“Apple” компани гар утасныхаа гадаргууны өнгийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд энэ оны тав юм уу, зургадугаар сард “iPhone 5” гар утасны дараагийн хувилбар “iPhone 5S”-ийг худалдаанд гаргахаар болжээ.
Тэгвэл шинэ гар утасны гадаргуу олон өнгийн сонголттой байна гэж “Brian White of Topeka Capital Markets” компанийн сайтад бичсэн байна. Тэнд өгүүлснээр “iPhone 5S” ягаан, шар, цэнхэр, цагаан саарал, хар хөх гэх мэт өнгөтэй байх аж.
Гэхдээ “Apple” компанийн хувьд одоогоор туршилтын шатандаа явж байгаа “iPhone 5S”-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй. Нийт найман өнгөний сонголттойгоор худалдаанд гаргаж магадгүй гэнэ.
Шинэ “iPhone”-ий дэлгэцний хэмжээ өмнөх загваруудаас өөр, үнийн хувьд хямд, ус нэвтэрдэггүй гадаргуутай гэж технологийн сайтуудад урьдчилсан таамаглал гарчээ. Гэвч “iPhone 5” худалдаанд гарахаас өмнө олон арван сонирхолтой таамаг гарсан ч тэр хэмжээнд дөхөж технологийн гайхамшгийг харуулж чадаагүй билээ.
Т.Арьяа /Time.mn/