ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтон эрүүл мэндийн байдлаасаа үүдэн удаан хугацаагаар чөлөөлөгдсөнийхөө дараа өчигдөр ажилдаа орлоо. Түүнийг эргэн ирсэнд зориулан ажилтнууд нь хөөр баяр болон хүлээн авч, америк хөлбөмбөгчний хамгаалалтын дуулга бэлэглэсэн байна.
Клинтон нь эрүүл мэндийн дараалсан бэрхшээлийн улмаас бүтэн сар ажилдаа ирээгүй билээ. Эхлээд ходоодны халдвар авсан бол дараа нь тархи нь хөдөлж, эцэст нь шинэ жилийн өмнөхөн түүний тархины хатуу хальсан дахь судсанд тромб буюу цусны бүлэн үүссэн байгааг эмч нар илрүүсэн билээ. Тэрбээр эмнэлгээс энэ сарын 3-ны үдэш гарчээ.
Хамтран ажиллагчид нь түүнийг сэтгэл хөдлөм байдлаар хүлээн авсны дараа Төрийн нарийн бичгийн дарга ажилдаа шууд орлоо хэмээн Төрийн департаментын хэвлэл мэдээллийн албаны дарга Виктория Нуланд хэлэв. Албан газар дээрээ ажлын уулзалтууд зохиохоос гадна ойрын өдрүүдэд тэрбээр Цагаан ордонд зөвлөлдөх уулзалтад оролцох юм. Вашингтонд айлчлах Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай пүрэв гарагт хэлэлцээ хийж, Карзайд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад мөн оролцох юм.
Даргынхаа эрүүл мэндийн байдлын талаар асуусан асуултуудад Нуланд болгоомжтой хариулж байв. Тэрбээр зөвхөн Хиллари нь эрч хүч дүүрэн, сэргэлэн цовоо, өнгө зүс сайхан харагдаж байна хэмээн давтан хэлж байлаа. Харин эмч нарын зөвлөсөн ёсоор гадаадад хийх айлчлалаасаа одоогоор татгалзах ажээ.
Төрийн департаментын өглөөний хуралдаанд 75 орчим хүн оролцсон нь жирийн үеийнхээс нэн олон байлаа хэмээн Нуланд мэдэгдэв. Тус яамны бүх удирдлага, Төрийн нарийн бичгийн даргын хоёр орлогч болох Билл Бернс, Том Найдс нар бүгдээрээ хуралдаанд оролцжээ.
Угтагсад Хиллариг алга ташин угтан авсан байна. Найдс түүнд америк хөлбөмбөгчний тоглолтын хувцас бэлэглэсэн аж. Тэр үеэр Найдс нь “Дипломатч гэдэг бол өөрөө мөн л “биеэрээ хүрэлцдэг спорт” юм хэмээжээ. Мэдээж хамгаалалтын дуулга нь ямар зориулалттай нь ойлгомжтой хэрэг. Харин футболкны хувьд гэвэл нуруун дээр нь эзэгтэй Хилларигийн нэрийг бичиж, өвөр талд нь “112” гэсэн дугаарыг байрлуулсан байв. Энэ тоо бол Америкийн дипломат албаны удирдагчийн ажлынхаа шугамаар зочлон очсон улс орны тоо юм.
Хатагтай Клинтон одоо өөрийнхөө загамжлагч Жон Керрид ажлаа хүлээлгэн өгөхөд бэлтгэж байна. Тэд утсаар бараг завсарлагагүй харилцаж байгаа аж. Өнөөдөр Төрийн департаментад Керри хүрэлцэн ирээгүй аж.
С.Амар
montsame