-Он солигдох мөч ойртож байна. Таны хувьд луу жил хэр өгөөжтэй байв?
-Уран бүтээлийн олз омог ихтэй жил боллоо. Манай театр дотроо зургаан ангитай. Театрын нүүр царай болсон гоцлол дууны анги маань 60 жилийн ойгоо энэ онд тэмдэглэлээ. Ойдоо зориулж хэдэн даацтай ажил хийсний нэг нь Зууны манлай, Ардын жүжигчин Х.Уртнасан гуайдаа зориулсан хүндэтгэлийн тоглолт байсан. Театрын эмэгтэй дуучид эл тоглолтыг хамтран зохион байгуулсан юм. Мөн өнгөрсөн сард Ж.Вердийн “Риквием”-ийг сэргээн тавьсан. Миний хувьд уг дуурийн гол дүрд амжилттай дуулж шинэ оноо угтаж байна. Мөн өвчин зовлонгүй, эрүүл энх аж төрсөн сайхан он боллоо.
-“Торго” загварын шоуны үеэр Таны дуулахыг сонссон. Сүүлийн үед урилга их ирж байна уу?
-Олон биш ч гэсэн дуулаад өгөөч гэсэн саналууд ирсэн. Энэ жил албан байгууллагууд шинэ жилээ бололцоогоороо тэмдэглэж байгаа байх. Харьцангуй хэмнэлтийн байдалтай байна.
-Шинэ оноо ажлаа хийгээд гадуур угтах тохиолдол гардаг байх. Энэ жил шинэ оноо хаана угтахаар төлөвлөж байна вэ?
-Охинтой болохоосоо өмнө шинэ оноо найзуудтайгаа угтдаг байсан. Харин охинтой болсноосоо хойш ямар ч ажилтай байсан шинэ оноо гэр бүлийнхэнтэйгээ угтана гэсэн уриатай болсон шүү. /инээв/ Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд шинэ оноо угтвал сайхан биз дээ. 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Алтан сарнай” наадамд дуулсан. Тэр үед бушуухан дуулчихаад явах юмсан гэж л бодсон. 31-нд өөр ажил хийсэн ч гэр рүүгээ санаа зовсон, яарсан байдалтай байдаг. Гэртээ байж чадахгүйдээ өөрийгөө буруутгаад хэцүү байдаг юм. Тиймээс 31-нд ямар ч урилга ирсэн авахгүй гэж өөртөө амласан. Түүнээс хойш гурван жил гэр бүлийнхэнтэйгээ хуучин оноо үдэж, шинэ жилээ угтаж байна даа.
-Охиндоо өгөх бэлгээ авч амжсан уу?
-Охиныхоо бэлгийг авсан. Охин маань цэцэрлэгийнхээ цасан охин болж байгаа. Тиймээс хөөрхөн даашинз, туфль гээд хэрэгтэй зүйлийг нь авсан. Харин одоо титэм авах л дутуу байна. Өнөөдөр /өчигдөр/ ажлынхаа заваар титэм авна даа. Ер нь манай охин их даруухан. Бүтэшгүй юм хүсдэггүй. Хааяа “Ээж ээ, надад тийм юм авч өгөөрэй” гэж хэлчихээд дахиж нэхдэггүй. Би ч нэхүүлээд байлгүй охиныхоо хүссэн зүйлийг аваад өгчихдөг юм.
-Та айлын ганц охин. Шинэ жилээр гоё бэлэг авдаг байсан байх?
-Бидний үед том, гоё бэлэг гэсэн ойлголт байсангүй. Социализмын үед айл бүр бараг адилхан хангамжтай байсан. Харин шилжилтийн юм ховор үед “Би чамд хайртай” киноны Үрлээгийн унагаадаг цаасан ууттай амтат жүржийг авах юмсан гэж мөрөөддөг байлаа. Яагаад ч юм тухайн үеийн амтат жүрж их гоё байж л дээ. Хааяа ганц ширхэг амтат жүрж олдвол дүү нартайгаа хувааж иддэг байсан. Гэхдээ нийгэм тийм байсан ч мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Багадаа юу хүсдэг байснаа санаж байна. Тиймээс охиныхоо бодлыг өөрөө хэлэхээс нь өмнө таачихдаг. Охид болгон багадаа нэг зүйлийг мөрөөддөг. Тиймээс охиндоо өөрийнхөө үзээгүй зүйлийг үзүүлж, харуулахыг хичээдэг юм.
-Охиндоо мэргэжлээ өвлүүлэх бодол бий юу?
-Дуурийн дуучин болно гэдэг амаргүй. Зорилгодоо хүрсэн сайн уран бүтээлч болоход хувь хүнээс их хөдөлмөр, хүч, золиос шаарддаг. Тийм болохоор охиноо өөрийнх нь хүссэн мэргэжлийг эзэмшүүлнэ. Хэдийгээр би ямар нэгэн зүйлийг зохиослохгүйгээр ажил, амьдралаа зохицуулаад явж байгаа ч амрах хугацаа олддоггүй муу талтай. Би охиныхоо хүсэл мөрөөдөлд нөлөөлөхийг хүсэхгүй байна. Гэхдээ миний охин урлагийн өндөр мэдрэмжтэй. Бага байхын л олон зүйл дээр ажиглагдсан. Би ямар ч хүн урлагийн тодорхой мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс охиноо балетын дамжаанд сургаж байгаа. Мөн төгөлдөр хуураар хичээллүүлэх бодол бий. Харин аав нь хэлний сургуульд оруулна гээд шийдчихсэн гэсэн.
-Та охиноо хэзээ дүүтэй болгох вэ?
-Миний охин он гараад таван нас хүрнэ. Айлын хүүхдүүдийг харахад тав, зургаан насны зөрүү байхад аятайхан байдаг юм шиг санагдсан. Дүүтэй болохоороо хажуунаас хормойдоод байхгүй байх. Ээждээ туслаад ойр зуурын ажилд туслах боломжтой болно. Тиймээс театрынхаа 50 жилийг өнгөрөөгөөд энэ тухай бодно.
-Уран бүтээлч хүний хань чухал үүрэгтэй байдаг. Амьдралын багана болсон ханиа танилцуулаач?
-Ц.Чинбат гээд залуу бий. Ханьтайгаа Болгарт суралцаж байхдаа танилцаж амьдралынхаа замыг холбосон. 11 жил ханилахдаа миний мэргэжлийг ойлгож, надад урам зориг өгсөн. Миний хамгийн дотнын зөвлөгч юм даа.
-Таны шинэ жилээр авсан хамгийн том бэлэг юу вэ?
-2009 оны арванхоёрдугаар сарын 31-нд Монгол Улсын гавьяат жүжигчин эрхэм хүндтэй цолыг авсан. Энэ л миний хамгийн дурсамжтай шинэ жил юм даа.
-Театрын шинэ жил их онцлогтой болдог байх?
-Ер нь уран бүтээлчид шинэ жилээр их ачаалалтай байдаг. Тиймээс шинэ жилээ ихэвчлэн өдөр тэмдэглэдэг. Даруухан, аятайхан баяр болдог шүү. Тэгээд ч орой тэмдэглэе гэхээр уран бүтээлчид энэ тэнд ч “халтуур”-тай байдаг болохоор ирдэггүй юм. Дээрээс нь жил бүр байгууллагын хөдөлмөрийн аварга, шилдгийг тодорхойлдог. Би 2007 онд театрынхаа шилдгийн шилдэг уран бүтээлчээр шалгарч байлаа. Ингээд бодохоор миний амьдралын мартагдашгүй сайхан баяр, дурсамж шинэ жилтэй холбоотой байдаг .
-Одоо ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар бэлтгэж байна. Таныг өвөрмөц загвартай даашинз оёулахаар захиалга өгсөн гэсэн?
-Арванхоёрдугаар сарын 29-нд “Оюутолгой” компанийн шинэ жилд дуулах урилга ирсэн. Тэдний баяр их өвөрмөц болдог. Энэ жилийн үдэшлэгийн зохиомж нь зөгнөлт сэдэвтэй юм байна лээ. Тиймээс үдэшлэгт ирэх зочид яг харь гаригийн гийчин шиг хувцаслана. Тэгээд өвөрмөц орчинд дуулж байгаа учраас тухайн орчинд нь таарсан даашинз оёулж байгаа юм. Харин театрын хувьд удахгүй 50 жил болно. Мөн хувийн уран бүтээлээ нэг шат ахиулж үзэгчдэдээ хүргэх бодолтой байна. Энэ нь бас театртаа барих миний бэлэг болох байх.
-Дуурийн дуучин тайзан дээр дуулахаас гадна жүжиглэдэг. Дуулахын зэрэгцээ жүжиглэнэ гэдэг амаргүй биз?
-Энэ бол бидний ажлын онцлог. Тэгээд ч багынхаа мөрөөдлийг биелүүлж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг. Хэрвээ ийм байгаагүй бол “Би жүжигчин болох байсан” гэсэн харуусал сэтгэлийн мухарт үлдэх байлаа. Би өөрт оногдсон дүрээ амилуулахдаа эхлээд дуугаа хоолойдоо дасгадаг. Харин найруулагчтай ажиллаж эхлэхдээ жүжиглэлтдээ анхаардаг.
-Та ямар дүрд тоглох дуртай вэ?
-Үзэгчид эерэг талын дүрд хайртай байдаг. Хүмүүс Хоролмааг хорчин гээд эсрэг талын дүр гэдэг. Харин би Хоролмааг хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн эмэгтэй гэж боддог. Үзэгч тухайн дүрийг яаж хүлээн авч байна гэдгээс их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр миний хувьд тийм дүр гоё, муу гэсэн ойлголт байдаггүй. Надад сэтгэл хөдлөл ихтэй дүр л сайхан санагддаг.
-Дуурийг хүн бүр ойлгодоггүй. Зарим үзэгч дуучны хөдөлгөөн, хөгжмийн аялгуугаар ойлгодог. Энэ утгаараа дуурь сэтгэлийн урлаг юм болов уу?
-Драмын театрт ч сонгодог бүтээл тавигддаг. Бидний уран бүтээл тэднээс дуулалт, симфони оркестртойгоороо ялгаатай. Хөгж- мийн зохиолч маань дууныхаа агуулгад тохирсон сайхан ая хийдэг. Тэр нь үзэгчдэд шууд хүрдэг. Зарим үед дуучнаас их сэтгэл хөдлөл шаарддаг. Өөрийн эрхгүй хөгжмөө сонсоод огшоод явчихдаг шүү. Тухайн үед мэргэжлээрээ бахархдаг. Хэр баргийн хүний мэдэрдэггүй аугаа мэдрэмжийг хүртдэгээрээ би азтай хүн.