Цалин цагаанаас эхлээд тослог туяа бүхий шаргал цагаан хүртэлх энэ өнгөний бүх төрөл 2012 оны өвлийн загварт ноёрхож байна. Цасны туулай, цасан хатан, андрогин зэрэг энэ өнгөөр давамгайлсан янз бүрийн сэдэвтэй загваруудыг тайзнаас олж харж болохоор байлаа.
1. Цасан хатан-Хүүхэлдэй кино, үлгэрт цасан цагаан өнгийг үргэлж ямар нэг сайхан зүйлийг дүрслэхдээ ашигладаг. Цагаан өнгөний онгон танхил, гүнжийнх шиг эрхэмсэг чанарыг энэ намар өвлийн загваруудад ч бас ашиглажээ.
2. Түүнчлэн энэ өвөл давамгайлж байгаа готик хэв маягийг дагаад, цасан хатаны хүйтэн мөртлөө “төгс” дүрийг ч бас загварын ертөнц хулгайлсан байна. Pucci-гийн шоун дээр урт шулуун даашинзыг, мөсөн өнгөт үслэг эдлэлтэй хослуулсан нь Нарниагийн хуучин удирдагчийг санагдуулам байгаа биз? Sonia Rykel, Nina Ricci-гийн коллекцод үлгэрийн өнгө аясыг цагаан өнгийн хээт тор, зөөлөн торгомсог материалаар оруулж өгчээ.
3. Цанаар гулгахад бэлэн Хүйтний эрч чангараад ирэхэд өөрийгөө зузаан нэхмэл цамц, хөвсгөр ноосон хүрмээр хучмаар санагддаг шүү. Цанаар гулгах гэж явахдаа цасаар хучигдсан уулын өнгөнд өнгөлөн далдлагдах шилдэг арга бол цагаан өнгийн хувцас өмсөхөөс өөр шилдэг арга юу байх билээ? Peter Som, J. Mendel хоёр хоёулаа цагаан өнгийн зузаан гадуур хувцсыг коллекцдоо оруулж өгчээ. Мөн Lacoste-ын цасан цагаан спортын хослолуудыг ч чи шууд углаад уул руу явмаар санагдах вий.
4. Таальтай цагаан хувцас- Цагаан өнгийг тарган харагдуулдаг гэж хэн хэлээв? Peter Som, Zac Posen, Alexander Wang-ын намар өвлийн коллекц үүнийг эсэргүүцэж байсан. Таальтай цагаан хувцас тэр чигтээ 60-аад оны стилийг санагдуулах ч, энэ жил эргэн ирэхдээ геометрийн дүрсийн хэлбэрийг илүүтэй дагнасан байна.
5. Энэ намрын цагаан хувцасны тааль нь хар tuxedo-гоос зээлдсэн чанартай боловч, биеийн галбирыг хараас илүү тодотгож, эмэгтэйлэг харагдуулах онцлогтой аж. Өргөн өмд, дөрвөлжин мөр, нарийхан бэлхүүсний хослол гээд төсөөл дөө? Энэ төрх нь бүхэлдээ ёс журамтай, хатуу чанд эмэгтэйн дүрийг илтгэх ч, цагаан өнгө нь өөрийн ялдам байдлаараа үүнийг зөөллөнө.
6. Цагааныг юутай хослуулах вэ? Цагаан трендийг дагахдаа энэ өнгийг өөрийнхөө шүүгээнд хэрхэн таниулж болоход суралцах хэрэгтэй. Цагаан өнгө юутай ч гайхалтай хосолдгоороо алдартай ч, дараа жилийн 3 сар хүртэл үргэлжлэх хүйтний улиралд энэ өнгөтэй хамгийн сайхан зохих хоёр өнгийг танилцуулъя.
7. Цагаан ба алтлаг шаргал Цагаан өнгийн хослолоо алтлаг шаргалаар өнгөлвөл чи ямар тансаг дээд зэрэглэлийн харагдахаа төсөөлж байна уу? Алтлаг товч, алтлаг будалт, алтлаг хүзүүний зүүлт гээд юугаар ч хувцаслалтандаа алтан туяа нэмж болно.Jil Sander , Alexander Wang-аас жишээ аваарай.
8. Цагаан ба хар Энэ классик хослол өөрийн дур булаам байдлаа хэзээ ч алдахгүй байх. Цагаан өнгөний олон төрлийг хослуулж өмсөөд, хар гутал, хар бээлийгээр хүч нэмж болно. Хар даашинзан дээр цагаан өнгийн блейзэр өмсөх ч бас тун давгүй санаа. Хувца загварын арга билэг болох хар цагаан өнгөөр хүссэнээрээ тоглох эрх чамд бий. Уйтгартай л байж болохгүй гэдгийг сана!
GOOLINGOO.MN