“Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир”
Манайд жилд дунджаар 70 мянга орчим эх амаржиж, үрийн зулай үнэрлэдэг гэсэн тоо бий. Гэвч хүүхдийг эхийн сүүгээрээ хооллох тохиолдол төдийлэн хангалтгүй байдгийг эмч нар шүүмжилдэг. Тэгвэл Хоол судлалын тэргүүлэх эрдэмтэн М.Оюунбилэг, Хоол судлалын төвийн захирал Ж.Батжаргал нарын хамтран бичсэн “Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир” номыг та бүхэнд танилцуулж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор хүүхдийн амьдрах чадвар сайжирч, эхийн эрүүл мэндэд ч тустайн сацуу төрөлтийг ч холдуулдаг болохыг сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар тогтоожээ. Мөн эхийн сүүгээр хооллосон хүүхэд угжаар өсгөсөн хүүхдээс оюуны чадавхын түвшин өндөр, аливаа зүйлд хандахдаа тайван, биеийн өсөлт, хөгжил сайтай байдаг аж. ДЭМБ-ын судалгаагаар хөгжиж буй орнуудын нялхасын эндэгдэлийн нэг шалтгаан нь суулгалт өвчин болон амьсгалын замын өвчнөөс шалтгаалдаг аж. Жишээ нь, эхийн сүүгээр хооллосон 100 хүүхдийн нэг нь, угжаар өссөн 100 хүүхдийн 20 нь суулгалтаар өвддөг гэжээ. Түүнчлэн угжаар өсгөсөн хүүхэд насанд хүрээд таргалах, чихрийн шижингээр өвчлөх магдалал өндөр байдаг гэнэ. Мөн хөхөөр хооллосон хүүхдийн эхийн эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй байдгийг тогтоосон дотоод, гадаадын судалгаа бишгүй. Тиймээс залуу эхчүүд тус номыг ширээний номоо болгож, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, хүүхдээ хөхөөр зөв хооллох талаар суралцах боломжтой юм.