Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөнгөж төрсөн нярай хүүхдийг түлж, гэмтээсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сайд Н.Удвал, “Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эрүүл саруул төрөөд, сувилагчийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж түлэгдэж, эрүүл мэндээрээ хохироод эмчилгээ хийлгэж байгаа хүүхдийн гэр бүлийнхнээс нийт салбарынхаа нэрийн өмнөөс уучлалт гуйж байна. Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж нэг ч монгол хүний эрүүл мэнд, амь нас хохирох ёсгүй гэж анх сайд болохдоо хэлж байсан.
Аймгийн эмнэлэг бүр дэргэдээ эмнэлэг үйлчилгээний чанар аюулгүй байдлын зөвлөл ажиллуулах сайдын тушаал 11 дүгээр сард гарсан. Баянхонгор аймаг руу холбогдоход эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж бүрэн байсан. Хамгийн гол нь гүйцэтгэлийн стандарт горимыг алдаж, нярай хүүхдийн эрүүл мэндэд хор хохирол учруулсан байна. Мэргэжлийн удирдлагаас ангид болсны харгай гэж бодож байна. Хариуцлага алдсан эмч, сувилагч болон тухай үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хариуцлага тооцох, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах албан даалгаврыг Баянхонгор аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Бүх эмнэлгийн байгууллагууд энэ алдаан дээрээс сургамж авч өнөөдрөөс эхлэн чанар аюулгүй байдлын зөвлөлийг ажиллуулж, алдаа гарахаас өмнө сэргийлж сур гэдгийг хэлмээр байна. Ийм хариуцлагагүй хайнга байгааг яаж ч зөвтгөж чадахгүй” гэсэн юм.
ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Баттөгс, “2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 14 цагт дөрөв хоногтой нярай Баянхонгор аймгаас биеийн байдал маш хүнд байдалтай ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн газарт ирж үзүүлсэн. Ууц, хоёр өгзөг, хоёр хөл, гуя, хөлийн тавхайгаар түлэгдсэн, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй, биеийн 50-55 хувь нь түлэгдсэн, түлэгдлийн шоктой, хордлогын байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт халдварын эсрэг, хордлого тайлах, биеийн дотор эрхтэний үйл ажиллагааг дэмжих, боолт эмчилгээг хийсэн. Өнөөдөр өглөө 10 цагт ЭХЭМҮТ-ийн нярайн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилж байна. Эрт үеийн болон хожуу үеийн хүндрэлүүд байдаг. Гуравдугаар зэргийн түлэгдлийн хувьд арьс, зөөлөн эд, булчингийн хэсэг түлэгддэг, гүн түлэгдэл, цаашид сорвижиж эдгэнэ. Үүнээс болж хүндрэлүүд гарч болно, ярихад эрт байна” гэв.
ЭХЭМҮТ-ийн эмчлэгч эмч н.Энхтуяа “Нярай хүүхдийг гадаад орчинд дасан зохицуулах, арьсыг халдвараас сэргийлэх, нуралт холголтоос сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах, захын цусны эргэлтийг сайжруулах зорилгоор усанд оруулдаг. Усны температур 36-37 хэмтэй байх ёстой. Усны халууныг сувилагч тохойгоо усанд дүрж шалгах ёстой. Хүүхдийг усанд оруулах стандарт байдаг. Дөнгөж төрсөн нярайг угаах олон улсын стандартыг зөрчсөн байсан. Одоо бид хүүхдэд үзүүлэх ёстой бүх тусламжийг үзүүлж байгаа. Одоогоор дутагдсан эм тариа байхгүй. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Эмчилгээ тасралтгүй хийгдэх болно” гэлээ. Хариуцлага алдсан сувилагчид орон нутагт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Ж.Болор