Халдварт шар өвчний 80 орчим хувь нь A вирусээр тээгдэн халдварладаг байна.
Тиймээс өнгөрсөн оноос эхлэн А гепатитын вакциныг товлолд оруулжээ. А гепатитын вакциныг товлолд оруулснаар халдварт шарын тархалт багасна гэж үзэж буй гэнэ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч. Уртнасангаас тодрууллаа.
-Халдварт шар өвчний А гепатитын вакциныг товлолд оруулсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шар өвчнийг үүсгэдэг найман төрлийн вирус байдаг. Үүний В вирусын вакцинийг манайх 1990 оноос хийж эхэлсэн. Вакцины товлолд оруулаад бараг 20-иод жил болж байна. Тийм учраас В вирусын эсрэг дархлаажуулалт 20 хүртэлх насныханд хангалттай тогтсон. Дараагийнх нь A хүрээний вирус гэж бий. А хүрээний вирусын эсрэг вакциныг манайх 2007 оноос тодорхой хүн амын бүлэг ялангуяа төв суурин газарт байдаг илүү өвчлөмтгий насны хүүхдүүдээс сонгож хийж байсан. Харин 2012оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд А вирусын эсрэг вакциныг товлолд оруулаад хүүхдүүдэд хийдэг болсон. Энэ оны сүүлээр нэмэлт халдвар судлалын заалтаар A вирусын вакциныг хийсэн.
Товлолд оруулснаас бусад насны, А гепатитаар өвчлөөгүй, А-гийн вакцинаар өмнө нь тариулаагүй 2-14 насны хүүхдүүдэд энэ вакциныг тарих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Ингээд A, В хүрээний вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ үндсэндээ өвөрмөц сэргийлэлтийн байдлаар хийгдэх болсон. Үүний зэрэгцээ бусад төрлийн шарын вирусууд хүн амын дунд тархмал байдаг. Үүнээс сэргийлэх вакцины асуудал одоохондоо шийдэгдээгүй байна. Гэхдээ энэ халдвараас сэргийлэх, эсэргүүцэх өвөрмөц арга хэмжээнүүд бий.
-Тухайлбал ямар арга хэмжээ авч байна вэ?
-A, В вирусаас бусад С, Д зэрэг вирусын халдвар эсэргүүцэх арга гэвэл зүү, тариур ариун байх, нэг удаагийн зориулалтаар нь хэрэглэх, мөн цусанд тавих хяналт, цусны дотор эрхтэнүүдэд хийх шинжилгээ сайн байх. Иргэдийн зүгээс арьс салстаа гэмтээхгүй байх, найдвартай биш эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй ялангуяа гоо сайхны жижиг мэс ажилбар хийдэг гоо сайхны газруудыг зөв сонгож үйлчлүүлэх шаардлагатай.
-Товлолд орсон A, В гепатитын вакциныг ямар насны хүүхдүүд хийлгэдэг вэ?
-В гепатитын вакциныг хүүхэд төрөнгүүт 24 цагийн дотор хийнэ. Дараа нь дархлаа сэргээх зорилгоор гурван удаа тарьдаг. А гепатитын вакциныг хүүхдэд хоёр удаа тарьж байгаа. Ой гурван сартайд, ой найман сартайд нь хоёр удаа тариулаад насан туршдаа хамгаалагдана гэж үзэж байгаа.
-А гепатитын вакцин товлолд ороогүй байхдаа төлбөртэй байсан. Одоо төлбөр төлөх үү?
-Төлбөртэй хийх вакцины асуудал харьцангуй багасна. Яагаад гэвэл гол өвчлөмтгий насны хүүхдүүдийг товлолд оруулсан. Дээрээс нь товлолд ороогүй насны хүмүүсээ шүүгээд халдвар судлалын заалтаар 14 хүртэлх насны хүүхдүүдэд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн вакцинд хамруулж байгаа. Ойролцоогоор 150-аад мянган хүүхдүүдэд энэ вакцин хийж байгаа учраас цаашдаа А гепатитын вакциныг тариулах нь түгээмэл болохгүй. Хүмүүс өөрсдөө хүсвэл тариулж болно.
-Тэгэхээр А вирусын халдварлалт их байдаг гэсэн үг үү?
-Шарын халдварын 80 гаруй хувь нь А гепатит байдаг. А гепатитын эсрэг вакцин харьцангуй үнэтэй, техник эдийн засгийн нөхцөл бүрдээгүй байсан учраас хожуу товлолд орж байгаа юм.
-А вирусын халдвар үүсэх шалтгаан юу вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Халдварлах зам нь ам, хоол боловсруулах зам, бохирдсон зүйлүүдээр дамждаг. Өвчлөл ихэнхдээ ариун цэврийн дадал хэвшил сайн тогтоогүй бага насны хүүхдүүдэд илүүтэй тохиолдож байна.
Нийслэл таймс