Нийслэл хотын хүн ам жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж, өнөөгийн байдлаар нэг сая хоёр зуу гаруй хүн амьдарч байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам тал хувийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой түргэн тусламж авах иргэдийн тоо жил бүр өсч байгааг салбарынхан онцолдог.
Тэгвэл өнгөрсөн онд нийт 204701 дуудлагад үйлчилжээ. Үүнийг 2011 оны мөн үетэй харьцуулж үзэхэд, 23167 буюу 11.3 хувиар нэмэгдсэн байгаа аж. 0-16 насны Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн дуудлагыг 103 дугаарын шугамаар энэ оны нэгдүгээр сарын 4-ний 08.00 цагаас эхлэн 24 цагаар хүлээн авч үйлчлэхээр боллоо.
Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарын утсаар авах болсныг мэдээгүй байгаа иргэд үйлчлүүлчдийг чирэгдүүлэхгүйн үүднээс өмнө нь дуудлага авч байсан Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн 70150052, Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн түргэн тусламжийн 685065 дугаарын утсаар энэ сарын 31-нийг хүртэл дуудлагыг давхар хүлээн авах юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх салбарууд ирсэн дуудлагад насанд хүрэгчдийн, хүүхдийн гэсэн ялгаагүйгээр үйлчлэх аж. Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа яаралтай тохиолдолд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн баг үйлчилнэ гэдгийг өчигдөр албаныхан онцлов.
Цаашид дүүргүүдэд салбар төвүүдийг байгуулна. 2013-2014 онуудад Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт нийслэлийн түргэн тусламжийн төвийн салбарыг барьж ашиглалтад оруулах гэнэ. Ингэснээр тус дүүргүүдэд хүүхдийн түргэн тусламжийг үнэ төлбөргүй дуудах боломж бүрдэнэ.
Г.Золбоо
Нийгмийн толь