… Нэг их цас мөс болоогүй хэрнээ хүйтэн жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр байлаа. Хотын төвөөс нэлээд зайдуу оршуулгын газрын хаяаг залган өч төчнөөн айл өрхүүд түрэн орж иржээ. Үхэгсдийн хотод голомтоо асаасан эдгээр айл өрхүүдийн аж амьдрал нэг өөдлөхгүй байгаа мэт.
Галсангийнх энэ жил мөн “Үхэгсдийн хот”-ын хаяаг дэрлэн буусан айлуудын тоог нэгээр нэмжээ. Эхнэр арван настай охин хоёрынхоо хамт амьдардаг тэрээр угийн сүсэг бишрэлгүй нэгэн. Санасны бодоход овоо том хашаатай болсондоо баахан олзуурхаж ирэх жилээс хэрхэн яаж одоо байгаа дээрээ нэмээд хэд хэдэн байшин барих тухай төлөвлөгөө толгойдоо зохионо. Галсан энэ жил 34 нас хүрч байгаа, өндөр нуруутай, биерхүү өндөр улаан хүрэн царайтай нэгэн аж. Шулуун цэх хамар, зоримог бээрийн бага зэрэг онигордуу нүд нь түүний бусдад таалагдах гол сэжүүр болдог болов уу гэлтэй. Түүний спорт хэлбэртэй засуулсан тачирхан үс нь өөрт нь гайхалтай зохисон байх агаад хулгар чих нь барилдаж ноцолддог нэгэн байсныг нь гэрчилнэ. Харин эхнэр Хэрлэн нь намхавтар нуруутай, давхраатай алаг нүдтэй, далыг нь даван ургаж буй өтгөн хар үстэй, тэр нь өөрт нь тун чиг зохисон царайлаг бүсгүй аж. Ийнхүү Галсангийнх шинэ газарт бууж юм хумаа цэгцэлсээр нэг л мэдэхэд харуй бүрий болжээ.
Шинэхэн барьсан байшин хэрнээ эзэн нь яагаад удаан суулгүй хямд үнээр зараад арилж өгснийг залуу хосууд огтхон ч тоосонгүй. Эхэндээ энэ хашаа байшинг худалдаж авна гэхэд Хэрлэн дургүйцэж байсан ч өөр хүнд алдахаасаа өмнө хямд үнэтэй боломжийн хашаа байшинг өөрийн болгоод авахыг илүүтэй хүссэн билээ. Хоёр давхар энэ байшин нийтдээ найман өрөөтэй бөгөөд хашааных нь буланд байх жорлон нь байшингаас нь нэлээд зайтай аж.Өвлийн улирал учраас дээд давхрын дөрвөн өрөөндөө хэрэггүй новшоо хурааж орхиод амархан халдгаар нь доод давхартаа гурвуулаа өвлийг өнгөрөөхөөр тохирчээ. Дээд давхрын тэдгээр өрөөнүүдийн хоёр нь илүү том талбайтай, харин нөгөө хоёр нь жижигхэн зайтай. Хэрвээ Галсангийнх олон хүүхэдтэй байсан бол зуны цагт дээд давхрын саруулхан том цонхтой энэ хоёр жижиг өрөөнд хүүхдүүдээ оруулах байсан нь дамжиггүй биз.
Харин доод давхрын хувьд дөнгөж үүдээр ороод баруун гар тийш эргэхэд том саруулхан галын өрөө байрлах агаад байрны хуучин эзэд яарч сандран нүүхдээ бүх тавилгуудаа Галсангийнд орхисон. Ийм гоёмсог бүх юм нь бүрдсэн гал тогооны өрөөтэй болсондоо гэрийн эзэгтэй баярлаад барахгүй байгаа билээ.Гал тогооны өрөөтэй залгаа нар мандахыг харж болохуйц цонхтой тохилог өрөөг Галсан Хэрлэн хоёр унтлагын өрөө болгохоор тохиров. Харин охин Саруул нь үүдээр ороод зүүн гар тийш эргэхэд дайралдах том жижгээрээ яг ижилхэн хоёр өрөөний нэгийг нь өөрийнхөө өрөө болгож зарлан тунхаглав. Гэхдээ Саруул аав ээжтэйгээ ойрхон, гарах үүднээс арай хол байрлах өрөөг сонгосон билээ.
Ийнхүү аав ээж охин гурав төвхнөж аваад оройныхоо хоолыг амтархан идэцгээлээ. Нүүж сууна гэдэг хэрэндээ л нүсэр ажил байдаг юм хойно аав ээж охин гурав бүр ядарч орхисноо сая анзаарав бололтой унтах гэж яарцгаалаа.Саруулын өрөөг аав ээж нь маш сайхан тохижуулж өгчээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр нь авга ах Батжаргалын нь бэлэглэсэн хүүхдийн орон дээр Саруулыг хэвтүүлж хөнжлөөр хучиж өгөөд өөрсдөө унтлагынхаа өрөөнд орлоо.
Шөнө дунд болжээ. Гадаа жавар тачигнаж салхи хүүгэхээс өөр чимээ анир үл дуулдана. Эхнэрээ тэврэн тайван нойрсох Галсан хүн дуудав уу гэлтэй гэнэт сэрлээ. Тэрээр өөрийгөө чухам яагаад сэрчихсэнээ ч сайн ойлгосонгүй. Хар дарж зүүдлэв үү гэтэл үгүй ээ, эхнэр Хэрлэн нь тайван унтсан хэвээр. Гэтэл охиных нь унтах хажуугийн зэргэлдээ өрөөнд хэн нэгэн дүнгэр дүнгэр ярих дуулдав. Энэ харанхуй шөнө чинь ганцаараа унтаж байгаа охины минь өрөөнд хэн байдаг билээ гэсэн бодол Галсангийн толгойд төрөхтэй зэрэгцэн хамаг биеэр нь цахилгаан гүйдэл гүйх шиг боллоо. Эхнэрээ сэрээх гэснээ больж хэсэг азнан чагналаа. Тэгтэл харин тэр яриад байгаа нь охин нь өөрөө бололтой. Галсан охин Саруулыгаа зүүдэлж байна гэж боджээ. Тайван босоод өрөөнийх нь хаалганд чихээ наан чухам юу яриад байгаа тухай нь сонирхов. Үнэхээр охин нь ярьж байна аа. “Зооринд муухай хүйтэн юмаа. Хэн нэг нь намайг энэ зоориноос гаргаад өгдөг ч болоосой. Би үнэхээр их даарч байна. Надад туслаач дээ” гэх нь тэр. Өөрийгөө хий юм сонсоогүй гэдэгтээ баттай итгэж байсан Галсан охиныхоо өрөө рүү ямар ч эргэлзэх зүйлгүй явж орлоо. Энэ үед сарны гэрэлд охиноо харсан Галсан цочсондоо золтой л хашхирсангүй. Үсээ задгай тавьж нүүрнийхээ өмнүүр унжуулсан Саруул унтлагынхаа хувцастай орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа. Ийм дүр зураг харна гэж санаагүй Галсан баахан барьц алдан тэмтчин байж өрөөний гэрэл асаав. Охины нүд хагас аниатай байх бөгөөд нүднээс нь нулимс асгарчээ.
“Саруулаа миний охион. Бие нь зүгээр үү? Миний охин хэнтэй яриад байгаа юм бэ, яагаад уйлчихсан юм. Одоо аав нь дэргэд нь байна” гэх зэрэг олон зүйлийг ар араас нь асуусаар Галсан охиноо тэврээд авлаа. Охинд аав нь өөрийг нь тэвэрч байна гэдгийг мэдсэн ямар ч шинж байсангүй.
“Миний охин айх хэрэггүй. Одоо аав нь охинтойгоо хамт унтах учраас битгий сандраарай” гэсээр Галсан өнөөг хэр нь сэрээгүй байгаа охиноо хөнжлөөр сайтар хучин өөрөө хажууд нь зэрэгцэн хэвтлээ. Хэдий Галсан охиныхоо өрөөний гэрлийг унтраасан ч цонхоор сарны гэрэл нэвт тусч өрөөн доторх хамаг юм ив илхэн харагдаж байв. Саруулын өрж тавьсан тоглоомын хүүхэлдэйнүүд амьд хүн шиг Галсанг цоо ширтэх мэт үзэгдэх нь цаанаа л нэг ёозгүй. Охин ч дахин зүүдэлсэнгүй. Галсан охиноо тэвэрч хэвтсээр нам унтжээ. Өглөө болж нар гарсны дараа хамгийн түрүүнд Галсан сэрэв. Охин нь юу ч болоогүй мэт тайван сайхан амарч байгааг хараад Галсан бүр тайвширч цай чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэлээ. Удалгүй эхнэр Хэрлэн нь ч түүний араас ороод ирэв.
-Миний хань сайхан амрав уу?
-Тэглээ. Харин чи ч шөнө бөх гэгч нь тайван нойрсож байсан шүү хэмээн Галсан хариулаад өглөөнийхөө цайг үргэлжлүүлэн бэлтгэлээ.
-Чи намайг шөнө сэрээгүй гэж бодож байна уу. Чамайг шөнө сэрээд Саруулын өрөө рүү явсныг чинь би нүдээ нээгээгүй болохоос мэдсэн шүү
-Өө тэгээ юу?
-Мэдсээн. Охин жаахан хар дарж зүүдлээ юу? Чамайг нэг их удалгүй хөнжилдөө эргээд ороод ирэхээр чинь би гайгүй юм байлгүй гэж санаад асуугаагүй шүү. Нойроо харамлаад л тэр байхгүй юу.
Галсан чихэндээ итгэсэнгүй. Шөнө ганц л удаа босоод охиныхоо өрөөнд тэр чигтээ тэндээ хоносон биш билүү. Эхнэрийнхээ өвөрт шөнө дахин ороогүй дээ. Тэгээд л сая босоод шууд галынхаа өрөөнд орж ирсэн гэдгээ Галсан хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байлаа. Ийнхүү Галсан хэсэг гайхснаа ам нээх гэтэл Хэрлэн түүний үгийг таслан “Үгүй ингэхэд чи шөнө бүр гадаа гарсан уу? Бие чинь цэв хүйтэн л араар ороод хэвтсэндэг”
-Үгүй ээ би гараагүй
-Худалч гэдэг нь. Ямар хүйтэн байнаа гээд л чичирхийлсэн хоолойгоор гэнгэнээд байсан биздээ. Залуугаараа хөгшрөөд орж гарснаа ч мэдэхээ байчихаа юу
Галсан юу ч хэлж чадсангүй. Хэрлэнд хэлэх гэсэн хамаг үг нь хоолой дээр нь ирээд гацчихав. Хэрлэнгийн дууны өнгө, царайнаас нь харахад тоглосон шинж ер алга. Гэтэл Саруул өглөөнийхөө цайг уух гэж яарсан хүн инээж хөөрсөөр гүйгээд ороод ирлээ. Галсан хэдий шөнийн болсон явдлыг Хэрлэнд хэлэхийг хүссэн ч ээж охин хоёр шинэ байшингийнхаа гоё сайхныг ярин инээлдээд Галсанд ярих завдал олгосонгүй. Галсангийн хоолойгоор хоол давсангүй ээ. Охин ч хичээлдээ явж харин Хэрлэн сайн цэгцэлж амжаагүй байгаа гэрийнхээ хогшилтой ноцолдоод завгүй хүн болж хувирав. Галсан эхнэрийнхээ өглөөний ярьсан, бас охиныхоо юу ч болоогүй мэт царайг толгойдоо бодон эргэцүүлж гайхаш тасраад байлаа. Уг нь ядаж охин нь “шөнө аймар муухай хар дарж зүүдэллээ” гэж өглөө хэлнэ гэж тооцоолж байсан хэдий ч өнгөрсөн шөнийн тухай бүр огтхон ч дурсаагүй. Эхнэр нь ч гэсэн өөрийг нь гадаа гарсан юм уу хаашаа юм гэж асууж байдаг. Учир нь миний бие цэв хүйтэн байсан гэнэ. Би Хэрлэнгийн хөнжилд ороогүй дээ. Тэгэхээр эхнэр зүүдэлсэн хэрэг. Гэтэл бас тийм биш ээ, намайг босоод охины өрөө рүү орохыг нүдээ нээгээгүй хэдий ч мэдсэн гэсэн. Тэгвэл энэ гэрт бид гурваас өөр хүн байна уу, Хэрлэнгийн өвөрт хэн оров. Энэ мэт бодлууд Галсангийн толгойд хөвөрсөөр хариуг нь олж дөнгөсөнгүй. Сүүлдээ бүр өөртөө ч эргэлзэх шиг болж бухимдаж эхлэх нь тэр. Ингэсээр эцсийн эцэст Галсан энэ бүхнээ эхнэр охин хоёртоо хэлэх ямар ч шаардлагагүй гэж үзээд ор тас мартахаар шийдлээ.