болдог. Бүх тунамал чулуулгуудаас олддог бүх чулуужсан үлдэгдлүүдийн хувьд эдгээрийг хамтад нь чулуужсан давхарга (эсвэл бичлэг ч гэх) гэж нэрлэгддэг.
Амьд ертөнцийн үечилсэн хувьсал нь урт удаан хугацааны турш үргэлжилсэн гэж Чарльз Дарвин таамаглал дэвшүүлсэн. Хэрвээ энэ нь болсон бол та нэг төрлийн амьд биет нөгөө төрлийн амьд биет рүү шилжсэн үечилсэн хувьслын баримтыг чулуужсан давхаргаас олж харах болно. Гэсэн ч нэг амьд биетийн нөгөө амьд биет рүү шилжих үеийн “биет” чулуужсан давхаргад хадгалагдан үлдсэнгүй. Амьтны нэгэн төрөл доторх олон зүйлүүдийн жишээнүүд болон олдворууд (жишээ нь, зааны, эсвэл үлэг гүрвэлийн өөр өөр зүйлүүд) олддог. Гэхдээ өөр өөр төрлийн амьтдын шилжилтийн үеийн жишээ огт байдаггүй. Бүтээлийн онолчид хийгээд хувьслын онолчдын аль аль нь тунамал чулуулгуудаас нэг төрлийн амьтан, нөгөө төрөл рүү удаан хугацаанд, аажим аажмаар шилжсэн завсрын үеийн биетүүд олдоогүйг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг арай өөрөөр хэлбэл, шилжилтийн биетүүд алдагдсан хэрэг бөгөөд үүнийг “алдагдсан холбоосууд” гэж нэрлэдэг.
Чарльз Дарвин өөрийнхөө онолыг батлах чулуужсан биетүүд байхгүй байгааг ойлгосон бөгөөд үүнийг Зүйлийн үүсэл гэж номондоо ийнхүү бичин үлдээжээ:
Завсрын үеийн биетүүд дэлхий дээр үнэхээр их хэмжээгээр хадгалагдан үлдсэн байх ёстой. Яагаад геологийн дэвшил бүрт, давхарга бүрт энэ завсрын холбоосууд байдаггүй билээ? Энэхүү органик гинжин хэлхээсийн үе бүрдэл хэсгүүдийг геологи гаргаж ирэхгүй байгаа нь миний онолыг үгүйсгэх хамгийн ойлгомжтой бөгөөд хамгийн аюултай тал юм.3
Эдгээр үгсийг бичихдээ Чарльз Дарвин шилжилтийн биетүүд байхгүй байгаа явдлыг чулуужсан давхаргын “туйлын төгс бус байдал” гэж үзсэн байна. Тэр үеэс хойш хэдийгээр хэдэн сая чулуужсан биетүүд олдсон боловч тэдгээрийн дунд шилжилтийн биетүүд байхгүй л байна. Чулуужсан давхарга нэг төрлийн амьтан нөгөө төрлийн амьтан болсон үргэлжилсэн хөгжлийг харуулахгүй байгаа бөгөөд харин ч өөр өөр төрлийн амьтад энэ нь тэрний өвөг төрөл нь, эсвэл тэр нь энэнээс үүссэн удмынх нь төрөл гээд хэлчихмээр хоорондын бүрэн хамаарал огт байхгүй өөр өөр төрлийн амьтдыг л бидэнд харуулсаар байна.
Завсрын биетүүд ихээр агуулагдсан байж магадгүй гэж таамаглагдсан газрууд чулуун давхаргад олон байдаг ч тэр дундаас онцлоод хэлчихмээр газар одоо болтол алга л байна. Учир нь тэдгээр газруудаас завсрын биетүүд гарч ирээгүй. Бүх хувьслын онолчид маш их эргэлзээтэй шилжилтийн биетүүдийн нэгэн жишээг (ө.х., адуу) маш их хэрэглэдэг. Гэхдээ ингэж хэрэглэхдээ тэд маргахын аргагүй мянган мянган жишээнүүдийг бидэнд үзүүлэх учиртай. Cetacean (халимнууд, дельфинүүд, далайн гахайнууд), sirenia (ламантинууд, дугонгууд, далайн үхрүүд), pinnipedia (далайн арслангууд, далайн хавнууд, далайн морьнууд), имжнүүд, сарьсан багваахайнууд, тэмээлзгэнүүд болон аалзнууд зэрэг зарим илүү этгээд төрлийн амьтдын чулуужсан биетүүдийн тухайд үүнийг бүр илүү онцолмоор байна.
Зарим чулуужсан биетүүдийг хүний хувьслын шилжилтийн биетүүд гэж нэрлэдэг. Ийнхүү алдагдсан холбоос хэмээн хамгийн ихээр нэрлэж буй биетүүдийг дараах гурван бүлэгт хуваадаг: мөхсөн мич, одоо ч байгаа мич, хүн. Дараах хүснэгтэнд тэдгээрийн ангилал хийгээд шинжлэх ухааны нийтлэг нэрүүдийг үзүүллээ.
Нэр |
Энэ нь юу вэ?* |
Australopithecus afarensis, жишээ “Lucy” | Мөхсөн мич |
Australopithecus africanus | Мөхсөн мич |
Australopithecus boisei | Мөхсөн мич |
Australopithecus robustus | Мөхсөн мич |
Pan troglodytes болон Pan paniscus (шимпанзе) | Одоо ч байгаа мич |
Gorilla gorilla болон Gorilla beringei (горилла) | Одоо ч байгаа мич |
Pongo pygmaeus болон Pongo abelii (орангутан) | Одоо ч байгаа мич |
Ramapithecus | Мөхсөн мич (мөхсөн орангутан) |
Homo habilis | Энэ ангилалыг хүний болон мичний чулуужсан биетүүдийн холимог гэж хэлдэг |
Homo floresiensis | Хүн (тарваган хүн, одой хүн) |
Homo ergaster | Хүн |
Homo erectus, жишээ “Peking man” болон “Java man” | Хүн** |
Homo neanderthalensis (Neanderthals) | Хүн |
Homo heidelbergensis | Хүн |
Homo sapiens (орчин үеийн болон эрт дээр үеийн) | Хүн |
* Эдгээр чулуужсан биетүүдийн үнэн зөв ангилал нь үнэн зөв эхлэлийн цэг дээр тулгуурлах учиртай. Зарим чулуужмалууд ангилагдаагүй байгаа. Хүн гэж нэрлэгдсэн зарим нэг нь (Homo heidelbergensis, Homo erectus, г.м.) үнэндээ өөрчлөлт хэлбэлзлийг (variation) үзүүлдэг боловч тэд бол хүн юм. Энэ нь бас өөр өөр төрлийн мичнүүдийн хувьд ч хамаатай. Хувьслыг бус өөрчлөлт хэлбэлзлийг бид Библийн тодорхой өгүүлж буй бичээсүүдээс олж харж болно.
** Энэ хоёр ангиллын ихэнх хэсгүүдийн хувьд анатомийн хувьд хүнтэй төстэй. Гэвч Homo erectus ангилалд багтсан олон тооны олдворууд нь хүн гэхээсээ илүү мич дүрст (apelike) олдворууд байдаг. Эдгээр мич дүрст олдворуудыг дахин ангилах шаардлага зүй ёсоор гарч ирээд байгаа.4
Алдагдсан шилжилтийн биетүүдийн олдворууд олдоно гэж “найдах”-аас өөр сонголт хувьслын онолчдод байхгүй нь ойлгомжтой.
Шинэ төрлийн амьтдын хувьсал гэж үү?
Чарльз Дарвин Галапагосын арлуудаар аялж ирэхдээ өөр өөр арлуудад байдаг өөр өөр төрлийн шувуудыг авч ирсэн байна. Тэрээр тэдний өөр өөр хэлбэртэй хошуунуудыг ажиглаад энэ нь тэдний хооллох нөхцөл байдалд нь гайхалтай дасан зохицсоныг олж ажиглажээ. Энэхүү ажиглалтандаа тулгуурлан эдгээр шувууд нь урьд нэгэн цагт эдгээр арлуудад нисэн ирж нутагшсан хос шувууны юм уу, эсвэл сүрэг шувуудын үр удам бөгөөд аль арал дээр нутагшин, юугаар хооллож байснаасаа шалтгаалан байгалийн шалгарлаар ийнхүү хошуунууд нь өөр өөр болон хөгжжээ хэмээн Дарвин дүгнэсэн байна. Эдгээр энгийн ажиглалтууд болон дүгнэлтүүдээрээ Дарвин зөвхөн зүйлүүдийн хувьслын санааг төдийгүй химийн биетүүдээс химийн хувьсал явагдсан гэсэн санааг ч хөгжүүлсэн юм.
Гэхдээ өөр өөр арлуудаас олдсон, өөр өөр төрлийн хоол хүнстэй, өөр өөр хошуунуудтай эдгээр шувуудын талаар Дарвин чухамдаа юу ажигласан болохыг бид тодорхой ойлгох ёстой. Тэрээр юуг санал болгосон юм бэ? Эдгээр шувууд нь нэгэн хос шувууны юм уу, эсвэл нэгэн сүрэг шувуудын үр удам хэмээн тэрээр санаагаа дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, эдгээр шувууд нь шувуудаас гаралтай бөгөөд тэд өөрийн төрлийн үр удмаа үлдээсэн гэж тэрээр санаагаа дэвшүүлжээ. Энэ бол Эхлэл 1-р бүлэг дээр Библийн өгүүлдэг зүйлтэй яг таг авцалддаг юм.
Түүнээс энэ нь хэн ч урьд үзэж харж байгаагүй нэг төрлийн амьтан болон ургамал нь тэс өөр төрөл уруу хувьссаныг харуулж байгаа хэрэг биш ээ. Хэдийгээр Дарвин ингэж хувьссан гэж санал дэвшүүлсэн ч үүнийг ажиглаагүй. Эхлэл 1-р бүлэгт Библийн цохон тэмдэглэснээр ургамлууд хийгээд амьтад нь өөрийн төрлийн үр удмаа үлдээнэ гэснийг батлах мянган мянган төрлийн ургамал, амьтад өдгөө ч дэлхий дээр оршсоор байна.
Ургамал, амьтад өөрийн төрлийн үр удмаа үлдээдгийг бид ажигладаг. Чарльз Дарвин ч мөн Галапагосын арлуудын шувуудаас үүнийг л ажигласан. Жишээлбэл, бид Брассикагийн олон янзын соортуудыг хардаг. Буржгар байцаа, бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа зэрэг нь бүгд зэрлэг Brassica oleracea-гийн соортууд юм. Цаашилбал, төрөл зүйлийн өөр нэгэн төгс жишээ бол монгол банхараас эхлүүлээд спаниель, терриер, бульдог, герман хоньч ноход, ирланд хоньч ноход гээд хэдэн зуун зүйлийн ноход юм. Эдгээр нь бүгд хоорондоо болон чононуудтай, цөөвөр чононуудтай, австралийн зэрлэг ноходтой, талын чононуудтай үржилд орох чадвартай юм. Учир нь эдгээр нь бүгд Ноагийн хөвөгч авдарт орон усан галваас амьд үлдсэн нохойн төрлийн хоёр төлөөлөгчийн үр удмууд билээ.
Дүгнэлт
Библи хувьслыг заадаггүй болохыг бид харлаа. Хувьслын онолчдын лабораторийн нөхцөлд амьд системүүдийг бүтээх гэсэн бүтэлгүйтсэн оролдлогыг эс тооцвол химийн хувьсал болон их тэсрэлтийн хөдөлшгүй нотолгоо огт байхгүй. Амьд системүүдийн бүтцийн ижил төсөөтэй байдал нь нэгэн өвөгтэй гэхээсээ илүү нийтлэг нэгэн загвартай гэдгийн баталгаа болдог гэвэл илүү үнэмшилтэй юм. Чулуужсан амьд биетүүдийн хэдэн тэрбум олдворуудаас амьд биетүүдийн үндсэн төрлүүдээс өөр төрөл рүү шилжин хувьсах үеийнх болов уу гэж хэлмээр нэг ч олдвор олдоогүй.
Хэдийгээр байгалийн шалгарал (байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлдэгдсэн) болон зохиомол шалгарлаар (үржигчдээр үйлдэгдсэн) ургамал, амьтдын өөр өөр төрлүүдийг төрөл дотор нь үлэмж олон зүйл, соортууд болгон өсгөн үржүүлжээ. Харин нэг төрлийн ургамал, амьтнаас шал төрөл бий болно гэдэг боломжгүй болох нь батлагдсан юм. Үржил хэзээ ч нэг төрлөөс нөгөө төрөл уруу “хил” давж байсангүй. Иймэрхүү хувьсал хэзээ ч ажиглагдаагүй юм. Энэ зүйлийг хувьслын онолч профессор Ричард Давкинс цохон тэмдэглэсэн бөгөөд тэрээр ярилцлагадаа хувьслыг ажиглан судалсан талаар дурдаад “Яг ийм процесс явагдсан гэхээр зүйл өдгөө хүртэл ажиглагдаагүй”5 хэмээн нэмж хэлсэн байна.
Тэмдэглэл
1. T. Mortenson, Evolution vs. creation: the order of events matters! www.answersingenesis.org/docs2006/0404order.asp
2. G. Johnson and P. Raven, Biology, Holt, Rinehart, and Winston, Austin, Texas, 2006, 286.
3. C. Darwin, The Origin of Species, Penguin Books, London, 1968, 291.
4. For more on supposed human evolution, see chapter 4, “Did humans really evolve from ape-like creatures?” in K. Ham et al., War of the Worldviews, Master Books, Green Forest, Arkansas, 2006.
5. www.pbs.org/now/transcript/transcript349_full.html#dawkins.
Монгол хэлнээ хөрвүүлсэн: С.Баатарзул ( baatarzul_s@yahoo.com )
www.miss.mn