Өвлийн спортын төрөлд багтдаг кёрлинг 1511 онд үүссэн ч Ази тив тэр дундаа манай улсад харьцангуй хожуу буюу 2011 онд байгуулагджээ. Энэ спортын төрлийг Монголд хөгжүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх зорилго тээн ажиллаж буй Монголын кёрлингийн холбоо энэ оноос эхлэн кёрлингийн үндэсний шигшээ баг бүрдүүлж эхэлсэн байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ононтой шинэ спортын талаар болон шигшээ багийн бүрэлдэхүүний талаар ярилцлаа.
-Кёрлингийн спортын талаар мэдээлэл өгөөч. Манай улс спортын шинэ төрөл өлгийдөн авч байгаа юм байна?
-Энэ спортыг эх орондоо хөгжүүлж, танин мэдүүлэх ажлыг эхлүүлээд удаагүй байна. Кёрлингийг 2011 оны хоёрдугаар сараас хөгжүүлж эхэлсэн. Улмаар дотоодын бэлтгэл, холбооны зохион байгуулалтаа жигдэлсэн. Ингээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхийн Кёрлингийн холбооны 49 дэх гишүүнээр элсээд байна. Шинэ Зеландын Насеби хотод болсон Ази Номхон далайн орнуудын Кёрлингийн Холбоо /АНДОКХ/-ны Ерөнхий Ассамблейд оролцсоноор манай улс кёрлингийн тив, дэлхийн бүх тэмцээнд оролцох эрхтэй болсон. Манай улсаас Монголын кёрлингийн холбооны ерөнхийлөгч С.Нацагдорж оролцож, албан ёсны гишүүнээр элссэн.
-Шигшээ багийн тамирчдаа хэрхэн бүрдүүлэв. Ямар шаардлага тавьсан бэ?
-Кёрлингийн дүрэмд нэг багт дөрвөн гишүүн тоглодог. Бид юун түрүүнд шигшээ багаа бүрдүүлэхийн тулд сар гаруй хугацаанд хөтөлбөр зарласан. Гэхдээ эхлээд эмэгтэй багийн гишүүдээ сонгосон. Эрэгтэй баг хараахан бүрдээгүй байна. ЭМШУИС-ийн оюутан Г.Хонгорзул, МУИС-ийн ЭЗС-ийн оюутан Г.Оюун-Эрдэнэ, мөн Б.Онон миний бие, ҮБДС-ийн спорт тоглоомын ангийн оюутан Жаргалсайхан нар анхны шигшээ багийг бүрдүүлсэн. Энэ спортоор хичээллэхийн тулд нас, хүйс, мэргэжил харгалздаггүй. 50 гаруй насны хүн ч тоглодог.
-Кёрлингийн шигшээ багт багтах хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэж ойлгох нь зөв үү?
-Тийм ээ. Мэдээж спортын тодорхой эв дүй, чадвар, тэсвэр, хатуужилтай байх ёстой болов уу. Хэрэв энэ спортод сонирхолтой, мөрөөдөлтэй хүн байвал тэдэнд бид нээлттэй гэдгийг хэлэх ёстой.
-Энэ спортыг хөгжүүлэхэд хөрөнгө зардал, бэлтгэлийн талбай зэрэг асуудлууд хэр байдаг юм бол?
-Одоохондоо бэлтгэлийн талбай байхгүй учир саяхан Хятадын Харбин хотод очиж мэргэжлийн бэлтгэл хийгээд ирсэн. Олимпийн алтан медальт, кёрлингийн Хятадын үндэсний шигшээ багийн баг, тамирчид биднийг таатай хүлээн авсан. Улмаар нээлттэй бэлтгэл хийж, кёрлингийн спортын талаар туршлага солилцсон.
-Харбинд бэлтгэл хэрхэн хийсэн бэ. Тодорхой мэдээлэл өгөөч?
-Хамтарсан бэлтгэл Харбин хотын биеийн тамирын дээд сургуулийн материаллаг баазад тулгуурлан явагдсан. Тус сургуулийн удирдлагууд болоод кёрлингийн шигшээ багийнхан Монголын баг тамирчдыг элгэмсэг дотноор хүлээн авч, бүхий л бололцоогоороо туслаж дэмжихээ амласан. Тодруулбал, хамтарсан бэлтгэлийн гурав дахь өдөр манай тамирчдын бэлтгэл сургуулилалттай танилцахаар тус сургуулийн ерөнхийлөгч, ОУ-ын оюутны спортын холбооны шайбтай хоккейн хорооны дэд ерөнхийлөгч, доктор профессор Жу Жи Чиан бусад удирдлагуудын хамтаар хүрэлцэн ирсэн.
-Бэлтгэлийн талбай, хувцас хэрэглэлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Энэ оны гуравдугаар сард кёрлингийн мэргэжлийн хиймэл мөсөн талбай барихаар бэлтгэл ажилдаа орсон. Шинэ Засгийн газрын ССАЖЯ шинэ спортын төрлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаа амласан. Тиймээс дэлхийн кёрлингийн холбоо болон яамны зүгээс хөрөнгө, санхүү гэхчлэн зайлшгүй шийдвэрлэх асуудалд бодит туслалцаа үзүүлэх юм. Хувцас хэрэглэл, зардлын хувьд тийм их биш. Нэг сая төгрөгийн үнэтэй мэргэжлийн гутал байгаа. Гэхдээ бид хямдхан, тэмцээнд өмсөж болох зориулалтын хувцас хэрэглэлээр хангагдах боломжтой.
-Энэ спортыг нийгэм хэрхэн хүлээж авч байна вэ. Танилцуулах, сурталчлах асуудлыг хэрхэн хийж байна?
-Холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш нийгэмд тодорхой хэмжээнд мэдээлэл хүрсэн. Кёрлинг гэдэг спорт мөсөн дээрх оюун ухааны спорт. Мөсний шатар, тактикийн тоглоом ч гэж ярьдаг. Байн дээр чулуугаа хэрхэн байрлуулах, мөсөн дээр яаж чулуугаар тоглох гэхчлэн анхаарах, мэргэжлийн зүйл олон бий.
-Гол хэрэглэл нь чулуу юм байна?
-Тийм ээ. Ойролцоогоор 20 гаруй кг жинтэй чулуу байдаг. Энгийн чулуу бус Шотландын нэгэн уулнаас гаргаж авдаг магнит нэртэй чулуу юм. Тиймээс хүссэн чулуугаар хийж болдоггүй.
-Олон улсад кёрлинг спортоор тэргүүлдэг ямар улс байдаг вэ?
-Европчууд кёрлингийн спортыг маш хурдацтай хөгжүүлсэн. Тэртээ 1511 онд үүссэн учир олимпийн төрөлд багтахын тулд хол зам туулсан нь тодорхой. Дэлхийн кёрлингийн холбооны ерөнхийлөгчийг Кейт Кейтнес гэдэг. Канад, Шотланд, Швед, АНУ, Швейцарь гэх мэт улс энэ спортод өндөр ач холбогдол өгдөг. Саяхан кёрлингийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн төрөлд Шведийн баг түрүүлсэн. Ази тивд Хятад нэгдүгээрт бичигддэг. Дараа нь Өмнөд Солонгос, Япон, Шинэ Зеланд зэрэг улс бий. Мэдээж бид тэдний араас хүч түрэн орж ирж байгаа.
-Манай улс энэ спортыг хөгжүүлэх, цаашид тавих зорилго юу вэ?
-Юун түрүүнд мэргэжлийн мөсөн талбай барих ажлыг түргэвчилнэ. Дараа нь шигшээ багаа бүрдүүлж, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд хүч үзэх зорилготой. Бид Сочигийн олимпод хараахан багтах бололцоо хүрэхгүй байх. Шилдэг 16 баг бүрдүүлдэг учир 49 улсаас өрсөлдөхөд бэлэн биш байна. Гэхдээ ямар ч байсан энэ төрлөөр олимпод оролцох чансаатай баг гаргах нь бидний хэтийн зорилго.
-Хэрэв энэ спортоор хичээллэх сонирхолтой хүн байвал танай холбоонд хандах хэрэгтэй болов уу?
-Тууштай, амжилт гаргах чин сонирхолтой ямар ч насны хүнтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Манай холбоо спортын төв ордны 304 тоотод байрладаг.
Эх сурвалж: “Өглөөний сонин”